“Талх чихэр”-ийнхэн яаж чадаж байна аа!

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

Сонгинохайран дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Москва хороололтой яг зэрэгцэн “MT”-ийн шатахуун түгээх станц бий. Ард түмний эрүүл, аюулгүй, амгалан тайван байдалд шууд заналхийлсэн гэж болохоор даварсан үйлдүүдийн нэг жишээ. Тодруулбал, шатахуун түгээх станцууд нь суурин газраас хэдэн метрийн зайнд байх тусгай заалт дүрэм журам бий. Гэвч эрх мэдэл, мөнгө төгрөгийн хүчээр асуудлыг цэглэж, айлуудтай хаяа дэрлүүлсэн шатахуун түгээх станцуудыг нүүлгэх асуудал ердөө хөндөгддөггүй нь ард түмнийхээ төлөө цохилох зүрхтэй Түшээ байдаг эсэхийг л харуулж байгаа юм.

Хэдхэн хоногийн өмнө айлуудтай хөршилсөн МТ-ийн шатахуун түгээх станцын урд талд “Талх чихэр” ХК-ийн борлуулалтын гэрээ барьчихлаа. Эл гэр нь цагаан сарын хэвийн боовны сурталчилгааных. Байж болох л асуудал. Олны хөл ихтэй зам газар сурталчилгааны гэрээ барьж амталгаа худалдаагаа явуулалгүй яахав.

Хамгийн”аймшигтай” нь эл гэр галладаг!!!

Шатахуун түгээх станцын дэргэд нь гэр барьж бас гал түлж яндангаараа өтгөн хар утаа баагиулж суудаг ямар бөх зүрх, бүдүүн хүзүүтэй эрх мэдэл гээч вэ Х.Баттулга гишүүн ээ. Шатахуун түгээх станцын дэргэд гэр барьж гал түлж байгаа нь ард түмний амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас хүйдэст автуулж байна. Аюулгүй амьдралд шууд заналхийлж байна. Хэдхэн алхамын цаана байгаа шатахуун түгээх станц мина л гэсэн үг. Эл мина дэлбэрэхэд яндангаар үсэрсэн ганц оч хангалттай.

Энэ олон хүний амь нас, эд хөрөнгийн бүрэн бүтэн байх баталгааг зөвхөн ганц компанийн эрх ашгийн үүднээс эрсдэлд оруулж болох уу.

Гэтэл эл асуудалд анхаарал хандуулж, хууль дүрэм сахиулах үүрэг бүхий Мэргэжлийн хяналтын байгууллагынхан нүдэн балай, чих нь дүлий суухын учир вэ. Шинэчлэлийн Засгийн газарт шинэчлэл хийж, ард түмнийхээ эрх ашгийн төлөө төрд төлөөлөл болсон Х.Баттулга сайд Та өөрийн хувийн компанийнхаа бодлогод шинэчлэл хийж, хүнийг, бусдыг хайрладаг хамгаалдаг сэтгэлгээг Х.Баттуул захиралд суулгаж өгөөч.

Улаанбаатар хотын хаа нэгтээ байгаа нэг л шатахуун түгээх станц дэлбэрсэн тохиолдолд нийслэл хот тэр чигтээ дэлбэрнэ гэдэг юм билээ. Зуун ямаанд жаран ухна гэгчээр нийслэлчүүдийн хэрэглээнээс хэтэрсэн олон шатахуун түгээх станцыг барьж байгуулсан учраас. Эл асуудлыг мянган удаа хөндсөн ч хөдлөхөөгүй болтлоо дархлагдсан нөхдүүд ШТС-аа нүүлгэх нь бүү хэл шатахууны үнэ нэмэх асуудлаар л чагталдаг. Харин одоо эрх мэдэлтэй хүмүүсийн булсан эл минийг дэлбэлчихгүй байх л арга хэмжээг авахаас өөр арга үлдээгүй гэж болно.

Гэтэл дарьтай торхны аман дээр шүдэнз зурж суугаатай ялгаагүй үйлдлийг “Талх чихэр”-ийнхэн хийж байна. Хэдхэн ширхэг хэвийн боов худалдах сурталчилгааны төлөө Улаанбаатарчууд бид “дэлбэрмээргүй” байна. Эл асуудал хэрхэн шийдэгдэхийг манай сайт эргэн мэдээлэх болно.

 Г.Од

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top