Одоо мөрдөгдөж байгаа дүрэм, журмаар бол үйл ажиллагаа явуулж байгаа интернэт тоглоомын газрууд 23.00 цаг хүртэл ажиллана. Ингэхдээ зөвхөн 18-аас дээш насныханд үйлчлэх ёстой аж. Хэрэв цаг хэтрүүлж ажиллах, насанд хүрээгүй хүүхдэд үйлчилвэл 20 мянган төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авахаар журамд заажээ. Тиймээс дээрх журамд өөрчлөлт оруулахаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа аж. Ажлын хэсэгт Хууль зүйн яам Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газрын холбогдох албан тушаалтнууд багтжээ.
Ажлын хэсгийнхэн өнгөрсөн баасан гарагийн орой интернэт тоглоомын газруудыг түүвэрчилэн гэнэтийн шалгалт хийж, нөхцөл байдалтай нь танилцсан тухай Хууль зүйн яамнаас мэдээлэл өглөө.
Шалгалт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа “Angel” интернэт тоглоомын газраас эхэлжээ. Тус интернэт тоглоомын газар насанд хүрээгүй хүүхдэд үйлчлээд зогсохгүй цаг хэтрүүлж ажилладаг, орчин нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй нь шалгалтаар тогтоогджээ.
Мөн БГД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Game world” интернэт тоглоомын газар насанд хүрээгүй хүүхдэд үйлчилдэг, бүр 3000 төгрөгөөр хонуулдаг гэдгийг тус тоглоомын газарт үйлчлүүлж байсан 16 настай Н гэгч мэдээлсэн аж. Тус интернэт тоглоомын газар эрүүл ахуйн болоод галын дүгнэлтгүй байсан нь ч шалгалтаар илэрчээ.
Түүнчлэн 23.00 цагаас хойш ажиллаж байсан хэд, хэдэн газруудаар ороход дээрх зөрчлүүд давтагдаад зогсохгүй согтууруулах ундаа хэрэглэх гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Энэ шалгалтын үр дүнд насанд хүрээгүй зургаан хүүхдийг НЦГ-ын харьяа Хаяг тогтоох төвд хүргэжээ.
Журамд өөрчлөлт оруулах зорилготой Ажлын хэсгийнхэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 500 гаруй интернэт тоглоомын газруудад шалгалтаа үргэлжлүүлэх аж. Тэгж байж шинэ журмаа боловсруулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )