Бараг бүх хүн азаа үзэх дуртай. Тийм тул элдэв янзын сугалаа, лоттерей, казино дэлхийн хаана ч ашигтай бизнес байсаар ирсэн. Бүр казиногоор хөгжил дэвшлийн магнайд хүрсэн орон хүртэл бий. Бидний мэдэх Макао бол казиногоор хөлжсөн цөөхөн хэдэн орны нэг. Казино ашигтай гэх үг Макаогийн жишээгээр батлагддаг. Гэхдээ казиногоос гаралтай сөрөг зүйлсийн тухай яриа ч өнөөх Макао тийш хөтөлнө. Манай орноос хүний наймаанд сайн дураараа болон, санамсар болгоомжгүйгээсээ өртсөн олон эмэгтэйчүүд Макаод хүчээр биеэ үнэлж байдаг тухай баримт нэлээд бий. Гэнэтийн их мөнгө хүнийг зугаа цэнгээн тийш хөтөлдөг, харин зугаа цэнгээн хэтрэхээрээ шорон тийш залж орхино. Энэ бол казиног эсэргүүцэгчдийн түгээмэл шалтаг шалтгаан. Казиног хүсэмжлэгчид харин Лас Вегас, Монте Карло, Макаогийн эдийн засгийн үзүүлэлт, тоон дүн дээр голчлон тоглолт хийнэ.
Монголд казино байгуулах тухай яриа дахин босч ирлээ. Яг л “европ тивд коммунизмын хий үзэгдэл тэнүүчилж байна” гэдэг шиг төрийн ордноор казиногийн хий үзэгдэл тэнүүчилсээр хорин жил өнгөрөв. Ямар ч үед казино ашигтай бизнес гэдэг нь үнэн. Харин казиногоос хэн хожих вэ гэдэг нь тухайн улсын засаглал, иргэдийн ухамсартай шууд холбоотой ойлголт. Урьд муушиг, даалуухан төдийхөнд хонон өнжин эд хөрөнгө, эхнэр хүүхдээ хүртэл тавиад туудаг явдлаас өөрөөр мөрийтэй тоглоомын түүх ховортой манай улсад энэ бизнесийг ашигтай эсвэл ашиггүй талаар ярих нь “Хонгиорсон” явдал болно. Ямартаа ч казино байгуулахтай холбоотой манай улс төрд өрнөсөн үйл явдал магадгүй олон арван нууц бүхий синдикат үйлдэл байж магадгүй гэсэн хардлага төрүүлэхүйц түмэн янзын өнгө сүүдэр дагуулсан. Өнөө ч дахин амилах гэж тийчилж буй “казиногийн сүнс” хорин жилийн өмнө гүйцээгээгүй золиос, олж чадаагүй ашиг, дуусгаж чадаагүй синдикатаа төгсгөх гэж байж магадгүй.
#1 Синдикатын эхлэл
Манай улс төрчид маш том бүлэглэлийн тухай ихээхэн ярих дуртай болсон ч чухам тэр бүлэглэл хаанаас гаралтай, хэн хэн ордог, гол толгойлогч нь хэн болох тухай баримт нотолгоотой хэлсэн нь нэгээхэн ч үгүй. Өнөөх л “коммунизмын хий үзэгдэл” гэдэг шиг “том бүлэглэл”-ийн хий үзэгдлээр ард түмнийг айлгаж байгаад өрсөлдөгчөө нугаслах, өөрийгөө дөвийлгөх төдийд л энэ үгийг ашигласаар ирсэн. Гэхдээ энэ нь маш том бүлэглэл огт байдаггүй гэсэн үг биш. Энэ бүлэглэл байдаг. Байхаар барахгүй маш олон хүний энгийн амьдралд эрээ цээргүйгээр нөлөөлдөг нь бараг нотлогдоод байгаа. Нотлогдоод ч гэж дээ. Нотлох албагүй үнэн болж хувирсан ч юм уу даа. Том бүлэглэлийн эхлэл нь Монголд казино байгуулах гэсэн анхны санаачлагаас үүдэлтэй ч байж болно. 1990 – ээд оны дунд үеэс эхлэн гаднынхан Монголыг сонирхох нь илтэд нэмэгдсэн. Энэ нь Монгол улсад ардчиллыг авчирсан залуус засгийн эрхэнд гарсан 1996 оны сонгуулиас үүдэлтэй байв. Бүх нийтээр бичиг үсэг тайлагдсан, Орос, Хятад гэх хоёр том хөршийн дунд байрлалтай зэрэг давуу талууд нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхэлж байсан нь тэр. Гэвч дэд бүтэц, харилцаа холбооны салбар төдийлөн хөгжиж чадаагүй Монголд хөрөнгө оруулалт хийх нь ихээхэн хэмжээний “ногоон” шаардаж байсан нь ч мөн ойлгомжтой. Ингээд уул уурхай, үйлчилгээ, банк санхүүгээс илүүтэй казино гэх мэт эрсдэл багатай бизнест хөрөнгө оруулах хүсэлт тэр үед гаднынханд төржээ. Ганц гадаадынханд гэлтгүй манайханд ч амархан баяжих нууцхан хүсэл оргилж байсан нь тодорхой. 1996-2000 оны хооронд Чингис зочид буудал болон өөр хэд хэдэн газар хууль бусаар казино ихээхэн ашигтай ажиллаж байсан мэдээ ч мөн байдаг. Тэрхүү казинод ирц нь хүрдэггүй УИХ-ын гишүүд бараг бултаараа тоглодог байсан тухай яриа бас бий. Ингээд хууль ёсны казино байгуулах дээрээ тултал нэг асуудал гарсан нь манай улсад аялал жуулчлал төдийлөн хөгжөөгүйд байлаа. Гэвч газар зүйн онцлогоос нь шалтгаалан гадаадууд бүү хэл Монголчууд бид ч юу юугүй ЕвроАзийг дамнасан шинэ бизнес эдийн засгийн коридор нь Монгол улс болох боломжтой гэж мөрөөдөцгөөсөн. Энэ мөрөөдөл хаа хаанаа байсан тул тэр үед казино яригдах боломжтой байсан юм. Энэ мөрөөдөл биелэх боломжтой тул Монголд өндөр ашигтай казино байгуулах боломж ч мөн байсан юм. Харамсалтай нь казиногийн асуудал нь тун удалгүй сайтар боловсруулсан синдикат болж хувирсан. Тухайн үед буюу 1990-ээд оны сүүл үед Монгол улс хэсэгхэн хугацаанд “Казиногийн тухай хууль” баталсан. Ингээд казиногийн эрхийн төлөө тендер зохион байгуулжээ. Тендерт өдгөө “Казино Байгал” хэмээгдэх болсон эрхмийн МонМакао компани ялсан. Гэвч өрсөлдөгчид нь тендер шударга бус болсон хэмээн шүүхэд өгснөөр алдарт “Казиногийн хэрэг” бий болж, Монгол улсад анх удаа авилгалын хэргээр ял өгч, аанай л анх удаагаа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шорон тийш илгээсэн хачирхалтай үйл явдал өрнөжээ. Угтаа казино байгуулагдан ажиллаж байгаа үед юу юм гэхээс байгуулагдаж ч амжаагүй казино эзэн холбогдогчдоо шоронд хөтөлсөн түүх бараг байгаагүй. Байдаггүй процессыг байлгаж орхидог Монголын улс төрд казино гэх ойлголт авилгал, дарамт шахалт, зохион байгуулалттай баривчилгаа гэх олон дүү нартайгаа цуг орж ирэв. Казиногийн хэрэгт Дашзэвэг хэмээх архинд тун чиг их толгойгоо мэдүүлсэн УИХ-ын гишүүн анхлан “Да.Ганболд, Энхбаатар нар өрөөндөө маш их хэмжээний цүнхтэй мөнгө тоолж байсан. Өөрт нь боодол доллар бэлэглэсэн” хэмээн мэдэгдэж “Би маш их зовж байна. Тун хэцүү байдалд байна. Надад тусламж, хамгаалалт хэрэгтэй байна. Би өөр бас нууц юмнууд мэдэх учир намайг хэн ч хэзээ ч яаж ч магадгүй юм” хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Дашзэвэг нь өөрөө мурийтай тоглоом, согтууруулах ундаанд нэлээд хорхойссон нэгэн байсан тул хэн нэгний барьцаанд орж элдэв үйлдэл хийх, мэдүүлэг өгсөн байх мөн магадлалтай. Энэ тухайд XLTA хэмээн алдаршсан компанийг, тухайн компанийн удирдлагуудыг мөн хардаж болно. Энэ байгууллага казиногийн тендерт оролцож ялагдан, захирал Б.Батболд нь гомдол гаргасан байдаг. Ингээд гомдолын мөр нь ийнхүү гурван УИХ-ын гишүүнийг авилгач болгон шоронд оруулсан. Харин нэрт нийтлэлч Баабар энэ хэргийн тухайд хамгийн том хэрэгтэн нь гэмт хэрэг үүрээгүй гэж үздэг. Хамгийн том хэрэгтэн хэмээгч нь мэдээж тухайн үед Н.Энхбаяр байсан бололтой. Казиногийн хэргийн ард, Да.Ганболдын өрөөндөө тоолж суусан мөнгөний ард чухам АН-ын дараагийн ялагдал, Н.Энхбаярын хаанчлалын эхлэл байсан гэж үзэж болно. Тийм биш байлаа ч үйл явдал тэгж өрнөсөн. Хэрэгт буруутгагдсан нөхөд эрх мэдэл албан тушаалаасаа ховх сугарсан бол хэргийн нарийн ширийнийг мэдэх олон эрхэм дараагийн синдикатад өртсөн нь алдарт центрпойнтын гэх хэрэг болжээ.
