Ариунаа Сүри. Энэ нэрийг Монголын болоод олон улсын загварын ертөнцөд танихгүй хүн бараг үгүй. “Гол дүр” булангийнхаа энэ удаагийн зочноор авьяаслаг дизайнер С.Ариунааг онцоллоо. Өөрийн нэрийн “Ариунаа Сүри” брэнд хувцасны дэлгүүрээ нээх гээд тун завгүй байгаа түүнтэй цөөн хором ярилцсан юм.
-Загварын ертөнцийнхөн болоод хувцас загвар сонирхогч хүн бүр Ариунаа Сүриг андахгүй. Гэсэн ч асуумаар байна л даа. Та хэн бэ?
- Би өөрийгөө бүхний дунд нууцаар оршигч нэгэн гэж нэрлэнэ. Намайг ингэж хэлэхээр яагаад гэдэг асуулт таньд төрж байгаа байх. Миний амьдралын хүүхэд нас, сурагч нас, оюутан нас бүгд өөр өөр улсад болоод эдийн засаг нийгмийн маш их өөрчлөлттэй үеүүдэд өнгөрсөн. Ингэхдээ өөрийн үзэл бодол, хүсэл тэмүүлэлдээ үнэн ч байж чимээгүйхэн оршисоор ирсэн. Тэр ч утгаараа маш их зүйлийг холоос харж чадсан. Ер нь миний үзэл бодол намайг бусдаас онцгой харагдуулдаг.
-Та яагаад Европоос Герман, Азиас Япон улсыг сонгон сурч, амьдарсан юм бэ?
- Дээрх хоёр ард түмэнд төстэй зүйл их бий. Хүмүүсийнх нь харилцааны соёл, стиль имиж, аливаад нягт нямбай, хянуур ханддаг байдал нь намайг татсан. Мөн ямар ч ажилд төвлөрч цаг хугацаа, сэтгэлээ зориулж хийдэг. Түүгээр зогсохгүй хувцаслалтынхаа донжийг гойд сайн олж чаддаг зэрэг нь надад маш их таалагддаг.
- Монголдоо суурьшиж ажилллаад хэдэн жил болж байна вэ? Таныг гадаадад амьдарч байгаа гэж боддог хүн олон байдаг л даа?
- Би эх орондоо суурьшин ажиллаж амьдраад дөрөв орчим жил болж байна. Мэдээж ажлын шаардлагаар гадагшаа нэлээн явдаг.
- Монголын залуучуудын хувцаслалтын загварын чиг хандлага ямар байна гэж дүгнэдэг вэ?

- Гудамжинд яваа залуусыг харахад маш загварлаг, донжтой болсон байна. Хүн ганцхан хувцсаараа өөрийгөө илтгэх биш өөрөө өөрөөрөө байх нь маш чухал гэж боддог.
- Уран бүтээлч бүр л өөрийгөө бусдаас өөрөөр харуулахыг зорьдог. Таны хувьд тэр нь юу бол?
- Товчхон хэлэхэд миний загварууд “Өрнө, Дорнын хооронд нууцлагаар оршигч” хэмээх хэв маягтай. Мөн монгол хувцасны жижиг хэсгүүд ордогоороо ялгаатай. Гэхдээ өдөр тутмынх.
- Загвар зохион бүтээгч Ариунаа Сүригийн мэдэрдэг хамгийн сайхан мэдрэмж юу вэ?
- Загваруудаа олонд танилцуулчихаад үзэгчдийн алга ташилтаар мялаалгах нь миний хувьд хамгийн сайхан мэдрэмж.
- Таныг дизайнер Катя золтой өрсөлдүүлж ярьж бичээд байдаг. Таны өрсөлдөгч хэн бэ?
- Тийм яриа байдаг л юм билээ. Миний хувьд өөрийгөө хэн нэгэн хүнтэй өрсөлдүүлж бодоод байдаггүй. Өөрийнхөө өрсөлдөг ч нь өөрөө л байхыг эрмэлздэг. Ер нь хүн өрсөлдөх гэхээсээ илүүтэй зорилгоо чухалчлах ёстой. Өөрийн туйлын зорилгоо тодрхойлчихсон түүндээ хүрэх замаа мэддэг, зүтгэлтэй хүн л хамгийн сайхан харагддаг шүү дээ.
- Загвар зохион бүтээхэд авьяас, мэдрэмж хоёрын аль чухал байдаг юм бэ?
- Авьяас гэхээсээ илүүтэй мэдрэмжээр хийдэг ажил л даа. Би зурах авьяасаа өвөөгөөсөө, мэдрэмжийг ээжээсээ өвөлсөн уран бүтээлч.
- Дуртай өнгөөр нь хүнийг шинждэг гэдэг. Та үүнд итгэдэг үү? Мөн таны өнгөний тухай ойлголтыг сонирхоё ?
