Авто машины утааг бууруулах шинэ туршилт хийхээр болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 21

Автомашинаас ялгарч байгаа хийн найрлагад  хар тугалга, нүүрс устөрөгч, этил, азотын ислүүд, нүүрс устөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Тэрчлэн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хийсэн мэдээллээр авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй азотын давхар исэл 3.2%-иар өссөн үзүүлэлттэй  байгааг онцолж байгаа юм.

Тиймээс агаарыг бохирдуулагч бас нэг эх үүсвэр болох авто машины утааг бууруулах чиглэлээр нийслэлийн Агаарын чанарын албанаас шинэ туршилтыг эхлүүлэхээр төлөвлөснийг Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ нь  авто тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг бууруулах зориулалттай  төрөл  бүрийн бүтээгдэхүүн, шүүлтүүр /filter/ тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, нийлүүлдэг  аж ахуйн нэгж, иргэдийн дунд нээлттэй уралдаан зарлаж,  тухайн санал болгож байгаа бүтээгдэхүүний үзүүлэлтийг үндэслэн тээврийн хэрэгсэлд суурилуулан турших юм байна.  Гэхдээ зөвхөн уралдаанд ирсэн материалуудаас шалгарсныг нь туршилтанд хамруулна гэж уралдааны журманд тусгажээ.  Энэ ажилд оролцох, бүтээгдэхүүнээ турших хүсэлтэй  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд  2013 оны хоёрдугаар сарын 15- ний дотор Нийслэлийн Агаарын чанарын албанд ирж бүртгүүлэх ёстой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top