Хараач, өнөөх Баабар чинь шалдан байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 19

Баабар шалдан байна. Тэр яг ардчилсан хувьсгалын эхэнд “Хаан шалдан байна” хэмээх алдарт өгүүллийнхээ баатар лугаа адил одоо шалдан харайж явна. Түүний шалдан байгааг хүмүүс хараад өөрт нь үнэнийг хэлж чадахгүй болжээ. Учир нь айгаад байдаг болчихож. Үүнийг бас нэгэн төрлийн дарангуйлал гэнэ. Мань хүн хорон үгээрээ “Ингэж өгүүлэв” хэмээн луйварчингууд  руу дайрсаар байгаад нийгэмд ийм гажиг үүсгэж байгаагаа өөрөө ч мэдэхгүйд хүрчээ. Саяхан түүний бичсэн “Оюу толгойн гэрээ тун тааруу болсон” өгүүллийг уншлаа. Уг гэрээ муу болсон нь яахын аргагүй үнэн. Гэхдээ Конакрийн Гвиней шиг алийгаа алдчихсан юм биш байх аа. Монголчууд гвинейчүүд шиг цугаараа бичиг үсэггүй шахуу ард түмэн биш. Хэн хэдий хэмжээний залилан хийгээд байгааг тоолж тооцоолох чадвартай улс. Английн “Рио Тинто” бол дэлхийд гайхагдсан том компани гэдэг  ч бас үнэн. Гвинейтэй хийсэн гэрээ нь  тун зальжин маягаар хийгдсэн. Ер нь аль ч компани өндөр ашиг олохыг хичээдэг. Ингэхдээ тухайн улсын хуулийн хүрээнд яаж зальдахаа дэндүү сайн мэддэг. Оюу толгойн гэрээн дээр “Айвенхоу майнз” ийм л зарчмаар ажилласан. Ашигт малтмалын тухай хуулиа өөрчил гэж манай иргэд энэ хэдэн мулгуу дарга нараас мөн ч их шаардсан. Даанч тэд өөрсдийнхөө бор ходоодыг бодсоноос цаашгүй. Тэгээд өр зээлтэйгээр дөнгөн данган 34 хувь дээр буусан. Одоо түүнээсээ монголчууд маань аваад цусалж байгаа. Эрх баригчид үүгээрээ ингээд улс төрийн авлига хийлээ.  Баабар шиг онол ярьдаг хүмүүсийнхээр бол популизм юм уу даа. Гэхдээ Баабарын  Сангийн сайд байхдаа “Бороо гоулд”, “Цайрт Минерал”-тай хийсэн тогтвортой гэрээнээс хамаагүй дээр болсон ч байж магадгүй. Баабарын үзэглэсэн энэ хэдэн гэрээний горыг монголчууд ёстой ханатлаа амсаж байна. Гашуудалтай юм маш их тохиолоо. Сү.Батболдын өмнө бөхөлзөн байж хийсэн Бороогийн алтны ордыг ашиглах гэрээ нь үндсэндээ манай тансаг сайхан тал хөндийг юу ч үгүй болгож, 43 тонн алтаа хил давуулаад алдчихсан шүү дээ. Одоо Бороогийн хөндий бараг бүхэлдээ цианит натриар хордоод байна. Ийм луйварчдыг эхний таван жил татвараас 100 хувь, дараагийн таван жил нь 50 хувь чөлөөлсөн байлаа.  Ухаж авсан алтных нь борлуулалтын дүнгээр манай зарим судлаачид 850 тэрбум орчим төгрөг, үүнээс улсын төсөвт дөнгөж 100 тэрбум төгрөг үлджээ гэдэг. 2003 оноос  олдворлолт нь маш эрчимтэй явагдсан юм. 2010 он хүртэл 49560 кг алт авсан. Монгол банкны энэ оны 5 сарын 13-ны өдрийн ханшаар 1 унци алт 1,8 мянган төгрөг байлаа. Үүгээр тооцоод үзэхэд эдгээр олз нь 1,8 тэрбум ам.доллароор үнэлэгдэнэ. Өөрөөр хэлбэл Баабарын хөлжүүлсэн Сү.Батболд тухайн үед Монголд төдийгүй дэлхийд дээгүүрт орох тэрбумтан нэгэнт болчихсон байлаа.  Тийм ашигтай орд газраа харин  Сү.Батболд 30 сая доллароор худалдсан гэдэг нь бас л эргэлзээтэй байгаа юм. “Цайрт минерал” мөн ялгаагүй. Сүхбаатар аймаг дахь Төмөртийн цайрын энэ орд газрыг Хятадууд 100 хувь эзэмшиж байгаа. Баабар “Бороо гоулд”-ын гэрээнийхээ дараахан 1998 онд энэ гэрээг үзэглэсэн. Сангийн сайд асан Ч.Улааны өлмий дор улалзан байж хийсэн түүний гэрээгээр Хятадууд ёстой алж өгч байгаа.    
Анх Жан Ши Ли гэгч хятад эр энд манай баялгийн эзэн суусан. Ингэхдээ 1980-аад оны эхээр улсын төсвөөр хайгуулыг нь хийчихсэн орд газар дээр Ч.Улааны хань хамсаатнууд хайгуулын лиценз авч тэрхүү Хятад иргэнд худалдсаныг Баабар гэрээ хийх үедээ мэдэж л байсан байх. Нөгөө сэргэлэн эр Жан овогт нь удалгүй Хятадын Өнгөт төмөрлөгийн гадаад барилга, зураг төслийн компани (NFC)-тай хамтран ашиглах гэрээг 1997 оны 11 дүгээр сард хийж, хоёр орны хамтарсан “Цайртминерал” ХХК-ийг 100,0 мянган ам.долларын дүрмийн сантайгаар үүсгэн байгуулаад тийнхүү Баабартай учирсан юм билээ. Гэрээний дагуу харамсалтай нь тэд юу ч хийлгүй таван жил гаруй болсон. Юм хийхгүй нь тодорхой атал гэрээг цуцлаагүй. Энэ хугацаанд харин хятадууд цайрын хүдэр, баяжмалыг урагш нь зөөсөөр байсан гэнэ лээ. Өөрөөр хэлбэл тэд Хятад их гүрэнд болоод манай хэдэн дарга нарт жаахан “юм” хийж өгч байсан бололтой. Хожим нь стратегийн орд газрынхаа жагсаалтанд Төмөртийн ордыг оруулсан ч гэсэн Хятадууд 100 хувь эзэмшдэгээрээ эзэмшиж, цайрыг маань хэдэн мянган тонноор нь хулгайгаар зөөж л байна. Байгаль орчныг сүйтгэсэн гэдэг бүр тоймгүй. Өөрөөр хэлбэл Баабарын байгуулсан “гавъяа”-г монголчууд эдэлж, муугаа үзэн хуйхаа маажих боллоо. Үүнийг нь ил цагаан хэлээд өгдөг хүн алга. Баабараас цөмөөрөө айцгааж байна, энэ хэдэн дарга нар. Баабар шалдан байна. Шалдан байгааг нь хүмүүс хэлэхгүй байх тусам Баабар хаан суудалдаа улам гүнзгий шигдэх бололтой. Африкийн ширэнгэн дотор алиалж давхидаг хэдэн сармагчин шиг энэ хэдэн дарга нарын өмнө тэр хаан хэвээрээ байхыг хүсээд байгаа биз. Баабарын шалдан байгааг харин жирийн иргэн Дорж Дулмаа нар хараад нуудгайг нь ил гаргахыг хүснэ. Үүнийгээ тэд иргэний ардчилал хэмээх ажээ.     
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top