Үйлчилгээгээ сайжруулчихаад үнээ нэмээрэй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

Хотын тээвэр хөгжин цэцэглээд хол замыг туулжээ. Хот ч мөн адил түүнийг дагаж сүндэрлэжээ. Анх нийтийн тээвэр үүсэхдээ олон хүмүүсийг томоохон үйлчилгээний цэг хийгээд их дэлгүүрлүү зөөх зорилгоор үүсэл гараагаан тавьж өдгөөг хүртэл өндөр хурдны метро болтолоо дэлхий дахинд хөгжжээ. Дэлхийн улс гүрнүүд, том хотуудын доогуур нь нийтийн тээвэр буюу нийтээр тээвэрлэх хэрэгсэл метро юугаан явуулаад хотын түгжрэлийн асуудлаа ч тэр тодорхой түвшинд шийдээд хагас жаран өнгөрлөө. Харин манайх гэдэг орон айл хуучин хударгатай, модон тэргэндээ улаан халзан шараа хөллөөд сажилж явсаар өнөөгийн он цагтай золгожээ.

Нийтийн тээврээр нэг насаараа зорчсон хүмүүсийн нүдийг нь оройд нь гаргасан зүйл бол суудаг автобус нь нэг өглөө үнээ нэмээд хүнээ хаяаад замаа голоод одох тухай асуудал байлаа. Саяын нэгэн өдөр том оврын автобусны холбооноос мэдэгдэл гаргаж үнээ нэмэх асуудал ярьж эхэлцгээсэн нь хотын иргэдийн хийгээд холын иргэдийн санааг зэрэг зовоолоо. Нийтийн тээврийн үнэ нэмэгдэнэ гэдэг нь нийт тээврийн зардал өснө гэсэн үг. Автобусны үнэ өсөхлөөр таксины үнэ нэмэгдэнэ. Орон нутгийн бүх нийтийн зорчих зардал одоогийнхоос хэд дахин илүү өндөр үнэтэй болно. Манай Улсын нийтийн тээврийнхэн нийтээр тээвэрлэх бус нийтээр нь ачдаг л улс даа.

Бид ямар ч байсан метрогоор зорчтолоо автобус, трлейбусаар л зорчиж таараа өөр юугаараа ч таваргах билээ. Гэтэл тэрхүү өдөр болгон суудаг дүнхэгэр автобуснууд маань өдрөөс өдөрт дүнхэлзэж эхлэх нь тэр. Аливаа юм сайжрах тусмаа саамширдаг хойно. Нийтийн тээвэр лоозонтой нийтээр ачигч тэрэгний маань зам дурайж байгаа ч үнэ өсөөд талийхвий.

Улс хөгжихийн сацуу холын бус хотын тээврээ мартчихгүй нэг юм хөдөлгөөд байгаа нь нэн таатай. Ойрын хэдэн жилд өөрчлөгдөөгүй өөрчлөлтүүд нийтийн тээврийн салбарт гарах чиглэл бүрэлдэж үндэс сууриа тавьж эхэлсэн гэж хэлэхэд хэтрэхгүй. Ихэнх нийтийн тээврийн компаниудад парк шинэчлэл гээчийг хийж Улаанбаатарын гудамжаар шинэ автобус давхилдаж олон, олон шинэ чиглэлүүд нээгдсэн нь нэг талдаа нийтийн тээврийн дэвшил. Өнгөрсөн сонгуулийн дараачаар нийтийн тээвэр болон хотын түгжрэлийн асуудлууд бага ч гэсэн сийрэгжсэн нь дахин нэг дэвшил байлаа. Харин улсаас энэ мэтчилэн баг саг анхаарал хандуулдаг ч нийтийн тээврийн холбооны нийтээр ачигч хампаанууд харилцан адилгүй ажиллаж байна. Хувийн гэж томордог хампаануудад хандаж хэдэн үг хэлмээр санагддаг, гомдож явдаг иргэд олон гэдэгт би хувьдаа итгэдэг.

