Ажилгүйдлийн тэтгэмжийг ”гээж” болохгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 19

Хүний хөгжил сангийн мөнгийг тарааж эхэлснээс хойш "Халамжийн улс" гэх шинэ нэр томъёо гарч ирсэн. Хавгайруулсан халамжийг шүүмжилж байгаа нь тэр. Гэхдээ амьжиргааныхаа түвшнээс хамааран халамжийн мөнгийг авдаг ба авдаггүй гэх хоёр бүлэг хүмүүс байна. Харин эдгээрийн дунд эл халамжийг огт мэддэггүй учраас мэдээгүй өнгөрүүлсэн гэх хэсэг бүлэг хүмүүс ч байдаг. Тэгвэл огт мэддэггүй болон олон бичиг баримт хөөлцөлдөж цагаа үрэхээс төгөшөөдөг нөхдүүдэд дараах мэдээллийг хүргэе. Ажилгүйдлийн тэтгэмж авахад тань амар хялбар байх болно. Та ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн, түүний дотор сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй юм байна. Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын орлогын дунджаас дараах хувиар бодож олгодог.

Шимтгэл төлж ажилласан хугацаа /жилээр/ Тэтгэмж бодох хувь
5 хүртэл жил 45
5-10 хүртэл жил 50
10-15 хүртэл жил 60
15 ба түүнээс дээш жил 70

Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /ХХҮХ/ эсвэл нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгоно.

Жишээ: Даатгуулагч С. 2008 оны 10 дугаар сард орон тооны цомхотголоор ажлаасаа халагдсан. Түүний сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого 220000 төгрөг. Даатгуулагч С. 1995 оноос хойш 7 жил ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн тул түүний тэтгэмжийг сарын дундаж цалин, хөлсний 50 хувиар тооцож 394340 төгрөг (220000*50%:21.2*7б өдөр) -ийн тэтгэмж олгоно.

Ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 76 өдрөөр бодож олгох боловч тэтгэмжээс ажлын 36 өдрийг хасаж олгох нөхцөл байгаа.

1. Өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан
2. Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан
Дээрх нөхцлөөр чөлөөлөгдсөн үед ажлын 40 өдрийн тэтгэмж олгоно гэсэн үг.

Жишээ: Даатгуулагч Г. 2008 оны 9 дугээр сард өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдсан. Түүний сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого 250000 төгрөг. Даатгуулагч Г. 1995 оноос хойш 13 жил ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн тул түүний тэтгэмжийг сарын дундаж цалин, хөлсний б0 хувиар тооцож 283020 төгрөг(250000*60%:21.2*40) – иин тэтгэмж олгодог журамтай юм байна. Үүнээс гадна даатгуулагч ажлаас халагдсанаас хойш 14 хоногийн дотор өөрийн оршин суугаа аймаг, сум, дуургийн ХХҮХ-т бүртгүүлэх үүрэгтэй гэж байгаа.

Даатгуулагч ажлаас халагдсаны дараа хүндэтгэх шалтгаангүйгээр 14 хоногийн дотор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний албанд бүртгүүлээгүй тохиолдолд олговол зохих тэтгэмжээс 14 хоногоос дээш хожимдсон хугацааны ажлын өдрүүдэд ногдох тэтгэмжийг хасч олгоно. Тухайлбал, даатгуулагч ажлаас халагдсан тушаал гарснаас хойш 24 хоногийн дараа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний албанд бүртгүүлбэл түүнд ажлын 76 хоногийн бус ажлын 66 хоногийн тэтгэмж олгоно гэсэн үг юм.

Бүрдүүлэх баримт бичгийн тухайд

- Иргэний үнэмлэх
- 3х4 хэмжээтэй зураг 1 ширхэг
- Нийгмийн даатгалын дэвтрийн үнэ төлсөн баримт
- 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр
- 1995 оноос хойш ажиллаж байсан бол Нийгмийн даатгалын дэвтэр зэргээ авч очоод л асуудлаа шийдүүлж болох нь. Харин та ажилгүйдлийн тэтгэмж авах ёстой бол залхууралгүйгээр "хөөцөлдөж" ажилгүйдлийн тэтгэмжээ аваарай.

Г.Одон

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top