Монгол дахь авлигын нөхцөл байдал жилээс жилд улам далд хэлбэрт шилжиж, хүрээгүй тэлсээр байна. Олон улсын судалгааны байгууллагаас хийж буй дүгнэлтүүд үүнийг бэлхнээ нотолж байгаа ажээ. Авлигатай тэмцэх газраас гаргасан энэ оны тандалтын судалгааны дүн ч ийм байгаа ажээ. Ялангуяа улс төрийн хүрээн дэх авлига тэргүүн эгнээнд жагсаж байгаа гэнэ. Дараа нь төрийн албан хаагчдын авлига оржээ. Тэгвэл сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдан авах нь улс төрийн авлигын нэг гол хэлбэр байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам, тэдгээрээс нэр дэвшигчид сонгогчдод юм амлах, бэлэн мөнгө тараах, бараа таваар, хоол хүнс түгээх зэрэг нь улс төрийн авлига болно. Авлигын эсрэг олон улсын конивенцид ч үүнийг тодорхой заажээ. Уг конивенцид манай улс нэгдээд 10 гаруй жил болж байгаа хэрнээ Авлигын эсрэг хуулиндаа энэ талаар тодорхой заалт тусгалгүй өдий хүрсэн байна. Одоо шинэчлэх гээд байгаа эрүүгийн хуулинд нь ч бас ор тас орхигдсон нь тун хачирхалтай. УИХ-ын хууль зүйн байнгын хорооны хурлаар шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн төслийг хэрэлцэх үеэр харин УИХ-ын дарга Дэмбэрэл энэ талаар хатуухан сануулга өгөв. Манай улс төрчид урьдын адил авлигатай тэмцэх хүсэл сонирхолгүй байгаа юм байна. Улс төрийн авлигаар хоолоо олж иддэг хөөрхий тэд хэрвээ үүнийг нь хуулиар хорьчихвол турж үхнэ гэж айж байгаа бололтой. Энэ их хуралд сууж байгаа эрхмүүд л лав авлигыг хаацайлахаас биш устгахгүй гэдэг нь үүнээс тодорхой харагдаж байна.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )