БНХАУ-д бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн Л.Байгалмаагаар хар тамхи зөөлгөсөн Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт холбогдох дөрвөн хүний хэргийг өчигдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцлээ. Баянгол дүүргийн шүүх 2010 оны арванхоёрдугаар сарын 24 нд дээрх хэргийг хэлэлцээд Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт тус бүр 12 жил, Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх нарт тус бүр 6,8 жилийн хорих ял оноосныг хэвээр үлдээжээ.
Өөрсдөд нь оноосон ялыг хүлээн зөвшөөрөлгүй, хилсээр ял ногдууллаа хэмээн Л.Гантуул, Ё.Оюунбилэг нар давж заалдан, уг хэргийг 2011 оны гуравдугаар сарын 17-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт тус бүр 12 жил, Ц.Оюун-Эрдэнэд зургаан жил найман сар хорих ял оногдуулсныг хэвээр үлдээлээ. П.Алтансүхийн үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар "гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" хэмээн үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Тэд БНХАУ-ын Бээжин хотын Ардын дээд шүүхээс бүх насаараа хоригдох ял авсан Л.Байгалмааг 2009 оны зургадугаар сард Малайз улсаас БНХАУ руу 201 ширхэг үрэл буюу 2004 грамм героин хууль бусаар зөөвөрлүүлсэн. Мөн 2008 оны аравдугаар сараас 2009 оны зургадугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Вьетнам. Малайз, Азийн орнуудаар удаа дараа мансууруулах бодис хууль бусаар тээвэрлүүлсэн гэмт хэрэг үйлдсэн юм.
Түүнчлэн Ё.Оюунбилэг, Л.Гантуул нар 2009 оны зургадугаар сард Ц.Оюун-Эрдэнээр Малайз улсаас БНХАУ руу 31 капсул мансууруулах бодис, 2009 оны гуравдугаар сард Л.Байгалмаагийн үеэл П.Алтансүхээр Вьетнамаас Хятад руу, 2009 оны зургадугаар сард Лаосаас БНХАУ руу мансууруулах бодис хууль бусаар тээвэрлүүлэх үйлдлүүдийг зохион байгуулсан хэрэгт холбогдсон байна. Харин тэдний золиос болсон Л.Байгалмаа нь бүх насаараа хоригдох ялаа БНХАУ-ын шоронд биечлэн эдэлж байгаа билээ.
Д.Сэндэр.
Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )