Хүний толгой шилжүүлэн суулгах мэс засал хийнэ гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 09

Италийн мэс засалч Сержио Канавера нуруу нугасны өвчнөөр шаналж байгаа оросын нэртэй программ зохиогч Валерий Спиридоновын толгойг өөр биед залгах мэс засал хийнэ гэснийг өвчтөн нь зөвшөөрлөө хэмээн The Daily Mail мэдээлжээ. 
“Би профессор Канаверогийн судалгааны ажлын тухай уншаад хоёр жилийн өмнө захидал бичиж энэ мэс заслаа надад хийнэ үү гэж санал тавьсан юм. Би хэзээ ч уулзаж байгаагүй, зөвхөн электрон шуудангаар л харилцдаг” гэж Спиридонов хэлж байна. 
ОХУ-ын Владимир хотод амьдардаг 30 настай Спиридонов мэс засал амжилттай болно хэмээн эмчид итгэж байгаагаа хэлжээ. Түүний бие өдрөөс өдөрт муудсаар байгаа болохоор толгой шилжүүлэн суулгах нь л түүний ганц найдлага гэж хэлжээ. 

Харин Канарева "толгой, нугас шилжүүлэн суулгах мэс заслын гол туршилт нь энэ орос эр болно. Түүний донор нь биеийн бусад хэсэг нь эрүүл ч зөвхөн тархины өвчнөөр нас барсан хүн байх болно" гэв. 36 цаг үргэлжлэх энэ мэс засал 7,5 сая фунт стерлингээр үнэлэгдэж байна. 
Толгой шилжүүлэн суулгах мэс заслыг өмнө нь сармагчин дээр туршсан  ч тэр нь найман хоногийн дараа нас барж байсан юм. Тиймээс Канаверийн мэс заслыг нийгэм, мэргэжлийн олон эмч таашаахгүй янз бүрийн хүний эд эрхтэн нийлүүлэн бүтээсэн Франкештейн киноны баатар шиг болно хэмээн шүүмжилж байна. 
“Би ийм мэс засал хийхийг хүсэхгүй. Үхлээс долоон дор өчнөөн зүйл байдаг ч гэлээ би үүнийг хэн нэгэн дээр туршихгүй байсан” гэж Америкийн тархины мэс заслын нийгэмлэгийн тэргүүн Хант Блатьер CNN-д ярьжээ. Мөн сармагчин дээр хийсэн туршилт нь ийм мэс заслыг хүн дээр хийх баталгаа болохгүй гэж хэлжээ.

Италийн мэс засалч хүний толгой шилжүүлэн суулгах мэс заслаа 2016 онд хийнэ гэсэн ч чухам хэзээ гэдгээ хэлээгүй гэнэ.
Хэрэв түүний мэс засал амжилттай болбол өөр хүний бие дээр ажиллах анхны толгой нь оросын программ зохиогч Спиридонов болох юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top