Д.Ганхуяг: Цөмийн хаягдал булах асуудлыг О.Чулуунбат Тайваньд хэлэлцсэн байдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

Сүүлийн үед цөмийн хаягдлыг Монголд булшилна гэсэн мэдээлэл олны анхаарлын төвд орж, энэ мэдээллийг манай талын холбогдох албан тушаалтнууд үгүйсгэж байгаа билээ. Гэтэл энэ мэдээллийг улс төр судлаач Д.Ганхуяг бодит мэдээлэл хэмээн үзэж байгаа талаараа өөрийн блогтоо бичсэн байв. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Сая Монголд цөмийн хаягдал булшлах гэж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Гэтэл та цөмийн хаягдлыг аль эрт Монголд булсан хэмээн блогтоо бичсэн байна?
-Би 2005 онд энэ талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл олж сэтгэл түгшин, ҮАБЗ, УИХ-ын 76 гишүүнд нэр нэрээр нь, мөн АБГББХ-ны дарга М.Энхсайхан нарт товч захидал бичиж байсан юм. Үүнд манай төрийн ганц ч албан тушаалтан хариу өгөөгүй. Ингээд 76 гишүүн бүгдээрээ биш юмаа гэхэд, ядахдаа хэн нэг нь шалгана гэж найдсан маань талаар өнгөрсөн. Энэ талаар Тагнуулын газраас л утсаар лавласан бөгөөд тэдний асуултын агуулга намайг мэдээллээ хаанаас олж авсныг мэдэх гэсэн бүдүүлэг тэнэг оролдлого байсан.

-Та УИХ-ын гишүүдэд ямар утгатай захидал хүргүүлж байсан юм бэ?
-Тухайн үед ОХУ-ын Төрийн Думын зарим гишүүн идэвхтэй хөөцөлдөж, атомын цахилгаан станцын цөмийн хаягдлыг ОХУ-ын нутагт өндөр хөлсөөр булшлах шийдвэр хэдэн жилийн өмнө гаргуулж амжсан юм байна. ОХУ-ын энэ шийдвэрийг ашиглан аюултай хаягдлаасаа салах хүсэлтийн эхнийхийг Тайваниас хүлээн авчээ. ОХУ-ын улс төрийн зарим зүтгэлтний энэ санаачилгаас манай зарим дээдэс санаа авч Тайванийн атомын цахилгаан станцын цөмийн хаягдлыг Монголд булшлах боломжийг эрж хайсан байна. Хэрэв гадны цөмийн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшилсан, эсвэл ийм төрлийн гэрээ хийсэн буюу хийхээр оролдсон бол энэ нь үндэсний аюулгүй байдалд ноцтой харшилсан гэмт хэрэг болох юм. Энэ асуудлаар Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр, Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат нар санаа сэдэж, О.Чулуунбат биечлэн Тайваньд очиж хэлэлцсэн мэдээ байна. Иймээс Н.Энхбаяр, О.Чулуунбат нар чухам юу сэдэж, ямар үйлдэл хийснийг нь албан ёсоор шалган үзэж, тэднээс энэ асуудлаар тайлбар авах шаардлагатайг УИХ, ҮАБЗ-ийн сонорт хүргэж байна гэсэн захидлыг УИХ-ын 76 гишүүнд хүргүүлж байсан.

-Энэ бүх ажлыг хэн хийсэн юм бэ?

-Цөмийн хаягдал булах асуудлыг Н.Энхбаярын шууд даалгавраар Монголбанкны О.Чулуунбат Тайваньд очин хэлэлцэж зарим нэг үр дүнд хүрсэн нь бараг тодорхой байдаг. Булсан газрыг нь ч барин тавин ярих хүмүүс байдаг нь сонсогддог. Иймээс Монгол Улс их эртнээс энд тэндхийн цөмийн хаягдлын агуулах болсон гэж үзэж болно.Тухайн үед энэ мэдээллийг нийгэм, олон нийт ч тоогоогүй нь бас баримт. Одоо л аюулын цар хэмжээ, хор уршгийг ойлгож байх шиг байна. Шалгадаг төртэй бол дахиад ч ярих юм байна.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top