Мэдээллийн сайтуудын ассоциацийн тэргүүн, "Чухал.мн" сайтын эрхлэгч Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Мэдээллийн сайтуудын уншигчдын сэтгэгдлийг зохицуулах тогтоолыг Засгийн газраас саяхан гаргасан. Үүнийг Мэдээллийн сайтуудын ассоциаци яаж хүлээж авч байна вэ?
-Мэдээллийн сайтуудын сэтгэгдлийг улс орон бүр өөр өөр байдлаар зохицуулсан байдаг. Нээлттэй зарчмаар явдаг нь ч бий. Манайх шиг иргэнийхээ эрхийг уландаа гишгэж регистр, утасных нь дугаараар эзнийг нь тогтоохоор хуульчилсан газар Хятад л байдаг. Үүнийг бид Үндсэн хуулиар олгогдсон иргэний хэлэх эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа. Мөн сайт гэдэг тухайн эзнийх нь өмч. Тиймээс өмчид нь төр халдаж байгаа хэрэг болж байна. Сэтгэгдлийг бүртгэлтэй холбохдоо мэдээллийн сайтуудад программ байршуулах юм гэсэн. Энэ нь өрхийн эзэн танихгүй хүнд гэрийнхээ түлхүүрийг хувилаад өгсөнтэй адил явдал юм. Тиймээс манай сайтуудын ассоциаци эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан. Тэгэхэд Ерөнхий сайд мэдээллийн сайтуудын эрхлэгчдийг хүлээж авч уулзахаар болсон. Очиход Ерөнхий сайд өөрөө ирээгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Мэдээлэл шуудан, харилцаа, холбоо, технологийн газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Балгансүрэн нар байсан. Бид эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхэд Ч.Сайханбилэг дарга "Биднээс илүү төгс шийдэл олчихоод ир. Тэгэхгүй бол тогтоол явдгаараа явна. Балгансүрэн, Ц.Жадамбаа хоёрт үүрэг өгчихсөн байгаа. Ажил эхэлсэн" гэж байна лээ.
-Тэгээд та бүхэн ямар санал гаргав. Ер нь заавал бүртгэлжүүлэхгүйгээр сэтгэгдлийн хүн доромжлох хэсгийг зохицуулах боломж бий юу?
-Харилцаа холбооны зохицуу¬лах газрын өмнөх дарга нь сайтууд дээр IP хаяг гаргая. Сэтгэгдлийг нь шүүлтийн системд оруулъя гэж байсан юм. IP хаяг гэдэг нь хаанахын ямар компьютерээр хэн оров гэдгийг тогтоож болдог процесс юм. Харин шүүлтийн систем нь иргэдийн сэтгэгдэл дунд байгаа муу үгийг блоколж уншигчдад харагдуулахгүй байх асуудал. Тэгээд Ч.Сайханбилэг даргад IP хаягийг илүү боловсронгуй болгож, шүүлтийн системийн үгийг мянган үгтэй түүнээс ч олон үгтэй болгоё гэсэн. Үүнээс өөр төгс шийдэл одоохондоо байхгүй.
-Ийм ажил хийх гэж байгаагаа та бүхэнд урьдчилан мэдэгдсэн үү. Ер нь хүмүүсийн хэдэн хувь нь гүтгүүлж, хэдэн хувь нь магтуулдаг юм бол?
-Мэдээлэл шуудан, харилцаа, холбоо, технологийн газрын дарга Ц.Жадамбаа томилогдсон даруйдаа Мэдээллийн сайтуудын ассоциацийн удирдлагуудтай уулзах гэсэн юм, ир гэсэн. Очиход "Сайтын сэтгэгдлийг бүртгэлжүүлэх ажил хийж байгаа. Үүнийг их ойрын хугацаанд хийнэ. Бараг л маргааш гэхэд шийдчихсэн байх хэрэгтэй байна" гэсэн. Тэгэхэд нь "Ийм юм байж болохгүй. Регистрийн дугаараар иргэдийн сэтгэгдлийг зохицуулах боломжгүй. Тэгээд ч бид 30 гаруй сайтуудын өмнөөс шийдвэр гаргах эрхгүй" гэдгээ хэлсэн. Үүнээс гадна сайтуудын сервэрийг "Дата" төв дээр нэгдсэн байдлаар байрлуулахаар болж байна гэдгээ ч мэдэгдэж байсан. Үүнийг нь бид мөн л эсэргүүцсэн. Бид өмчөө хаана байрлуулах нь эрхийн асуудал гэдгээ тайлбарлахад "Шийдвэрээ одоо гарга, энэ бол улсын нууцтай хамааралтай хэрэг учраас цааш нь тарааж болохгүй" гэж тулгаснаар тухайн уулзалт ямар ч зөвшилцөлд хүрч чадалгүй тарсан юм. Хоёр талаас ажлын хэсэг гаргахаар болж тохиролцсон ч түүнээс хойш уулзаж ярилцсан юмгүй өнөөдрийг хүрлээ. Гэтэл ажлын хэсэг байгуулагдаагүйгээр барахгүй Засгийн газрын тогтоол гарчихлаа. Ямар ч судалгаа хийгээгүй байдаг. Хэдэн хувь нь магтуулж, хэдэн хувь нь доромжлуулж, хэдэн хувь нь эх сурвалж болдгийг хэн ч мэдэхгүй.
-Та бүхэн иргэдийн хэлэх эрх чөлөөнд халдлаа гэж үзэж байгаа юм байна. Харин Засгийн газрынхан арай өөр тайлбар хэлж байсан?
