Б.Доржпалам
Морин өртөө
Төрийн гэргэтэй эрчүүдийн
Алслах харгуй өртөө
Төмөр дөрөөгөөр илүүрдсэн
Алтан шар зам өршөө
Гал нарнаас тасарсан
Ганц дусал өдрүүд гялс, гялс хийнэ
Газар дээр Монголыг өргөсөн
Ган дөрөө ханхийнэ.
Монгол өртөө гүйцэлдэн хөөцөлдөн
Морьтон эрсийг есөн зоос шиг гүйлгэж
Хатиран цогино, хатиран цогино
Хаврын хавсарган нөмрөгтэй улсууд
Харвасан сум шиг дүүлмүү
Цадиг нэгт нөхдийнхөө араас
Цавчилдаж одсон нохдынхоо араас
Цагийг нэхүүлж тавьсан
Цантай морьд
Цангинатал янцгаахад
Цаад уулын өвөрт ижил нь янцгаана
Тоорил ван шиг дайчин эр
Тосож авна
Тоорой банди шиг сайн эрд
Залгуулж өгнө
Тоостын цэнхэр хаяа
Хэдхэн өртөө үлдэнэ
Занги- занги эргүүлэгтэй
Мөрөн голыг туулж
Зарга чарга халтиргаатай
Мөнх цастыг давж
Хөрстийн суман өртөө
Аянгын гялбаа шиг ороолгоно.
Хөх тэнгэрийн хууль .
Аюутугай! хэмээн довтолгоно
Гариг оддыг усалдаг
Ганц нуур шиг шөнүүд тунас, тунас хийнэ
Газар дээр Монголыг өргөсөн
Гал морин цахим хийнэ
Морьтон эрс яаран, яаран
Монгол бичиг шиг гүйлгэн буулган
Цахилан цогино, цахилан цогино
Цасан шуурга нөмрөгтэй улсууд
Цагийнхаа хүрдээр салхилмуу
Харвагдаж одсон нөхдийнхөө араас
Хасар, Басар нохдынхоо араас
Хаан эзнийхээ зарлигийг
Халуун дээр нь авчирсан морьд
Хангинатал янцгаахад
Харчин өртөөний уяан дээр болзоо нь үүрсэнэ
Зарагч Шихи-Хутаг шиг баатар эр
Залгаж хатирна
Засагт хааны цахиур Төмөр шиг сайн эр
Тосож авна.
Замбуулингийн цэнхэр хаяа
Ганцхан өртөө үлдэнэ
Бэрс-тэрс уулсыг давсан
Тэр их замаар
Бэрх-бэрх усыг гаталсан
Бээжин замаар
Ташуурын сур шиг
Тасхийсэн зарлиг довтолно
Аадрын цахилгаан шиг хууль
“Аюутугай” хэмээн уулгална
Үнэн алдарт шашинтны
Довжоо нь гялалзсан ордуудад
Үүлэн луу ороосон
Дорнын ногоон хотуудад
Үйсэн дээр зурсан айлдвар
Монголын хаанаас ирснийг задалбаас
Тулах цэг аль! Хөшүүрэг байна
Дэлхийг өргөе! “Архимед”
Туулах зам аль! Морин өртөө байна
Сарыг тойрьё “Өгөөдэй” гэжээ.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )