Үндэсний томоохон үйлдвэрүүдийн нэг “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн уг нь АН-ын гишүүн. Найман онд Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д өрсөлдсөн ч гарч чадаагүй. Тэгвэл П.Цэнгүүн эрхэм сүүлийн үед төрийн эрхэнд байгаа намынхандаа хатуу үг хэлэх янзтай байгаа. Учир нь гурилын үнэ болоод нийлүүлэлтийн ирээдүйд санаа зовсон төрийн дэмийг тэрээр үгүйсгэж байгаа юм.
Тэрээр Үйлдвэрлэгчид талх, гурилын үнийг дураараа нэмж байна гэж чичлүүлсэнийхээ дараа “Надаар тоглож болох юм шиг бодоод байгаа юм уу. “Хувьчилж болсон юм чинь хурааж болно” гэсэн мессеж ч явж байх шиг. Болно. Худалдаад, нийгэмчлээд авчих, тэгээд төр өөрөө гурилын бизнесээ хийг. Орос, хятад бизнесмэн ч худалдаад авч болно. Тэгээд тэр орос, хятад бизнесмэнээсээ гурилаа худалдаад авна биз, Цэнгүүн муухай харагдаад байгаа бол... Төрийнхөн худал хуурмаг мэдээлэл цацах тусам зах зээл, үнэ, үнэн байдал будилж байна. Худлаа тоо хэлдгийн цаана сайд, дарга нарын шахаа, луйвар байж л байгаа шүү дээ” гэхчлэн тод дуугарсан юм. Хэдийгээр хаалттай ч, ийм маягаар хааяа нэг чанга дуугардаг түүнийг хэвлэлийнхэнд нээлттэй хүн биш гэхэд болох юм.
Улсын дотоодын гурилын хэрэгцээний 60-70 хувийг хангадаг “Алтан тариа”-гаас гадна тэрээр арав гаруй салбарт бизнес эрхэлдэг гэдэг нь тийм ч их яригдаад байдаггүй.
Тэрчлэн П.Цэнгүүн гэж ер хэн бэ гээд сонирхоод үзэхээр ДБЭТ-т тавигдаж байгаа бүжгэн жүжгүүдийг алгасахгүй үздэг сонгодог урлагт элэгтэй нэгэн гэдэг нь тодорч байгаа юм. Мөн олон ном спонсорлосноос нь харахад оюуны хөрөнгө оруулалтыг чухалчилдаг байж таарах гээд байна.
П.Цэнгүүн захирлын гэргий нь “МSM” компанийг үүсгэн байгуулагч С.Болормаагийн төрсөн дүү юм билээ. Тэгэхээр П.Цэнгүүн эрхэм нам улстөрийн нэрт зүтгэлтэн н.Сүрэн даргын хүргэн гэсэн үг юм.

Сэтгэгдэл ( 0 )