Сургууль, цэцэрлэгийн захирлууд хамаатан саднаа ажилд авдаг байдлыг хална

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

 

Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг хоёрдугаар сард багтаан зохион байгуулах үүргийг Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн Боловсролын газарт өгчээ. Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан эл ажлыг хийж байгаа аж. Гэхдээ бүх сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг солино гэсэн үг биш аж. Харин сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулах юм байна. Сургууль, цэцэрлэгийн захирлууд эрх мэдлийнхээ хүрээнд хамаатан саднаа ажилд авдаг. Үүнээс болж сургуулийн эд хөрөнгийг шамшигдуулж, сурагчдын сурлагын түвшинд нөлөөлдөг гэж хардагддаг. Сонгон шалгаруулаад авчихвал эцэг эхээс гаргадаг энэ төрлийн шүүмж багасах талтай гэнэ.

Сонгон шалгаруулалтад боловсролын салбарт 5-аас доошгүй жил ажилласан, ЕБС-ийн болон, сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжилтэй мэргэжилтэн оролцох боломжтой. Мөн дипломын дээд болон бакалавраас дээш боловсролын зэрэгтэй байх ёстой юм байна. Сургууль, цэцэрлэгийн захирал болох хүсэлтэй иргэдийг сорилын шалгалт, баримт бичгийн шалгалт, ур чадварын  шалгалт, ярилцлагын болон хөтөлбөрийн шалгалт гэсэн дөрвөн төрлөөр шалгаруулах юм байна. Сонгон шалгаруулахад улс төрийн хүчин, төрийн өндөр албан тушаалтан болон бусад албан тушаалтнаас нөлөө үзүүлэхийг хориглохыг журамд заасан байна гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top