Авто замд дутагдаж байгаа асуудал

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 06

Олон улсын болон улсын чанартай автозамаар зорчих тээврийн хэрэгслийн жин, овор хэмжээнд тавих хяналтын талаар Зам, тээврийн сайд А.Гансүх өнгөрсөн бямба гарагт хуралдсан Засгийн газрын хуралдааны үеэр гишүүдэд танилцуулж, үүнтэй холбогдуулан автотээврийн хэрэгслийн жин, овор хэмжээнд хяналт тавьж ажиллахыг түүнд даалгалаа.

 


Сүүлийн хоёр жилд манай улсад 2680 км автозам баригдаж, улсын чанартай автозамын сүлжээн дэх хатуу хучилттай замын урт 5300 км-т хүрээд байгаа аж. Замын сүлжээ өргөжихийн хэрээр үлэмж хэмжээний хөрөнгө оруулалтаар баригдсан автозам, замын байгууламжийн хадгалалт, хамгаалалтын асуудлыг цогцоор нь шийдэх, ялангуяа автозамын зөвшөөрөгдөх жин, овор хэмжээний үзүүлэлтээс хэтэрсэн тээврийн хэрэгслээр зорчин, автозам, замын байгууламжийг нормативт хугацаанаас нь өмнө эвдрэлд оруулж байгааг цэгцлэх шаардлагатай байна гэдгийг салбар яамнаас мэдээллээ. Зам тээврийн яамнаас бүрэн жин, тэнхлэгийн ачаалал хэтрүүлэн тээвэрлэлт хийж байгаа зөрчлийг хянах зорилгоор “Авто пүү ажиллуулах журам"-ыг энэ оноос хэрэгжүүлж байгаа аж.



Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьж хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Иймд барьсан замаа арчилж хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хяналтын систем бий болгох хэрэгтэй гэсэн санал хурлын үеэр гарч байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top