#2 Синдикатын дараагийн өрнөл
Улс төр бизнесийн хүрээнийхнийг дарамтлагч рекетерүүд гэх ойлголт 2000-аад оны эхэн үед газар авлаа. Гол дүрүүд нь “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, Мунзуй Нямдорж, Дамбын Хишгээ, Шөвгөр хочит Өлзий, Шар Энхээ нар байв. Энэ дундаас Ч.Энхтайван улс төрийнхний нууцыг мэддэг тэр үүгээрээ ихээхэн дарамталдаг хэмээгдэж байв. 2002 онд алдарт центрпойнтын хэрэг, Гүнтийн буудалцаан гэх мэтийн доор эдгээр атамануудтай цуг өнөөх казиногийн тендерт ялагдсан XLTA-ийн Б.Батболд хоригдох ял авчээ. Казиногийн хэргээс хэн хожиж хэн хохирсон тухай мэддэг бүхнийг хориход илгээсэн дүр зураг эндээс харагдана.
#3 Синдикатын бас нэгэн хувилбар
С.Зориг агсны аллага Монголчуудын ой санаанд хар мөр үлдээсэн ч хамтран зүтгэгч олон хүнд нь боломж олгосон нь гарцаагүй үнэн. С.Зориг гэдэг хүн амьд байсан бол Э.Бат-Үүл бус С.Зориг МУ-ын баатар болох байлаа. С.Зориг гэдэг хүн амьд байсан бол Ц.Элбэгдоржоос өмнө С.Зориг ерөнхийлөгчид өрсөлдөх байсан. Түүний орон зай, нэр хүнд дундуур зүтгээд гарчих чадварлаг боловсон хүчин Ардчилсан хүчинд байгаагүй. Ер дан ганц АН гэлтгүй тухайн үеийн МАХН-д ч С.Зориг том өрсөлдөгч байсан нь гарцаа байхгүй үнэн. С.Зоригийн аллага казиногийн нуралттай мөн холбогддог. Аллага нь өөрөө казинотой эс бөгөөс өөр чухам юутай холбоотой нь нотлогдоогүй, нотлох нь сэтгүүлчийн гэхээсээ шүүх цагдаагийн ажил. Аан харин үхэл нь казиногийн хэрэгтэй холбогдсон түүхийн талаар Баабар өөрийнхөө нийтлэлд дурдсан байна билээ. Тэр нийтлэлд “Бүхий л хууль дүрэм дэг жаяг үйлчлэхээ нэгэнт больжээ. Хуулийн төсөл Засгийн газраар ч орсонгүй, өргөн баригдсан өдөртөө УИХ-д орж ирэв. УИХ нь дотроо Зоригийг алсан, Зоригийг алаагүй гэсэн хоёр бүлэгт хуваагджээ. Зоригийг алаагүйчүүд өнөөдөр яллагч нар, эзэн, жинхэнэ хууль тогтоогчид. Зоригийн алсанчууд гэмтнүүд, гэмээ нуухын тулд хуулийг хүчингүй болгохыг эрс эсэргүүцэцгээв. Хэдэн сарын өмнө Казиногийн хууль баталж байхад улайран эсэргүүцэж, энэ хууль цаг үеэ олоогүй байна гэж байсан Бат-Үүл, Болдхэт нар өнөөдөр Зоригийг алсанчуудад багтах тул нэгэнт батлагдсан хуулийг хүчингүй болгох нь алсын хараагүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн, улс орны хөгжилд хортой зүйл гэж байлаа. Зоригийг алаагүйчүүд болох МАХН, “Техноартын 13” өөрсдийгөө “Зориг агсны фракц” гэж шинээр нэрлэх болсон Хулангийн бүлгийнхэн түрүүн хууль батлагдахад дэмжиж байсан бол өнөөдөр казино бий болсноор Монголд аллага хүчирхийлэл газар авна хэмээлдэн хуулийг хүчингүй болгохоор цогтой тэмцлээ. Үүнээс гадна хуулийг хүчингүй болгох нь хортой гэж мэдэж байсан боловч үүнийг эсэргүүцвэл Зоригийг алсан хэрэгт орооцолдох вий гэж эмээсэн олон хүн байв. Ийнхүү казиногийн хууль 80 орчим хувиар батлагдаж байсан бол хэдхэн сарын дараа мөн хувиар хүчингүй боллоо. Одоо Зоригийн аллага казино хоёр холбоотойг батлах нөр хөдөлмөр эхэлж мэргэжлийн ба мэргэжлийн бус бүх хүрээнийхэн ханцуй шамлан орцгоов. Үүн шиг хэтэрхий илэрхий, улайм цайм, цаад захиалсан эзэд нь дэндүү тодорхой хэрэг урьд өмнө тохиолдож байгаагүй байх. Гагцхүү зарлах л үлдлээ” хэмээн бичсэн нь хар дээр цагаанаар тодоос тод үлджээ.
#4 Нэг синдикатын төгсгөл нөгөө синдикатын эхлэл
Хэрэв энэ бүх үйл явдал синдикат үйлдэл байсан бол төгсгөл нь өнөөх л Центрпойнтын хэрэг байх ёстой байлаа. Гэвч казиногоос олох их ашиг ч тэр, өмнөх процессын үр дүн ч гэсэн энэ сэдэвт шунан дурлах хүмүүсийн шуналыг дарж чадсангүй. Өнөөдөр Монгол улсад казиногийн тухай хууль дахин хэлэлцэгдэж, казиногийн сүнс амь орохоор тэнүүчилж эхэллээ. Таван удаа сөхөгдөн буй энэ хууль Ж.Эрдэнэбат сайдын өнгөн дээр амь орох бололтой. Өнгөрөгч их хурлын үеэр орж ирсэн казиногийн хууль хязгаарлагдмал хүрээнд үйлчлэх, нээлттэй байх эсэх дээр нэлээд маргаан өрнөөд авсан. Өөрөөр хэлбэл Монголчуудад үйлчлэхгүй, үйлчилнэ гээд маргалдаад байна. Хэрэв Монголчуудад үйлчиллээ гэхэд өр ширэндээ баригдсан ядуу Монголчууд маань ломбард шиг л санана. Өнөөдөр автомат тоглоомын газар Улаанбаатар хамгийн их үйлчлүүлэгчтэй газар байгааг мартаж болохгүй. Өр ширэндээ баригдсан хүн азаа үзээд алдахаас айдаггүй. Ер нь л өртэйчүүд мөрийтэй тоглоомд их автдаг нь ажиглагддаг. Гэхдээ Монголчуудад үйлчлэхгүй байгуулна гэвэл нэг том асуудал бий. Тэр нь Монгол 1990 оноос нэг их дээшилж шалиагүй байгаа. Манайд гаднын олон хүн холхидоггүй. Газар зүйн байршил мань эдийн засгийн шинэ коридор болж чадаагүй л байна. Тэгэхээр манай казино зүг зүгийн далайн тээвэр, нисэх онгоцны сүлжээ бүхий Макао, Европын тэхий дунд орших Монте Карло, аялал жуулчлалын төв Чэжү аралд байрлах казинотой өрсөлдөж чадахгүй, гадаад үйлчлүүлэгчээр халгиж бялхаад байх нь юу л бол. Угаасаа Монголд хамгийн хямд зардлаар аялах гэж ирдэг хэдэн “үүргэвчтэй аялагч” нар бол казино орох гэхгүй нь тодорхой. Тэгээд ч Шанхайн тэрбумтан манай өөдрөг үзэлтнүүдийн харж байгаа шиг Замын-Үүдийн элсэн дунд казинодох гэж явахаас илүүтэй бүх л зүйл нь аль эрт хөгжиж гольдролдоо орсон Макаог зорих нь ойлгомжтой. Эдийн засаг хямраад доллар 2400 төгрөг даваад ирэхээр амь тариа хийх гэж байгаа санаа нь казино гэж харагдуулах гээд байх шиг байна. Үнэндээ энэ казино бол эль эртийн үлгэрийн үргэлжлэл, олон хүний мөнгө, амь нас, эд хөрөнгөнд шунан ирж буй айдас юм. Өнгөрсөн жил “Блүүмбэрг” сувгаар Макаогийн нэгэн тэрбумтан Токиод казино байгуулах гэж Японы улс төрчдийг дөрвөн тэрбум иенээр лоббидож буй тухай ярьж байлаа. Гэхдээ энэ лобби бол авилгал биш. Хүлээн зөвшөөрөгдсөн цэвэр мөнгө, цэвэр үйлд зарцуулагдаж байгаа процесс. Ер нь аль ч улсад казино эсэргүүцэлтэй тулгардаг. Тиймийн тул лобби зайлшгүй гардаг байна. Харин Монголд лоббиг хуульчлаагүй. Тэгэхээр лобби бус авилгал өгөх хэрэг гарна. Лоббиг хуулиар хүлээн зөвшөөрсөн ч лоббидуулах бус авилгал авахыг манай хэд илүүд үзэх нь тодорхой. Тэгэхээр УИХ-д бүхэл бүтэн хорин жилийн турш тавын таван удаа орж ирээд буй “казиногийн сүнсийг” хэн амьдруулах гэж авилгал “манай хэдэд” өгөөд байгаа тухай хардлага зайлшгүй гарах ёстой. Энэ удаад засгийн газар казино байгуулахаар хүслээ. Ж.