Н.Энхбаярын нэрээр нэршсэн хэвлэх үйлдвэрийн байрны хувьчлалтай холбоотой хэрэг сэтгүүлчийн эрхийг хөндөөд байна. “Улаанбаатар таймс” сонины байр байсан энэ “балгас”-ыг анх хувьчилсан гэх Нийслэлийн засаг даргын шийдвэр саяхан хүчингүй болсон ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Менежментийн багийн ахлагчаар ажилласан сэтгүүлч До.Чулуунбаатарыг энэ хэрэгт холбогдуулан Ганц худагт харин цагдан хорьсон хэвээрээ л байна. Өчигдөр түүнийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн үзэг нэгт нөхөд нь Ганц худагт очиж эргэв. Ахмад сэтгүүлч Д.Дашдондов, С.Баасансүрэн нар түүнээс “Чамайг байцаасан мөрдөн байцаагч нар хэвлэх үйлдвэрийн цаад эзнийг хэл гэж тулгасан нь үнэн юм уу” гэж асуухад “Үнэн. Яг тэгж асуугаад байсан” хэмээн үзэг нэгт нөхдөдөө тэр үнэнийг илэн далангүй хэлжээ. Юуг нь ч нуух билээ дээ. Өнөөгийн манай цагдаа нарын арга барил хуучин социалист хэв загвараасаа салаагүй байгаагийн нэг жишээ энэ ажээ. Нарийн яривал аль эртний, бүр 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үеийн До яамныхны мөрдөн байцааж байсан аргаар тэд хүний эрхэнд ийнхүү халдсаар байна. До.Чулуунбаатарын биеийн жин 20 гаруй килограммаар хасагдан, нэлээд турж эцэж, ядарсан шинжтэй байгаа гэнэ. Сэтгүүлчдийн байгууллагаас түүнийг нэн яаралтай батлан даалтанд гаргахыг дахин шаардлаа. До.Чулуунбаатарын хэрэг гээд байгаашуу юмыг нь заавал эрүүгийн зүйл ангид хамааруулах үндэслэлгүй, иргэний журмаар шалган шийдвэрлэх боломжтой гэж хуулийн зарим ажилтнууд үзэж байна.
Сэтгүүлч Х.Тулга.
Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )