Монголын тагнуулчид алхам тутамдаа сургамж амссаар байна. Тагнуулч Б.Хурц Англид баривчлагдаж, араас нь хэдэн дарга дээлээ нөмрөн “аавынд” залрах бол хэмээн хүмүүс чих тавин чагнах боллоо. С.Зоригийн амийг хөнөөсөн захиалагч нар ч эндээс олдох байх гэлцэнэ. Мөн урьдын олон хэрэг явдлуудын эцсийн цэг Тагнуулын Ерөнхий газар дээр тулж очоод зогсдог байсан юм. Нууц мэдээлэл дамжуулсан, Хятадын тагнуулд ашиглагдсан, төрийн нууц задруулсан гэх мэтчилэн ярьсаар байгаад л аяндаа таг болчихдог байв. Энэ бүхний золиосонд харин мөрөөрөө шахуу явсан нэг нь ялтан болно. Энэ удаа ч мөн ийм дүр зураг харагдаад байх шиг. Нямханд гэгч этгээд Тагнуулын албанд ажиллаж байхдаа нууц задруулсан юм гэнэ. Түүний хэргийг удахгүй прокурорт шилжүүлэх гэж байна. Тэрээр нууцтай хамаарал бүхий мэдээллийг цөөн хэдэн улс төрчдөөр дамжуулан гадагшлуулсан бололтой. Тагнуулын тухай болон гүйцэтгэх албаны хуулиар энэ бүхэн нь хатуу чанд нууцлагдах тул хэргийн талаар таамаг төдий л мэдээллүүд түгэж байгаа. Гэхдээ тагнуулчдын нэг аймшигтай арга бий. Юув гэвэл нэг нь нөгөөгөө хэрэгцээтэй үедээ сэм “тоншчихдог” талтай. Энэ талаар ном зохиол, кинонуудаас та бүхэн мэдэх хойно доо. Нямханд арай тийм юмны золиос болоогүй байгаа даа. Бас Тагнуулын байгууллага маань дотроосоо шинэчлэгдэх цаг нэгэнт болсоныг ч дээгүүрээ сайтар анхаарах хэрэгтэй биз.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )