Бороо орж, шороон шуурга шуурна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 19

Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл баруун болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 хэм дулаан, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 9 дүгээр сарын 20-ноос 2014 оны 9 дүгээр сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын өдрүүдэд манай орны ихэнх нутгаар хур бороо орж, хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байна. Баруун аймгийн ихэнх нутгаар өнөө маргааштаа, 21-нд нутгийн зүүн хэсэг буюу Завхан, Говь-Алтай аймгийн зарим хэсгээр хур тунадас орох аж. Эдгээр өдрүүдэд Баян-Өлгий, Хөвсгөл, Увс зэрэг  уулархаг нутгаарнойтон цас хаялж, шөнөдөө 5-10 хэмийн хүйтэн, өдөртөө 3-8 хэмийн дулаантай байх юм. Баруун бүсийн нутгаар 19-20-ны өдрүүдэд салхи өмнөөсөө хойш 18-20 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Харин эдгээр өдрүүдэд Алтайнөвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна. 

Төвийн нутаг буюу Орхон, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр зэрэг аймгуудад өнөөдрөөс 21-ний өдрийг хүртэл хур бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орох ажээ.Салхи 20-21-нд зарим газраар өмнөөс баруун хойш эргэж 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Ойрын хоногт дулаан байна. Ялангуяа 19-20-нд уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан. Харин 20-нд Хөвсгөлийн уулсаар, 21-нд төвийн ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн цочир хүйтэрнэ. Өдөртөө 5-10 градус дулаан байна. 

Зүүн гурван аймаг болон Дундговь, Өмнөговь, Дорноговь зэрэг говийн аймгуудаар 18-22-ны өдрийг хүртэл бороотой байх юм. Говийн аймгуудад эдгээр өдрүүдэд 20-29 градусын дулаантай байх бол зүүн зүгийн аймгуудад шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-20 градусын дулаантай байх нь. Зүүн аймгийн зарим газраар 18-нд салхи баруунаас 12-14 м/с, 21-22нд өмнөөс баруун хойш эргэж 16-18 м/с хүрч ширүүсэн шороогоор шуурна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top