Барилгын осол ээлж дараалан гарсаар олон сайхан залуу амиа алдаад байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар мэргэжлийн хяналтын үгийг үл тоон зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй 26 барилга байгаа аж. Тэдгээр компаниудад зохих шийтгэлийг нь ноогдуулж, акт тавиад байгаа ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж. Мэргэжлийн байгууллагын үгийг үл тоон үйл ажиллагаагаа явуулж байгаад осол гаргах тохиолдол сүүлийн жилүүдэд эрс ихэссэн.Иймд том толгойтой тус компаниудад Барилга, хот байгуулалтын яамнаас хатуухан арга хэмжээ авч барилгын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахгүй бол хэрээс хэтэрлээ.
Өнөөдөр Нийслэлд баригдаж байгаа барилгуудын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран мэдээлэл хийлээ.
Тэд хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 470 гаруй барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд эдгээрээс 26 барилгын үйл ажиллагааг зогсоох акт тавьж, торгууль ноогдуулсан ч үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй компаниуд байгаа. Тиймээс НМХГ-аас тус үйл ажиллагаагаа зогсоохгүй хууль бусаар үргэлжлүүлсээр байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Барилга хот байгуулалтын яаманд хандахаар болсон” гэж мэдээлэлээ. МХЕГ ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр өчнөөн сайхан залуус алтан амиа алдчаад байхад эцэст одоо л нэг барилгын тусгай зөвшөөрлийг нь цуцлуулахаар Барилга хот байгуулалтын яаманд хандаж байгаа нь тэдний хариуцлаггүй ажиллаж байгаагын нэг жишээ.МХЕГ эрх мэдэлтэй хэрнээ сул дорой нэгэн байгууллага гэдэг нь энэ ганцхан жишээнээс харагдаж байгаа юм.
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж тэр тусмаа барилга барих үйл ажиллагаанд хяналт тавьдаг байгууллага бол Мэргэжлийн хяналтын байгууллага. Зөвхөн хяналт тавиад зогсохгүй тавьсан хяналтынхаа дагуу шийдвэр гаргаж тодорхой арга хэмжээ авч тухайн барилгын компанид Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга акт үйлдэж, дүгнэлт гаргаснаар үйл ажиллагааг нь зогсоох, буулгах хүртэл арга хэмжээг авах эрхтэй байгууллага юм.
Гэтэл Нийслэлд зөвшөөрөлгүйгээр баригдаж байгаа 26 барилга байгаа гэж НМХГ мэдээлэлээ. Үйл ажиллагааг нь зогсоогоогүй гэсэн үг. Муугаар ярихад эдгээр барилгад осол гарч хүний алтан амь эрсдвэл хэн хариуцлага хүлээх вэ. Гаргасан шийдвэртээ эзэн болдоггүй МХЕГ шиг байгууллага энэ салбарт хэрэггүй.
Өнгөрсөн онд МХЕГ-ыг татан буулгах асуудал нэг хэсэгтээ хүчтэй яригдаж байсан ч тэгсхийгээд чимээгүй болсон. Урьд нь дүүрэг бүрт салбар хариуцсан байцаагч ажиллаж эдгээр нь тухайн газрынхаа асуудлыг мэддэг тэр чинээгээрээ хянаж чаддаг байв. Харин одоо бол МХЕГ ямар нэгэн асуудал гарвал мэдэх, хариуцах хүнгүй болчихдог тийм л газар болж хувирсан.
Уг нь мэргэжлийн хяналтын байгууллага иргэдийн амар тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах үүрэгтэй. Гэтэл энэ байгууллагын бүтэц улам томорч байхад хяналт шалгалтыг хангалттай хийгээгүйн улмаас гарсан ослын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Үүний тод жишээг дараах барилгын ослуудаас харж болно.
Сүүлийн есөн жилд буюу 2005-2013 онд барилгын салбарт нийт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарсан байна. Ослын улмаас 246 хүн нас барж, 130 хүн тахир дутуу болсон байна. Мөн үүнээс гадна 272 хүн хөдөлмөрйин чадвараа алдсан гэсэн тоон үзүүлэлт байна. Зөвхөн энэ Он гарсаар барилгаас хүн унаж нас барсан 14 тохиолдол гараад байгаа.Үүнээс харахад барилгын салбар хөдөлмөрйин аюулгүй байдал дээр хэрхэн анхаарч ажилладаг нь харагдаж байгаа юм. Энэ мэдчилэн хариуцлагагүй ажилладаг МХЕГ-ыг татан буулгах цаг нь болжээ.
Б.Анхням

Сэтгэгдэл ( 3 )
Ulaanbaatar hit gj barilga bguulamj odoo l hugjij ehelj bn. Heden aytaihn barilguud ug helgui bariulchhad yadag yum boloo. Goe shn barilga sunderlehiin hireer uls oron hugjine shuu dee. Negiigee yum hiiheer hoish ni tataad bdg yaduu ulsiin shinj dee huurhii
Хууль тогтолцооны гажуудал юм уу даа хөөрхий
Мэргэжлийн хяналт гэж ёстой юу ч хийдэггүй газар. Ажиллагсад нь ч ямар ч сэтгэлгүй дүр эсгэгчид. Өөрсдийнх нь албан газрын үүдэнд байгаа Бар, цэнгээний газрыг хар, өгсөж урууддаг шатыг хар бүгд шаардлага нийцэхгүй хагархай, халитардаг зам... Тоочвол их зүйл байна доо. нүдний өмнөхөө хийхгүй сохор юм шиг байгаа хүмүүс яаж өөр зүйл хийж чадах билээ дээ. Ямарч мэдлэггүй чадамжгүй байцаагч нар...