Хятад хүчирхэгжиж байгаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

Баабар л ХКН-ын сүүлчийн өдрийг тоолж, Хятадыг амаараа сөнөөгөөд байгаа болохоос миний уншиж, мэдэж байгаа хэмжээнд Хятад аймаар хүчтэй болж байгаа. Тэд өдрөөс өдөрт хүчирхэгжиж байна. Баабарын хэлж байгаа шиг тийм ч амархан сөнөнө гэж би л лав бодохгүй байна. Юм үнэнээрээ дээр байдаг. Алив улсын хүч чадлын гол шалгуур нь батлан хамгаалах байдаг юм. Үүнийг жишээ болговол илүү ойлгомжтой гэж санана.

2009 оноос Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи Хятадын зэвсэгт хүчний батлан хамгаалах зардлыг цэргийн тоо болон зэвсэглэлийн хэмжээгээр нь харьцуулж үзээд дэлхийд хоёрдугаартт орж байгаа гэж дүгнэсэн. Энд нэг зүйлийг онцлон дурдаж байна. Хятадууд өөрийн хүч чадлыг цаг ямагт багасгаж хэлдэг бүр эртний гүн ухаантай гэдгийг бодолцвол энэ нь ихээхэн зоримог гэмээр дүгнэлт юм.

АНУ-ын Батлан Хамгаалах Яамны жил тутмын илтгэлд 2010 онд Хятад цэргийн хүчин чадлаа бүс нутгийн маргаанд нөлөөлөх, юуны өмнө эрчим хүч агуулсан газар нутагт хүрэх боломж олох зорилгоор ихээхэн нэмэгдүүллээ гэж тэмдэглэжээ.

Хятадууд хөлөг онгоцны эсрэг холын тусгалт пуужин хийж ирэх арван жилд нисэх онгоц тээгч цохилтын бүлгийнхээ зэвсэглэлд оруулах гэж байна гэж америкийн аналитикууд дүгнэж байна. Ингэснээрээ тэд Азийн цэргийн зонхилох хүч болох гэж эрмэлзэж байна гэнэ. Өнөөдөр ийм байр суурийг АНУ л эзэлж байгаа бөгөөд тэд үүнийгээ хадгалан үлдэнэ гэж мэдэгдэж байна.

Пентагоны илтгэлд өгүүлснээр Хятад шумбадаг болон хөлөг онгоц бөөнөөр үйлдвэрлэхээс гадна “мэдээллийн дайны” хүчин чадлаа асар их нэмж байна.
2011 оны 8 дугаар сард “Ляонин” нисэх онгоц тээгчээ ажиллуулж, 2012 оны 11 дүгээр сард J-15 онгоцыг тавцан дээр нь буулгав. Манайхан Хятадууд украйнаас хуучин онгоц аваад засаад авчихсан гэдэг нь үнэнхүү тэнэг яриа. Энэ бол Номхон далайн шинэ мангас, шинжлэх ухаан технологийн дэвшлийн аймшигт хүч юм. Тэнд хүчний балансыг эргүүлээд хаяж байна ш дээ.

Манайхан л тэнэгээрээ мэдээгүй байгаа болохоос өөр ч аймаар юм бий. Ноднин гэх үү дээ, Хятад толгой нь олон салдаг тив хоорондын балластик пуужин анх удаа амжилттай туршив. Хаана гэж үү ?

Манайхны нүүрсээ зардаг Шаньси мужид байдаг “Учхай” гэдэг полигоноос 2012 оны 7 дугаар сарын 24 -нд “Дунфэн-41″ (DF-41) пуужинг хөдөлгөөнт зам дээрээс хөөргөсөн. Энэ DF-41 пуужин хятадын цөмийн нударгын үндэс болох ба 10.000-14.000 километр холын тусгалтай, толгой нь арав задарч тус бүрдээ залуурдаж болдог, маш өндөр нарийвчлал бүхий тусгалтай.

Хятадад үүнээс арай бага тусгалтай DF-31, DF-31A зэрэг пуужингууд бий, эдгээр нь америкийн экспертүүдийн үзэж байгаагаар Орос, Энэтхэгийн эсрэг чиглэсэн байдаг. Харин энэхүү шинэ DF-41 нь АНУ-ын эсрэг гэж америкууд хардаж байгаа юм байна.

Америкийн тусгай албадын үзэж байгаагаар DF-41-ийг Оросын SS-27 гэдэг хөдөлгөөнт пуужинд болон орос технологид тулгуурлан хийсэн гэж үзэж байгаа.
Баабар ч яахав, Оросуудыг аль хэдийн сөнөөгөөд хаячихсан хүн. Миний хувьд, Монголын хувьд хүчирхэг Орос байж л байгаа гэж санана. Ядахдаа “хуучин” технологоо Хятадад өгөөд л сууж байна. Тэгэхээр шинэ нь ямар юм гэвэл хүний ухаан санаанд багтамгүй.

Оросууд долоохон хоногийн өмнө манай хойно сансрын локацийн хамгийн орчин үеийн 2 том станц барив. Тэхэд манай хэдэн тэнэг лаларууд оросын шинжлэх ухаан “хоцрогдсон” гээд л сууж байгаа ш дээ, худлаа гэвэл Баабарын гарын үсэг ч дотор нь явж л байгаа…

Мөн энэ оны 8 дугаар сард Хятадууд шинэ ангиллын пуужинт суурьтай шумбадаг завьнаас 7200 км алс тусдаг “Цюйлан-2″ гэдэг тив хоорондын пуужин харваад хаях нь тэр. Jin гэж нэрлэдэг ийм мундаг шумбадаг завь одоо Хятадад 2 байгаа, удахгүй 8-ыг нэмж хийх гэнэ.

Ноён Баабар Орос, Хятад хоёрт дургүй байж болно. Гэхдээ бодит байдлыг гуйвуулах эрх байхгүй. Хүнд чинь эрүүл ухаан гэж баймаар.
Их л сайндаа намайг Хятадыг өмөөрлөө энэ тэр гэнэ биз. Судлаад харсаар үзсээр байтал хүчтэй болоод байхад чинь би худлаа хэлэх ёстой юу…
Ер нь ингэхэд Орос, Хятад хоёрын төр ямар байсан ч тэд бол манай мөнхийн хөрш гэдгийг мартаж болохгүй.


Судлаач Д.Ганхуяг

Эх сурвалж:  http://ganaa.mn/2013/01/09/qiasgerrt/#more-3440

2013 оны 1 дүгээр сарын 9.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top