Том бага гэлтгүй нийтийн тээврийхэн иргэдэд соёлгүй, бүдүүлэг үйлчилгээг хүргэсээр л. “Микро” нэртэй “сагсуу” жолоочтой, галзуу кондуктортой эрээ цээрээ алдсан нэг тиймэрхүү “нийтээр чихэгч” нэг хэсэг яваад хязгаарлагдсан нь аз болсон. Төр зохицуулалт хийгээгүй бол тэд соёлгүй үйлчилгээг үзүүлсээр ирэх байлаа. Одоо ч үйлчилж байгаа нь тэр л хэвээрээ. “Нийтээр ачигч” гэх зун бүгчим, өвөл тэсгим автобусны үйлчилгээ эрхлэгчид зөвхөн ашгаа бодохоос зорчигчоо боддогүй ганц хоёрхон хүний эрхшээлд орсон компаниуд үйл ажиллагаа явуулж иржээ. Тэнд ажиллаж байгаа, үйлчилж байгаа жолооч, “ко”-нууд нь соёлгүй гэж жигтэйхэн. Хамгийн сайн хэрүүлчийг хаанаас олох вэ тэмцээнд манай нэртэй нэг нийтийн тээврийн компанийн “ко”-нууд түрүүлсэн байгаа юм шүү. За тэгээд хэн нэгэн энгийн зорчигчоос эхлээд өвөө, эмээ цугыг загнана. Ялангуяа хэдэн “студээнт” бол өдөр болгон нүд үзүүрлэгддэг дээ хөөрхийс. Захаас нь дурьдахад энэ мэт. Мөн манай зорчигчидын соёл ч гэж юу билээ. Гээндээ ч бий гоондоо ч бий. Хэзээ мөдхөн бид метрогоор ажилдаа явдаг цаг ирэх юм бол гэж мөрөөддөг үе байсан. Гэхдээ энэ удахгүй хэрэгжиж мэдэх мөрөөдөл ч байж болно. Гэхдээ яг хэзээ гэдэг нь огт тодорхойгүй. Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, хот хөгжүүлэх мастер төлөвлөгөө нь амжилттай хэрэгжээд эхэлбэл ч бидний эх орондоо метрогоор аялах мөрөөдөл биелэх нь тэр.

Тээвэрлэх үнээ нэмэхээр зэхэж суугаа нийтийн тээврийхэнд хандаж хэдэн үг хэлмээр байна. Юуны өмнө та бүхэн үнээ нэмэх гэж байгаа бол зун сэлүүхэн, өвөл дулаахан, цэвэрхэн унаагаар ард түмнийг аваар осолгүйгээр зөөвөрлө. Тэгсэн цагтаа тэрхүү үнэ хөлсөө нэм гэмээр.  Нийтийн тээврийн автобусан дотор олон хүн суух тусам амьгалд нь дулаан ялгардаг бол сийрэгхэн автобусанд гаднах хэмээс хүйтэн жавар хургасан байдаг. Ингээд бодохлоор нэг төрлийн мөхөөлдөсний хөлдөөгчинд суусан мэт санагдана.

Нэг буудлаас нөгөөх буудал хүртэлх зам, дараагийн буудал аль, ямар буудал очих газраа хүрсэн үү үгүй гэдгийг аливаа зорчигч овсгоо, самбаа гарган мэдэж авахгүй бол нийтийн тээвэр зарлахгүй. Хэн ч таньд хэлж өгч чадалгүй шал дэмий хөлдүү, цантай цонхийг хумсаараа сараачиж сандран тэвдэн бууж, халтирч хэмхэрч гэмтдэг. Захаас нь эхлээд тоочоод эхэлбэл нийтийн тээврийхний ажлын нийтлэг алдаа эндэгдэл, соёл харилцаа, техникийн бүрэн бус байдал гээд бүгд асуудал. Энэ бүхнийг анзаарч мэддэг бол нийтийн тээврийн “хүн ачих” үйлчилгээ эрхэлдэг хувь эрхмүүд болон хувьсгалын компаниуд ч анхаарал даа авах хэрэгтэй. Үйлчилгээгээ сайжруулчихаад үнээ нэмээрэй нийтийн тээврийнхээн...

А.ТЭМҮР

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top