Шүлэг: Наян тохой Майдар /Яруу найрагч Д.Отгонсүрэн/

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 19

Наян тохой майдар

Толгой руу нь харах гэсэн хүний  

Тоорцог малгай тогтоо нь үгүй

Тонгойж мөргөсөн олон

Тойм хэмжээг нь тогтоогоо нь үгүй

Наян тохой Майдар гэж    

Хэзээ ч юм  бэ, байсан гэлцэх 

Настан буурлуудын ярихыг

Хичнээн  ч юм бэ, сонссон  байх  юм

Дүйцүүлж хэмжиж амжилгүй

Бараа сүрийг нь биширч

Дөч, жаран тохойг

Ная гэж  эндүүрсэн ч байг, гэмгүй

Урд Тамирын хөвөөн дэх

Чулуун Майдар тэр биш

Уран Занабазарын урласан

Гуулин дарь эх ч тэр биш

Найман тохой өндөр

Зурмал бурхан ховор байхад

Наян тохой өндөр

Шармал бурхан гэдэг хосгүй

Найман мянган бээрт       

Зар сүрээрээ дуурссан    

Наян тохой Майдар минь

Одоо тэгтэл хаана байна?

Галт  уул дэлбэрээд

Газрын гаваар ороогүй нь лав

Гарьд шувуу зуугаад

Гадаад  далайд  хаяагүй  нь лав

Мөнгө төгрөгөөр дутлаа гэж

Шар цайнаас зараагүй нь үнэн

Мөргөгсдийн тоо гүйцлээ гэж

Шамбалынхаа   оронд  залраагүй нь магад

Өвгөдөөс өмчөө авъя гэж

Тасалж огтолсон мэдээ үгүй

Өнгөрсөн нийгмийи үлдэгдэл гэж    

Тарааж нураасан сураг үгүй

Амь өрссөн тулааны үед

Оргүй үрэгдэхээс болгоомжилж

Ач буянтай хэн нэгэн

Ариглаж хадгалсан ч байж магадгүй

Аварга энэ бөмбөрцгийн

Аль ч өнцгөөс олдож гэмээнэ

Ахуй  төрх нь нүдэн дээр унасан

Монгол бурхан байж таарна (байх юм даг)

Найман мянган бээрт

Зар сүр нь дуурссан

Наян тохой Майдарыг 

Хэзээ нэг үздэг бол?

"Өндөр дурсгалтай түүнийг минь

Өмчилж нэг нь нуусан бол

Өрлөг түүхийн хүрдэн дор

Өчгөө хэзээ өгдөг бол

Нас буянаа даатгах

Өндөр бурхан эрсэндээ биш

Наян тохой Майдарт

Өвдөг сөхөрч мөргөхдөө биш

Энгүй энэ дэлхий дээр

Эгнэх ижилгүй ховорхон

Эрин зуунуудын урсгалд   

Өрсөлдөгч гараагүй ганцхан

Аварга майдарыг бүтээж

Ертөнцийн урлагийг тэтгэсэн

Авьяаслаг Монгол дархчуудынхаа

Ур ухаанд нь мөргөх гэсэн юм би

Zindaa.mn-Чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top