“Масктай Матар” цуврал үргэлжилж байна. Үг, үйлдэл нь хэчнээн зөрлөө ч огтоос ичиж зовдоггүй, өөрсдийн ашиг сонирхол, шаардлагыг хэрэгжүүлж л байвал өчигдөр, уржигдрын амлалтуудаа дураараа үгүйсгэчихээд, маргааш рүү сэхүүн харж алхалдаг увайгүй хүмүүсийн олонхи нь улстөрд байдаг гэдэг нь нэгэнтээ нотлогдчихсон билээ. Тиймээс ч бид монголын улстөр дэх хамгийн худалч “Масктай Матар”-уудыг нэрлэж эхэлсэн. Худалч улстөрчийн нүүрнээс маскийг нь хуу татаж, худал хэлсэн бүхнийх нь төлөө нийтийн эрх ашгийн өмнөөс матарлахаар болсон юм. Улирал бүрт хамгийн шалгарсан худалчийг шалгаруулж “Масктай Матар”-ын титмийг зүүж өгөх болно гэдгээ ч энэ дашрамд эргэн сануулъя. Ингээд “Масктай матар” цувралаар танд хүрч буй Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн хүргэж байна.
Н.Батбаяр эрхмийн нэртэй дандаа хамт явдаг асуудлуудын нэг бол 2006 онд санаачлан батлуулсан Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татвар гэдгийг өмнөх цувралд өгүүлсэн билээ. Манай эдийн засагт багагүй мөнгө дагуулж ирсэн байж болох ч нөгөө талаас авч үзвэл чамгүй их балагийг дуудсан байдаг. Энэ татвар улсын эдийн засаг, төсвийг нэг металлаас хэт хамааруулан хэврэгшүүлсэн гэдгийг хэлэх эдийн засагчид бий.
Зургаан онд Монгол Улсын парламент Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татвар гэх алдарт хуулийг батлаж, хэрэгжүүлсэнээс хойш алтны салбарынхан нэг л өндийж өгөхгүй өнөөдрийг хүрч байгаа. Уг нь Н.Батбаяр нарын эрхмүүд энэ хуулийн үр шимээр төрийн данс учиргүй дүүрээд, түмний амьдралд ч чухам нэмэр дүүргээд ирэх юм шиг ярьцгааж байсан ч тийм зүйл болоогүй.
Энэ хууль хэрэгжсэн 5 жилийн хугацаанд Монгол Улс алт олборлогч компанигүй орон болж хувирсан гэхэд болно. Мэдээж цаасан дээр гэдгийг тодотгох байна. Учир нь 68 хувь хэмээх өндөр татварын сүрэн дороос өндийж чадахгүй гэдгээ мэдсэн алтны компаниудын арга заль нарийсч, татвараас нуун далдлан хил давуулах арга замуудыг сонгосон юм. Хилээр хууль бусаар алт гаргах байдал эрс нэмэгдэж, бүр монголын алт нисдэг тэргээр хил давж байсан баримтууд бий. Бүр Монголбанк алт олборлогчидтой үгсэн хуйвалдаж байсны тод жишээ нь тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат, "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Паушок нар 2.9 тонн алтыг Монголбанкинд хадгалуулах гэрээгээр халхавчлан 16 тэрбум төгрөгийн Гэнэтийн ашгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэг ихээхэн дуулиан дэгдээж байв. Түүнчлэн Паушок хэмээх орос эр монголоос зугтаж, Монгол Улсын Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар буюу Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн эсрэг манай улсын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгч байв. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар дөрвөн жил үргэлжилсэн энэ заргын эцэст 6 сая ам.долларын зардал гаргаж байж ялсан ч, дараа нь юу боллоо доо.
Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав манай газар нутгийг олон жил ухаж, сэндийччихээд, 25 тонн алт олборлочихоод, сүүлдээ татвараас бултан зугтаасан "Алтан Дорнод-Монгол" компанийн гүйцэтгэх захирал С.В.Паушокт холбогдох залилан, мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн гэх хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон шүү дээ. Хэдийгээр бид Арбитрын шүүх дээр ялсан харагддаг ч, манайх дотооддоо ялагдал хүлээсэн билээ.
Ерөөс энэ хуулийн талаарх хуудууг ярьдаг хүмүүс цөөнгүй билээ. Уг нь энэ хууль батлагдаж, хэрэгжихээс өмнө улсын эдийн засагт алтнаас орж ирдэг орлого их байсан юм. Хуулийг батласан 2006 онд манай улс зэсийн татварыг зөвхөн Эрдэнэтээс авдаг байсан. Харин алтны татварыг 133 аж ахуйн нэгжээс авдаг байв. Бүр тэр онд 800 гаруй иргэн 15.2 тонн алт олборлон Монголбанкинд худалдаж байсан гэх статистик мэдээлэл ч бий.
Тэгэхээр энэ мэт балаг дагуулсан асуудлуудтай эрхмүүдийг “Масктай Матар” цувралаар хүргэх болно.
Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 0 )