Эрдэнэбат сайд минь эдийн засгийн амь тариа гэж санасан казино чинь албан тушаалд тань тулгасан буу байж мэднэ гэдгийг сайн санаарай. Манайд казино байгуулж болно. Эхлээд казинодоод гарах чадамжтай иргэдтэй, казиногоос өөрөөр зорьж ирж мөнгө цацах аялал жуулчлалын салбартай болоод авбал уг нь их зүгээр байна.
С.Амаржаргал
Сэтгэгдэл ( 11 )
Казино хэрэггүй маш зөв нийтлэл байна.
har muriitei togloomiin gazar boloh cazino Mongold hereggui.
ene chin yagaad gar buu shanaandaa tulgachihaa be? odoo buudlaa yu?
...хийчихсэн гэхээр тэгвэл танай дарга нар манай си даргаас хол илүү ухаантай юмаа гээд л шоглосон юм.
манай нэг өвөрмонгол найз 3сая хүнтэй 60сая малтай ийм их баялагтай байж ар монголчууд минь яагаад ядуураад бнаа гээд гайхаад байдаг юм .тэр мөн та нар алтан аяга барьчих аад Хятадаас будаа гуйгаад л Өмнөговио барьцаанд тавина гээд л байх юм гээд гайхдаг .Надад хэлэх үг олдохгүй манай дарга нар өөрсдөө идээд байхаас ард иргэддээ өгдөггүй юмаа л гэдэг юм .тэгэхээр манай си дарга шиг хүн гарч ирээд хулгайчид дарга нарыг чинь буудаад өгөөсэй гэх юм .тэр СИ гарч ирээд дарга нарын иддэг мөнгийг бидэнд өгч эхэлсэн учир сүүлийн жилүүдэд амьдрал сайжирсан гэх юм .Би манай дарга нар цаазын ялыг үгүй хи
demjine
Cazinog demjij bn.Heregtei shuu manaid.Evropd bi cazinog ajilladag.Ih ashigtai jm bilee! End azias irj toglodog.Ene baychuudiig mongoldoo avchirch mongiig ni tsugluulaa.Ylanguya hytaduud ih toglodog!!!
Казинод бараг 10жил байж жижиг судалгаа хийв.казино Байгалийг л дэмжих бай сан юм.одоо ирэх хун багассан.манай улс торчид их л алдаа гаргах юм даа.хэтэрхий оройтсон байгаа.
Манайх уг нь оффшор болвол жинхэнэ баллах юм баыгаамдаа. 2хөрш хоёулаа жинхэнэ оффшор бүсэд мөнгөө хамгийн их байгуулдаг улсууд оросод бизнес хийхэд үнэхээр хүндрэлтэй учир бүх компаниуд нь оффшор ашигладаг хятадад бас л айдастай учир мөнгөө оффшор бүсэд хадгалдаг хамгийн ойр нь манайх тэгэхээр бидэнд уг нь маш том боломж биы
haha
Barisan ni deersh dee um hiih bolhoor l dandaa ingej hutsaj baihiin. Bur offshore bus bolchivol amar Oros China 2 mongold mongoo hadgaldag irj casino toglodog bolchivol. Gazar maltahion hereggui bolno