ХЗ-н сайд Х.Тэмүүжин: II эмнэлгийн 2 өрөөг яг шоронгийн стандартаар тохижууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 21

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж цаг үеийн болон Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын асуудлыг танилцуулсан юм. Тэрбээр ойрын өдрүүдэд өрнөж байгаа үйл явдлын талаар олон нийтэд тодорхой, бодитой  ойлголт өгөхийг хүсэж байгаагаа хэллээ.

-Н.Энхбаярыг суллуулахаар эхчүүд өлсгөлөн зарласан. Энэ асуудлыг хэрхэн хүлээн авч байгаа вэ. Танд Н.Энхбаярыг суллах шаардлага тавьсан уу?

-Эхчүүд өлсгөлөн зарлаж байна. Хууль зүйн хувьд МУ-ын 3 дахь Ерөнхийлөгч гэсэн ойлголт байхгүй. Ялтан Н.Энхбаяр л гэж авч үзнэ. Тиймээс ялтан Н.Энхбаяр нь хоригдож байгаа 7000 гаруй хоригдлын нэгэн адил эрх эдэлнэ. Энэ дагуу хорихын эмнэлэгт хүргэсэн. Өлсгөлөн зарлаж байгаа эхчүүд ялтан Энхбаярыг II эмнэлэгт хүргүүл гэсэн шаардлага тавьсан байсан. Гэхдээ миний нэр дээр албан ёсоор ямар нэгэн шаардлага хүргүүлээгүй байна. Хоёр дахь нь ялтан Н.Энхбаярыг суллахыг шаардсан байсан. Энэ бол боломжгүй асуудал. Шүүхийн шийдвэрийг Хууль зүйн сайд өөрчлөх эрхгүй. Шүүхийн шийдвэрээр ял эдлүүлэх эрх мэдэл нь надад бий. Тэгэхээр хууль бусаар шаардаж, шахалт үзүүлэж байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Хэн нэгнийг өлссөн гэдэг шалтгаанаар өөр нэг хүнийг ялаас чөлөөлөх боломж эрх зүйн хувьд байхгүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа энэ цагт хэн ч өөрчилж чадахгүй. Энэ нь давж заалдах хянуулах эрхээрээ иргэний үндсэн эрх хангагддаг. Би Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний хувьд шүүхийн шийдвэрийг хууль бусаар зөрчүүлэх шаардлага тавьж байгаа энэ хүмүүст шүүхийн шийдвэр үйлчилдэгээрээ үйлчилнэ гэж хэлье.

-Н.Энхбаярыг суллуулахаар дарамт шахалт их ирж байна уу?

-Н.Энхбаярыг суллуулах талаар иргэдээс гадна албан тушаалтнууд ч шахалт дарамт үзүүлж байна. Энэ бол албан тушаалаа хувийн журмаар ашигласан нь сонирхлын зөрчлийн асуудал болно. Өөрөөр хэлбэл хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн үг.

-Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудал болон эрх нь зөрчигдөж байна гэсэн гомдол ихээр гарч байна. Бусад хоригдлуудын тухайд ч энэ асуудал хөндөгдөж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүд хоёр ч удаа хорих байгууллагуудаар шалгалт хийсэн. Онц хүнд бөгөөд хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг хорих байгууллагаас гадна эмчилгээ хийлгэх эрхийг нь хязгаарласан хуулийг хүний эрх зөрчсөн гэж үзсэн. Энэ хүмүүсийг гаргаж эмчилдэггүйгээс болоод хорих анги дотроо нас барах тохиолдол гарч байсан. Тиймээс гадуур эмчлүүлэх шийдвэрийг гурван сарын өмнө гаргасан юм. Гэтэл энэ хүмүүсийг эмчлэх эмнэлэг олдоогүй. Тийм учраас аюулгүй байдал, ял эдлүүлэх ажиллагааг хангах нэг тасгийг Цэргийн госпиталь дээр байгуулахаар төлөвлөж байсан ч асуудал түдгэлзсэн байдалтай байна. Би Н.Удвал сайдад “Танай даргыг хүлээж авах эмнэлэг байна. Харин хорих байгууллагад хоригдож байгаа эмчлүүлэх шаардлагатай 20 хүнийг хүлээж авах эмнэлэг байхгүй байна. Ганцаарчилсан байдлаар хүлээж авах эмнэлэг байхгүй байна гэж хэлсэн. Гэвч Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Тэмүүжинд гэсэн бичиг ирсэн. Гэтэл аймаг болон дүүргийн иргэдийг эмчилдэг бүх эмнэлгийг зааж өгсөн байсан. Энэ төрлийн гэмт хэрэгтнүүд бол бусдад аюул занал учруулдаг, үйлдсэн гэмт хэргээсээ болоод өөрт нь аюул занал учирахуйц хүмүүс байдаг. Тийм учраас харуул хамгаалалтын хувьд онцгой дэглэмтэй хорихын адил аюулгүй байдлыг хангасан дэглэм тогтоох ёстой. Бид бол нэг л эмнэлэгт тийм дэглэм тогтоож чадна. Иргэдэд эмнэлэг хүрэлцээгүй байхад бид олон эмнэлгийг шорон болгох боломжгүй. Үүний хариуд даргыгаа II эмнэлэгт хэвтүүлье бусдыг нь өөрөө эмнэлэгт хэвтүүлье гэсэн.

-II  эмнэлэгийн хувьд “шорон эмнэлэг” болох нь байна шүү дээ. Уг нь сайд нарын гэсэн тодотголтой шүү дээ?

-II эмнэлгийнхэн эмнэлгээ шорон болгохыг эсэргүүцсэн. Н.Энхбаярыг үзнэ гэчихээд бусдыг нь үзэхгүй гэж байгаа хүнийг ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг. Уржигдар эцсийн шийдвэр гарч II эмнэлэгт хоригдол авахаар болсон. Хамгийн сонирхолтой нь 2 хүн л авна гэсэн. Цаана нь 20 хүн байдаг. Эндээс нэг хүний төлөө журам гаргах ямар хэцүү байдаг нь харагдаж байгаа байх аа. Бид өчигдөр II эмнэлгийн 2 өрөөг яг шоронгийн стандартаар тохижууллаа. Эмчлүүлж байгаа иргэд болон эмчилж байгаа эмч сувилагч нарын аюулгүй байдлыг хангах стандартыг мөрдөж хийсэн өрөө. Хорихын эмч нар бол биед нь өөрчлөлт хүндрэл байгаа ч II эмнэлгийн эмч нарын хэлж байгаа өвчний шинж тэмдэг байхгүй байгаа гэж хэлж байгаа. Прокурор өрөөг үзэж танилцсаны дараа үдээс хойш 2 хоригдол шилжих байх. Та нарын эхний шаардлага биеллээ. Тиймээс өлсгөлөнгөө зогсоогооч ээ гэж хүсч байна.

 

Г.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top