УИХ-ын гишүүдийн ажлын үр дүнг хэмжинэ гэвэл их олон зүйлийг хамааруулж, сонгогчдынх нь оролцоо, үнэлэмжийг ашиглах хэрэгтэй болох байх. Гэхдээ энд голлон барьж авах нэг л зүйл бий. Энэ нь тэдний хууль санаачлах, хуулийн хэрэгжилтийг хангах талаар хийж буй ажлын чанар чансаа юм. Дөрвөн жил УИХ-д суугаад нэг ч хууль санаачлаагүй, хуулийн хэрэгжилтийг хянах ажил хийгээгүй хүн байдаг юм билээ. Тэднийг сэтгүүлчид хэдийнээ “Кнопчин” гээд нэрлэчихсэн. УИХ-ын гишүүн Д.Балдан-Очирын хувьд арай “кнопчин” болчихгүй юм шиг байна. Тэрээр банкны системийг эрүүлжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан гэж банкирууд үнэлдэг ажээ. Өнгөрсөн онд түүний санаачилж УИХ-аар батлуулсан банкны тухай шинэчилсэн хуулиар гадаадын компаниар дамжуулан хөрөнгө оруулж банк байгуулах, компаниа худалдахдаа банкаа давхар борлуулж байсан зэрэг илт луйврын гэмээр зөрчлүүдийг таслан зогсоосон байна. Манай банкны системийн сүүлийн 20 гаруй жилийн түүхийг харахад үндсэндээ банк дампууруулж тоглогчдын гашуун түүх байсан гэхэд болно. Өнгөрсөн хугацаанд 50 хуулийн этгээд банк байгуулахаар зөвшөөрөл авсны 20 нь банкаа дампууруулсан байдаг байна. Тэгвэл одоо Монгол банкнаас арилжааны банкуудад тавих хяналт харьцангуй дээшилж, банкны систем сайжрах тал руугаа явж байгаа ажээ.
Х.Тулга. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )