Одоо амар болж дээ. Хэн нэг улс төрчийг хусч хаях гэвэл хэвлэлүүдэд хоёр хоёр сая төгрөг тарааж өгөөд л захиалгат мэдээллүүдээ цацдаг юм гэнэ. Тэр жил С.Баярыг Ерөнхий сайдаас нь буулгаж авахын тулд Америк руу эмчлүүлэхээр онгоцонд ороод суумагц нь мөнгө амандаа зуусан “Бор шувуухай”-нууд “С.Баяр маш хүндээр өвчилсөн. Одоо Ерөнхий сайд хийхээсээ өнгөрлөө” хэмээн жиргэцгээсэн тухай “Өдрийн сонин”-д бичжээ. Үүнийг захиалагч нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр байсан бололтой. Уг нь ингэж чадах хүн. Гэхдээ бас юманд учир суманд гичир гэж үг бий. Хамгийн бохир улс төртэй улс оронд л ийм балай үзэгдэл гаардаг юм билээ. Хар л даа. Ливи улсад юу болж байна. Хэдэн дарга нар нь мөнгө горьдоод гадаадынханд баялгаа бэлэглэх, Францын цөмийн хаягдлыг эх орондоо авчирч булах гэхээр нь өрсөлдөгч улс төрийн хүчнүүд жинхэнэ хор найруулан тэднийг хусч хаяхаар үймээн дэгдээсэн. Мөргөлдөгч талууд маш олон “бор шувуу”-дыг хооронд нь мөргөлдүүллээ. Чи дайсан, би дайсан биш гээд л үзэлцэж байлаа. Эцэст нь юу болов. Энгийн номхон ард иргэд хохирч дуусч байна. Хатуу ч гэсэн үнэн ийм байдаг ажээ. Тэгвэл манайд мөн үүнтэй адил болох юм шиг байна. С.Баярын дэргэдээс “дайсан” гарч ирээд л түүнийг үхэх гэж байна ухааны юм яриад явсан гэнэ. Тэгэхдээ бүр мөнгөөр биеэ үнэлээд шүү дээ. Аймаар юм. Ингэж солиоролдохоо хэзээ болих юм бол оо. С.Баярыг өнөөдөр ийнхүү сурталчилах нь хэнд ашигтай юм бэ. Ард түмэнд л лав огт ашиггүй. Монголчууд хөгжил өөд С.Баяртай л хөтөлцөөд алхахгүй бол балрах юм уу, тэгээд. Улс орны түүхэнд ганц хүний эзлэх байр суурь аль хэдийнээ ард хоцорчихсон. Социализмтайгаа цуг архивт хадгалагдан үлдээд байгаа. Харин сайн төр засгийг улс төрийн намууд, иргэний байгууллагуудаас сонгомол байдлаар ард түмэн нь гаргаад ирдэг жам ёсны амьдрал өөд бид явж байна. Ингэж сонгож гаргаж ирсэн хүмүүсээ зангидсан гар шиг ажиллуулж чаддаг л байхгүй юу. Үүнийг иргэний ардчилал гээд байгаа юм. Бохир улс төрийг “Бор шувуу”-даар хийлгэдэг цаг үе өнгөрч байгаа шүү дээ. Хий хоосон иймэрхүү балай мэдээллээр харин С.Баяр одоо дахиад маш хүндээр өвчилж байна бусуу. Тэгж яривал яс юман дээр С.Баяртай ч С.Баяргүй ч Монголд үүр цайдгаараа л цайна. Бас Н.Энхбаяр байсан байгаагүй ард түмэнд “удирдагч” олдоно. Ард түмэн гэдэг чинь өөрсдөө тэднээс илүү том удирдагч нар шүү дээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )