Монголын хөгжмийн урлагт авьяаслаг залуусын нэгд тооцогдож байсан DJ Өөжий хар тамхины хэргээр гурван жилийн ял эдлэн өнгөрсөн жил Өршөөлийн хуулиар суллагдсан ч суллагдаад ганц жил ч бололгүй дахиад хар тамхи зөөсөн хэрэгт холбогдлоо. Тэрбээр н.Мөнхбаяр гэх залуутай уржигдар буюу өнгөрсөн лхагва гаригт БНХАУ-ын Замын-Үүдийн гаалиар 0.6 грамм каннабисийн төрлийн мансууруулах бодис авч гарахыг завдан, үйлдэл дээрээ баригджээ. Тэд мансууруулах бодисоо тамхины хайрцагт нуусан байсан аж. Уг бодисыг Замын-Үүд дэх гаалийн лабораторид шинжлүүлэхэд каннабисын төрлийн тетрохетроканнабил гэх мансууруулах бодис болох нь тогтоогдсон байна. Гаалийн байцаагчийг О.Ганболд, Мөнхбаяр нарын биед үзлэг хийхэд мансууруулах бодис DJ Өөжий-гийн халааснаас гарсан аж. Энэ нь хүний биед донтолт үүсгэдэг, баримлын шавар шиг зунгааралдсан эд гэнэ. “Тетрохетроканнабилийг мансуурагчид өргөн хэрэглэдэг бөгөөд металл цаасан дээр тавьж, дороос нь халаан үнэрлэдэг” хэмээн цагдаагийн байгууллагын эх сурвалж өгүүлэв. Монголын рок, поп дуучид 2006 оноос хар тамхины хэрэгт холбогдон 2007 оноос шүүх тэдэнд ял оноож эхэлсэн. Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан “Айстоп” хамтлагийн дуучин Манлай, Коби, мөн DJ О.Ганболд, “Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат нарын 13 залууд шүүх зургаан сараас 11 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноосон. Эдэн дундаас өршөөлөөр суллагдсан DJ Өөжий буюу О.Ганболд ийнхүү дахин хар тамхи зөөж байгаад баригдлаа.
М.Гэрэлгуа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )