Хүн аливаа юманд тууштай байх нь сайхан. Ялангуяа улс төрчдөд ийм чанар илүү чухал. Гэхдээ бусдад тийм ч хэрэгтэй чанар биш гэсэн хэрэг огт биш. Улс төрчид бол нийтийн төлөө ажилладаг учраас юун түрүүнд тэднийг бид үүгээр хэмждэг. Хэдэн тийшээ холбилзоод байх нь улс төрчийн төрх угаасаа биш юм. Өнөөгийн улс төрчдийн дунд тууштай хүмүүс олон бий. Д.Оюунхорол 2004 онд намаасаа хусагдчихаад явж байхдаа улс төрөөс зайгаа аван мөрөө хөөгөөд, “Отгонтэнгэр” сургуулиа өөд татан оюутан багш нарынхаа дунд эгэл даруухан ямьдарч болох л байлаа. Намаас хөөгдсөн тухайд нь хүмүүс янз бүрээр л ярьдаг. Намынхаа эсрэг хандлаа гэдэг. Гэхдээ энэ нь оргүй юм билээ. Харин хэдэнтээ Н.Энхбаярын эхнэр О.Цолмонг дуудахаар нь очоогүй гэцгээдэг. Уулзахыг хүсэхгүй байсан байж болно л доо. Хаа нэгтээ зоогийн газар бүсгүй хүний ёсоор ойр зуурыг ярьж, ховын үг залгиж суух нь түүнд илүүц санагдсан байж магадгүй. Гэхдээ нам нь түүнийг УИХ-д бие даан нэр дэвшсэнээс нь болоод хөөсөн гэдэг. Өдгөө намдаа сэтгэл зүрхээрээ хэвээр явсан он жилүүдийнхээ талаар ам нээх өдөр байлгүй яав гэж. Хэдэн жил намгүй болоод явахдаа ч намдаа хэвээрээ юм шиг л зүтгэж байжээ. Саяхан тэр энэ тухайгаа ярьж байна. Болоод өнгөрсөн юмны тухай бодоод, улам унаад байхыг хүсээгүй гэнэ. Ингэвээс өөрийн олон сайхан чанараа гээж мэднэ гэж тэр үзжээ. Өөрөөр хэлбэл ийм дэмий юманд цагаа үрэлгүй урагш харж алхахыг чухалчилсан байна. Тэртээ тэргүй цаг хугацаа гэдэг том шалгуур байдаг хойно арга ч үгүй биз. Өдгөө тэр хуучин намынхаа дарга байсан Н.Энхбаярын талаар харин ч эерэг бодолтой яваа юм байна. Гэхдээ үнэнийг хэлэхээс бас хулчийсангүй. Тэрээр “Энэ намын буяныг хамгийн их эдэлсэн, энэ намын нэрээр төрийн бүх өндөр албан тушаалыг хашиж явсан хүний хувьд ийм алхам хийж байгааг зохисгүй гэж бодож байна. 2004 онд УИХ-д нэр дэвших эрхээ хасуулчихаад элдвийн дайралт давшилтанд балбуулж байх үедээ ч би энэ намаас урваж яваагүй. Энэ бол харин миний сонголт байлаа. Тэр үед надад янз бүрийн саналуудыг тавьж л байсан. Гэвч миний амьдралын зарчим тэр биш байсан” гэжээ. Тэгвэл Н.Энхбаяр одоо МАН-аасаа салаад МАХН гэх хэзээ нэр ус нь баталгаажихыг мэдэхгүй нам байгуулчихаад Сүхбаатарын талбай дээр тэмцэл хийгээд явж байна. Хэрвээ хуучин андуудаа түшээд, намаа дотроос нь шинэчлэх, улам хүчтэй болгох талаар санаа тавьсан бол болох л байсан байх. Олигархиуд гэж тэр хэнийг хэлнэ вэ. Түүнийг намын нөхөд нь ч, өрсөлдөгч нар нь ч аль эртнээс авлигын загалмайлсан эцэг гэдэг байсан. Үнэндээ авлигын эсрэг тууштай ажиллаагүй. Албан тушаалыг дуудлага худалдааны лангуун дээр аваачиж тавьсанаараа тэр том алдаж, ийм нэр зүүхэд хүрсэн юм. Нийгэм задгайрсан тухайн жилүүдэд харин ч тууштай зогсож, шударга ёсыг тогтоож чадсан бол өнөөдөр тэр нүүр бардам зогсож байх байлаа. Даанч тэгж чадаагүй. Ер нь аливаа улс орон өөдлөн дэвжих үндэс нь нийгмийнхээ сэтгэл зүйн суурийг шударга ёсны төлөөх үзэл санаагаар бэхжүүлэх явдал байдаг ажээ. Ийм үзэл санааг иргэдийнхээ өмнө тов тодорхой гаргаж тавиад хатуу тууштай ажилласан Япон, Солонгосын томоохон зүтгэлтнүүдээс суралцаж болох л байсан байх. Д.Оюунхорол гишүүн түүний ийнхүү дутуу хийсэн бүхэнд дотроо сэтгэл дундуур яваа болов уу.
Сэтгүүлч Х.Тулга
Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )