Иргэдээ сонсох, тэдний санал хүсэлтийг хүлээн авах “1111 төв”-д энэ сарын 11-17-нд 1230 гаруй иргэд санал хүсэлтээ илэрхийлжээ. Засгийн газар ахмад настанд өгөх 340 мянган төгрөгийн санхүүжилтийг шийдэж, дээрх мөнгийг олгосонд ахмадууд талархлаа илэрхийлсэн дуудлага олон ирсэн гэх мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас өглөө.
Дээрх хугацаанд ирсэн 1230 саналын 40 орчим хувь нь нийгмийн шинжтэй, ялангуяа эрүүл мэндийн салбар, эмч сувилагч нарын харилцааны соёл болоод тэдний үзүүлж буй үйлчилгээний асуудлаар түлхүү хандсан байна.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд түргэн тусламж дуудсан тохиолдолд шатахууны мөнгийг нь өгч байна. Эмнэлэгт хэвтэхэд эм тариагаа гаднаас авахуулж байна, үүнийг хянаж шалгаж өгөөч гэжээ. Мөн Цагдаагийн байгууллагатай холбоотой саналууд олон ирсэн бөгөөд замын цагдаа нар анхааруулга сэрэмжлүүлэг өгөх бус жолооч нарыг торгохын төлөө ажиллаж байгааг шүүмжлээд энэ нь дээрэм хийж байгаатай адил байна гэсэн гомдол санал ч иргэдээс иржээ.

Сэтгэгдэл ( 0 )