-Сэтгэгдлийг яагаад ингэж хянах гээд байгаа юм бэ гэдэг асуудал яалт ч үгүй урган гарч байна. Мэдээж Засгийн газраас тайлбарлахдаа "Бид хянах гээгүй. Зөвхөн эзэнтэй болгох гэж байна. Сэтгэгдлээр хүнийг дайрч, доромжилж гүтгэж байна" гэсэн тайлбар хийсэн. Ер нь сэтгэгдлээр хүнийг дайрч доромжилдог тал бий нь бий. Гэхдээ сэтгэгдэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд очсон уу гэвэл үгүй. Тэгээд ч сайт гэдэг бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс ялгарах онцлог нь сэтгэгдэл байдаг. Ер нь сэтгэгдлээс улстөрчид, тэр дундаа эрх баригчид яагаад айгаад байгаа юм гэдэг асуултыг тавимаар байгаа. Сэтгэгдлийг зохицуулахаас өөр улс орны өмнө тулгамдсан олон асуудал байна шүү дээ.
-Нэг үгээр хэлбэл сэтгэгдэл эзэнтэй болсноор улстөрчдийн луйвар, булхайтай холбоотой баримтууд хаагдмал болно гэж та хэлэх гээд байна уу?
-IP хаяг, шүүлтийн системээ нэг алхам ч явуулаагүй байж эцсийн шатны арга хэмжээг авах нь цаанаа өөр эрх ашгийг нууж байгаа нь ойлгомжтой. Жишээлбэл, хэвлэлээр гарч байгаа хүмүүсийн дийлэнх хувийг улстөрчид эзэлдэг. Улстөрчидтэй холбоотой сайн, муу мэдээлэл гарахад хүмүүс өөр өөрийнхөөрөө шүүмжилдэг. Ийм тохиолдолд зарим хүний маапаантай, луйвартай, хууль бус нууц хүртэл задрах тохиолдол байна. Гэхдээ IP хаягаар үүнийг зохицуулах боломжтой. Нэг хүн сэтгэгдэл бичихэд тэр байгууллагын тэддүгээр давхраас бичсэн гээд гараад л ирнэ. Үлдсэн хувь нь буюу жинхэнэ эзнийг тодруулах ажлыг хууль, хяналтынхан шалгаж тогтоох ёстой. Гэтэл яагаад хуулийнхны хийх ажлыг Засгийн газар хийх гээд байгаа юм бол. Яагаад хөл дээрээ босч байгаа онлайн салбарыг халаасандаа хийх гээд байгаа юм бол гэдэг асуултуудад хариулах хэрэгтэй байна.
-Сэтгэгдлийг бүртгэлжүүлснээр иргэн яаж хэлэх эрхээ хасуулна гэж үзэж байгаа юм. Бүртгэлтэй ч хэлэх гэснээ хэлж болохоор байгаа юм биш үү?
-Монголчууд бид цөөхүүлээ. Жишээлбэл, би найз нарынхаа регистрийн дугаарыг мэддэг. Өмнөөс нь бүртгүүлээд сэтгэгдэл бичвэл яах юм. Бас утасны дугаарын бүртгэл гэж эмх замбараагүй зүйл байдаг. Нэг хүн нэр дээрээ таван өөр утасны дугаар бүртгүүлж нөгөөдүүлийгээ бусдад худалдаалсан тохиолдол монголоор нэг байна. Өмнөөс нь өөр хүн бичих боломжтой байгаа биз. Магадгүй сэтгэгдэл бичих нууц кодоо бусдад алдвал яах юм. Тэгэхээр энэ бүхний цаана хэн хохирох вэ гэдэг л асуудал дагуулж байгаа юм. Эсвэл миний регистрийн дугаарыг тэр мэддэг учраас биччихсэн байж магадгүй гээд хэлээд зогсч байх юм уу. Үр дагавар нь аюултай.
-Иргэний хэлэх эрхээс гадна сайтуудын хувьд ямар хохирол, муу үр дагавар бий болох гээд байгаа юм?
-Сэтгэгдлийг хянахдаа сайтууд дээр программ байршуулна гэдэг нь бидний дунд хонгил үүсгэчихэж байгаа юм. Шууд хэлбэл, тэр программаар дамжуулан сайтыг хөндлөнгөөс удирдаж, хакердах боломжтой болно. Архивыг маань хакердаад устгачихвал хэн хариуцлага хүлээх юм. Засгийн газар л лав өөр дээрээ хариуцлага авахгүй. Бид шүүхдсэн ч дийлэхгүй нь ойлгомжтой. Ер нь сайт гэдэг хувь хүний өмч. Тэр дундаа сайтын архив гэдэг юугаар ч үнэлж боломгүй баялаг.
-Одоо та бүхэн ямар арга хэмжээ авах вэ?
-Бид Засгийн газарт санал өгч байгаа. IP хаягаа ярьдгаараа ярина. Бүх сайтууд дээр IP хаяг гардаг болгоно. Хэрвээ IP хаягийг гаргахгүй бол тухайн сайттай нь хариуцлага тооцно. Мөн буруу хэллэгийн үгийг шүүдэг шүүлтийн системийг өргөн цар хүрээтэй болгоно. Түүнчлэн элдэв самуунд уриалсан сэтгэгдлийг тухай редакц нь устгадаг болгож, сэтгэгдлийн журам боловсруулна. Асуудлыг ингэж л шийдэх боломжтой. Ингэснээр хэн ч хохирохгүй. Хэнийх нь ч эрх зөрчигдөхгүй. Улмаар энэ Засгийн газрыг шүүхэд, тогтоолыг нь Үндсэн хуулийн Цэцэд өгнө.
Л.МӨНХ
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл ( 0 )