- Өнгө бол маш чухал зүйл. Дуртай өнгөөр нь хүнийг шинжих тохиолдол байж болно гэж боддог. Харин хувцас загварын тал дээр өнгөтэй болгоомжгүй харьцвал тухайн загвар хэдий сайхан ч мөн чанар нь гарч ирэхгүй байх тохиолдол бий. Заримдаа өнгөнөөс загвар үүсэх нь ч байдаг.
-Та мэргэжлийн хувьд хэнийг үлгэрлэн дуурайж суралцдаг вэ?
-Багадаа Түвшин агсаныг хүндэлдэг байсан. Миний анхны суралцаж байсан сургуульд Түвшин агсан сурч байсан юм билээ. Тэр хүний өөрийгөө илэрхийлж байгаа зоригтой байдал нь таалагддаг байсан. Нэгэн үед монголын загварын ертөнцөд хувьсгал хийсэн хүн гэж боддог.
- Харин Ариунаа Сүри Монголын загварын ертөнцөд ямар хувьсалыг хийхийг зорьж байна вэ?
- Монголд загвар зохион бүтээгч гэдэг мэргэжлийг ажил болгож явуулснаас хойш 20-30 жил болж байна. Бусад мэргэжилтэй харьцуулбал харьцангуй залуу мэргэжил. Гэсэн ч дээрх хугацаанд их зүйлийг хийж болох байсан гэж боддог. Тиймээс монголын загварын ертөнцийн хөгжлийг түргэсгэх шаардлага байна гэж хардаг.
-Монголчуудын хувцас бурхан бие чөтгөр гэж ярьдаг. Ер нь таныхаар хувцасны жинхэнэ мөн чанарыг хэрхэн тодорхойлох вэ?
-Хувцасийг хүмүүс хоёр талаас хардаг л даа. Зарим нь урлаг, нөгөө хэсэг нь хэрэглээ гэж. Харин би аль аль талаас нь хардаг. Гэхдээ миний загварууд хэрэглээ гээд бүх дэлгүүрүүдэд зарагдахгүй. Мөн шилэн хоргонд хийгээд хадгалах музейн үзвэр ч бас биш.
-Монголын загвар өмсөгчдийг өмссөн хувцаснаасаа урьтаж өөрийгөө харуулахыг зорьдог гэх шүүмж байдаг. Ялангуяа энэ шүүмж загвар зохион бүтээгчдийн амнаас унах нь олонтой. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
- Одоогоос хэдэн жилийн өмнө тийм зүйл ажиглагддаг байсан. Харин одоо бол харьцангуй өөр болсон байна лээ. Тухайлбал манай бүтээлтэй Японы тайзан дээр хоёр удаа гарсан Мичидмаа гэж охин бий. Мидичмаа бол загвар болоод загвар зохион бүтээгчийнхээ илэрхийлэх гэсэн санааг маш хурдан ойлгож мэргэжлийн өндөр түвшинд танилцуулж чаддаг.
- Та өөрийн нэрийн брэнд дэлгүүрээ нээх гэж байна. Энэ тухайгаа тодруулаач ?

- “Ариунаа Сүри” урлангийн тухайд хонин жилд маш их ажлыг төлөвлөсөн. Түүний нэг нь өөрийн нэрийн брэнд хувцасны дэлгүүрээ нээх явдал байсан. Энэ сарын 5-нд “Вива Сити” хороололд “Ариунаа Сүри” брэнд өөрийн жижигхэн ертөнцийг бий болгоход бэлэн болчихоод байна. Миний бөгөөд манай урлагийн хувьд талархалын өдөр байх болно. Ариунаа Сүри брэндийг дэмжиж ажилладаг найз нөхөд, ах эгч, бизнесийн хамтрагчдаа нэг дор цуглуулж өөрсдийн уран бүтээлээ толилуулахын зэрэгцээ “баярлалаа” гэж хэлэх юм.
- “Ариунаа Сүри” брэндийн бүтээгдэхүүнүүд ямар үнэтэй байх бол?
- Манайх дизайнер брэнд гэдэг утгаараа үйлдвэрийн бүтээгдэхүүний хажууд үнэтэй. Бид маркетинг, менежментийн зардал ч өндөртэй. Тэр утгаараа дэлхийн жишгийн дагуу дизайнер брэндүүдийн хэмжээнд л үнийг тогтооно.
- Монголдоо дэлгүүрээ нээж байна. Олон улсад хэзээ ямар байдлаар гарах төлөвлөгөөтэй байна вэ?
- Олон улсад өөрийн брэнд бүтээгдэхүүнээ бага сагаар гаргаад эхэлчихсэн. Түүнийхээ тоо хэмжээг нэмэх системтэй зорилт байгаа.
