Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах эсэхэд УИХ-ын чуулган нэгэнт цэг хатгалаа. Харин УИХ-д энэ талаар өргөн мэдүүлсэн шуугианы эзэн С.Эрдэнэ үүнд бухимдалтай яваа гэнэ. УИХ-ын чуулганы хуралдаан дээр ганцхан Д.Зоригтыг огцруулах тухай ярих нь хэт өрөөсгөл гэж үзэх гишүүд цөөнгүй байсан юм. Ардчилсан намын гишүүдээс ч “С.Эрдэнэ нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн энэ асуудал бол манай намын албан ёсны байр суурь биш” гэж мэдэгдэж байлаа. Тэгвэл С.Эрдэнэ намынхаа нөхдөд мөн гомдож яваа болов уу. Мань хүн удахгүй Ардчилсан намыг Засгийн газрын танхимаас гаргаж МАН-д дангаараа төр засгийн эрх барих үүргийг нь хүлээлгэхийг шаардаж эхлэх ажээ. Ингэхдээ одоогийн Засгийн газрын гишүүдээс дахиад таван хүнийг огцруулах үндэслэлээ бичиж УИХ-д өргөн барих юм байна. Хэрвээ таван сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоос өөр замгүй болно. С.Эрдэнийг ийм санал оруулахад харин УИХ хэрхэн авч хэлэлцэх, ямар шийдвэр гаргахыг одоогоор таах аргагүй. Ямартай ч тэр санасандаа хүрч таван сайдыг золигт гаргах ажилдаа оржээ. Тэдгээр сайдуудын тоонд юун түрүүнд Сангийн сайд М.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх зэрэг намынх нь найзууд ч багтах бололтой.
Х.Тулга. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )