Д.Пүрэвдоржийн 7 хоног: Омогшил /шүлэг/

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 19

 

Омогшил  

Униарт хонд шөнөжин тэвэрсэн

Ургуул уулын хайрын увидас

Уурагт энгэр өнжин дэвтсэн

Уялган бэлийн харвуул үндэс

Би бол би.

Хөдсөн өлгийд одтой орчсон

Хөх тэнгэрийн хөх зүүд

 Хөвд өвснөөс аргамж хүйлж

Хөл алдуурсан хорвоогийн нууц

Би бол би.

Эмээлийн дөрөөнд хар дарсан

Эзэнт гүрний бурхан учиг

Элэнцийн буурийг элээж сахьсан

Эх нутгийн буурал өчиг

Би бол би

Өрөөлийн зоргоор өнгөгүй жаргасан

Өчигдрийн хатавчинд баян боол.

Өөрийн эрхээр мөнгөгүй дургисан

Өнөөдрийн хойморт гуйлгачин хаан.

Би бол би.

Гэр амьсаж харь халгасан

Гэрэл сүүдрийн бүүдэн сүлээн

Гэнэн сүсэгтний зуланд шандсан

Гэм буяны тарлан шүтээн

Би бол би Хорьдох зууны цаазын хаадыг

Хоймортоо тахьсан буруу номтон

Хоол голж, хормой шилж

Хорвоод төөрсөн нүгэлт хоноц

Би бол би

Улалзахад минь үгүйсгэв гэвч

Унтрахад минь намайг үгүйлнээ.

Унаган хүү нь илүүгүй л юм бол

Улс надаар дутахаа л дутнаа.

Би бол би

Хэн нэгэн дудрайн хэлснээр

Хэрэв би нохой юм бол

Монгол улсаасаа уянтай

Модон идүүртэй угаадас гай шүү.

Би бол чи биш

Би бол би!

Zindaa.mn-Чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уран чимэг(150.129.141.138) 2014 оны 10 сарын 24

Mash goyo shuleg bn manai ohin emeedee unshij ugsun setgel n dogdolson

0  |  0
Top