Таван жил гаруй хугацаанд сунжирч буй “Анод”-ын гэх хэрэг 2008 оноос эхэлсэн түүхтэй. Эл хэрэг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хоёр жил шалгагдсаны эцэст хэдхэн хоногийн өмнө анхан шатны шүүхээр шийдвэрлэгдлээ. Баянзүрх дүүргийн шүүхээс “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарт найман жилийн хорих ял, Н.Даваа, Гүйцэтгэх захирал асан Л.Уламбаярт зургаан жилийн хорих ял, Ганбаатар, Н.Оюунцэцэг нарт тус бүр таван жилийн хорих ял ногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийхээ араас Өршөөлийн тухай хуульд хамруулж Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын ялыг таван жил, Н.Даваа, Л.Уламбаяр нарт оногдуулсан ялыг гурван жил, Ганбаатар, Н.Оюунцэцэг нарт оногдуулсан ялыг тус бүр хоёр жил болгон буурууллаа. Харин тэд давж заалдах эрхтэйгээ байгаа. Тиймээс давж заалдах шатны шүүх эцсийн шийдвэрийг гаргаж хэдэн жил хоригдох эсэхийг нь “тодорхойлно”.
Харин хохирогчдын хохирлыг барагдуулах үүднээс Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Н.Даваа нарын хувийн хаусыг хурааж дуудлага худалдаанд оруулах юм. Харин Н.Даваагийн хаусны асуудал шүүхийн шатанд явж байгаа гэх. Өөрөөр хэлбэл түүний хаусыг хураах, дуудлага худалдаанд оруулах эсэх асуудал яригдаж байгаа аж.
“Анод”-ын удирдлагуудын холбогдоод буй 116 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах дээрх эрхмүүдийн хувийн хаусыг дуудлага худалдаагаар худалдлаа гэхэд дээрх 116 тэрбум төгрөгийн гурван тэрбумыг нь барагдуулах боломжтой гэж байгаа.
Эдгээр хаус нь Зайсан толгой дахь Зайсангийн гудамжны 76Б тоот, 76В тоот хаягт байрлах хауснууд. Эдгээр хаус нь 600 орчим метр квадрат талбайтай бөгөөд уг хаусыг Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нар бариулсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Анод”-ын удирдлагууд банкны мөнгөөр тансаг зэрэглэлийн хаусыг бариулсан гэх. Ёстой л “Анод” банк мандан бадарч байх үед Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Н.Даваа нар хаустай болох мөрөөдлөө биелүүлсэн гэж байгаа. Тиймээс эл хаусыг хурааж нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар болсон байна. Дуудлага худалдаагаар худалдах хаусны эхлэх үнэ нь тус бүрдээ 852 сая төгрөг гэхээр ямар зэрэглэлийн хаус вэ гэдэг нь ойлгомжтой байх биз.
Үүнээс гадна дээрх эрхмүүд УИХ-д нэр дэвшин тус банкны мөнгөөр хэсэг туйлсан бололтой.
“Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз Э.Гүр-Аранз нь 2008 оны УИХ-ын сонгуульд Завхан аймагт нэр дэвшсэн. Тэрбээр сонгуулийн сурталчилгаандаа нисдэг тэрэг ашиглаж нийслэл хот, Завхан аймгийн хооронд хөлөө газар хүргэлгүй явдаг байсан гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Үнэхээр өглөө энд, орой тэнд гэдэг шиг хот, хөдөөгийн хооронд өдрөөр “гороо” хийн тангсаглаж явсан удаатай.
Мөн “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваа Иргэний хөдөлгөөний намын дэд даргын албыг хашиж мөн л сонгуульд хүч үзэн хөрөнгө хаяж байсан түүхтэй нэгэн.
Г.Одон

Сэтгэгдэл ( 0 )