- Хувийн урлангаа нээн ажиллуулж байгаа таниас асууя гэж бодлоо. Монголд жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломж, бололцоо ямар байна вэ?
- Уг нь манай улс энэ тал дээр огт туршлагагүй улс биш шүү дээ. Одоогоос 20-иад жилийн өмнө Монголд савхи, арьсан эдлэл, ноос ноолууран бүтээгдэхүүний том үйлдвэрүүд байлаа. Тухайн үедээ Америк, Чех рүү хүртэл бүтээгдэхүүн гаргаж байсан. Тэр нь зах зээлийн шуурганд нэг хэсэг үгүй болсон ч эргээд сэргэж байх шиг байна. Ингэхдээ хувь хүмүүс бага багаар бүтээж байна. Өндөр хэмжээнд хурдтай бат бөх байдалтайгаар хөгжүүлье гэвэл улсын системтэй бодлого хэрэгтэй. Тухайлбал манайд хувцас үйлдвэрлэхэд товч, цахилгаанаас эхлээд бүх зүйлийг гадаадаас авч байна шүү дээ. Тиймээс үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд өндөр үнэтэй бүтэж байна. "Саалиа бэлдэхээр саваа бэлд" гэдэгчлэн боловсон хүчнүүдээ ч хангалттай бэлдэх нь чухал.
-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид “Монголд юм хийх гэхээр татвараас эхлээд дарамт их” байна гэж ярьдаг. Танд энэ мэдрэгдэж байна уу?
-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж сүүлийн жилүүдэд эрх баригчид эрчимтэй ярьж байна л даа. Үнэхээр л дэмжье гэж байгаа бол эхлээд татварын бодлогоо уян хатан байлгах шаардлагатай. Энэ чинь л хамгийн том бөгөөд чухал дэмжлэг шүү дээ.
-Та олон жил гадаадад амьдарсан. Тухайн улсууд энэ асуудалд яаж ханддаг юм бэ?
- Миний анзаарсанаар Германд үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа хүн эхлээд үйл ажиллагаа явуулах газраа олдог. Дараа нь зорилго төлөвлөгөөгөө танилцуулдаг. Ингээд улсаас нь гурван жилийн түрээсийг нь төлөөд өгчихдөг юм билээ. Мөн үйл ажиллагааных нь урсгал зардлыг нь ч тодорхой хэмжээгээр дэмждэг. Ажилчдынх нь нийгмийн даатгалыг нь улсаас нь төлөөд өгчихдөг. Төрөөсөө ийм хэмжээний дэмжлэг авсан хүний бизнес гурван жилийн дотор тодорхой хэмжээгээр хөл дээрээ зогсож таарна аа даа. Тэр үед нь маш бага багаар татвараа авдаг. Зээл шиг. Гэхдээ тэр нь ямар ч дарамт учруулдаггүй. Өрнөөсөө яаж гарна аа гэсэн дарамт хэнд ч байдаггүй гэсэн үг. Манайд үүнтэй адил тухайн хүний эдийн засгийн боломжтой зохицсон татварын уян хатан зохицуулалт хэрэгтэй байна. Өнөөдөр дөнгөж үйл ажиллагаа эхлэж байгаа нь татварын том системд дарагдаж байна. Зээл аваад нэг ажил эхлүүлдэг. Тэр өдрөөсөө эхлээд л зээлээ яаж төлөх үү гэсэн дарамтад ордог. Энэ нь ч ажлын амжилт үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Татварын ийм хахир бодлогоор явсаар байвал бид үйлдвэрлэгч улс болж чадахгүй. Мөн дээрээс нь зээл авахад маш их өндөр босго тавьдаг. Тэр шалгуурт нь тэнцэх хэдэн зуун сая төгрөгний барьцаа хөрөнгөтэй хүнд өндөр хүүтэй зээл авах шаарлага байна гэж үү. Энэ мэтчилэн маш их зүйл уялдаа холбоогүй байна.
Ярилцсан: А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 4 )
ОВОГ НЬ МОНГОЛ ЛАВ БИШ. ЧАМИРХАЖ ӨӨРӨӨ АВСАН ХОЧ БОЛ ЭНЭ ХҮН СЭТГЭЛ НЬ ЛАВ МОНГОЛ БИШ.
butelgui,hulhi jum bna lee,hol yavsan deer ene hunees
УХААНТАЙ ОХИН БАЙНА.АРГАГҮЙ ГАДААДАД АЖИЛЛАЖ АМЬДАРЧ ӨНДӨР БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН НЬ МЭДРЭГДЭЖ БАЙНА.ТӨР ЗАСАГ МААНЬ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БОЛОХ ИЙМ ХҮМҮҮСЭЭ ДЭМЖЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
yag zov