“Улаанбаатар олон улсын кино наадам 2014” болно

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 02

 

Монголын кино урлагийн салбарын хөгжлийг хангах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн сор болсон олон улсын шагналтай кино бүтээлүүдийг монголын үзэгчдэд хүргэх зорилгоор Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар,Туркийн Элчин сайдын яам, Монголын кино урлагийн зөвлөлтэй хамтран “Улаанбаатар олон улсын кино наадам 2014”-ийг энэ сарын 8-12-ны хооронд зохион байгуулахаар болжээ.

Уг кино наадам дэлхийн шилдэг кино, Турк кино өдөрлөг, Берлиний олон улсын кино наадмын дэргэдэх “Дэлхийн кино урлагийн сан “-ын шилдэг бүтээлийн өдөрлөг, Монгол кино хөтөлбөр гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ.

Тухайлбал, кино наадмын хүрээнд 2013-2014 онд дэлхийд нээлтээ хийсэн Канн, Берлин, Венец, Сан Пауло зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австри, Франц, Исланд,Орос зэрэг орны 12 шилдэг кино бүтээллийголон нийтэд толилуулах юм. Мөн 2014 оны Гётебург олон улсын кино наадмын үзэгчдийн шагнал зэрэг дэлхийн 10 гаруй нэр хүндтэй наадмын тэргүүн болон тусгай шагналт Исландын найруулагч Бэнэдикт Эрлингссоны “Хүн ба морьд”, 2013 оны Венецийн олон улсын кино наадмын шагналт Францын найруулагч Жан Дэнизотын “Сайхан амьдрал”, Францын кино найруулагч Томас Кейлигийн “Дайчин” зэрэг олон сонирхолтой бүтээллүүдийг олон нийтэд хүргэхээр болжээ.

Улаанбаатар олон улсын кино наадам нь жил бүр аль нэгэн орныг онцолж, тухайн орны өдрийг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд Турк киноны өдрийг тус улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулахаар болжээ.Түүнчлэн наадмын зохион байгуулагчид энэ жилээс Монголын урлагийн зөвлөлтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2013-2014 онд үзэгчдийн хүртээл болоод байгаа И.Нямгаваагийн “Хязгааргүй”, залуу найруулагч М.Ивээлийн “Цэн тогоруу” зэрэг шинэ бүтээлүүдийг “Монгол кино” хөтөлбөрийн хүрээнд олны хүртээл болгохоор болжээ. Ингэхдээ эдгээр киног хямдралтай үнээр буюу 3000 төгрөгөөр кино театруудад гаргах юм байна.

Улаанбаатар олон улсын наадмын нээлтийг монголын залуу найруулагч Л.Таванбаярын “ХҮДЭН” уран сайхны киногоор хийх аж.

Улаанбаатар олон улсын кино наадам энэ сарын 8-нд 19:00 цагаас Тэнгис кино театрт нээлтээ хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top