Дэлхийн бөмбөрцгийг өшиглөж агсам тавимаар санагдана

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

Элегия

Намар болгон модод шарлаж, навчис унана
Надад дэндүү танил уй гуниг сэргэнэ
Харах тусам тэнгэр улам дотно ээнэгшиж
Хан бүргэд тэртээ дээр дуртгал мэт эргэлдэнэ
Биеэр минь шаргалхан гуниг нэвт харваж
Би навчис адил уйтгарлан, хорвоод цөхөрнөм
Сэм сэмхэн уулс бударч, сэрүүн намар хүдэнтэнэ
Сэтгэлийн минь гүн рүү намар өөрөө шургажээ
Бүхий л хорвоо эрвээхэй шиг эмзэг санагдана
Бүр тэгэхдээ намрын бээрэгхэн эрвээхэй шиг хөөрхийлөлтэй
Би харь газарт цөлөгдсөн мэт энэ дэлхий дээр хаягдаж
Биеийг минь бус, сэтгэлийг минь ирж авах эзнээ хүлээнэм

 

Агсам тавимаар хорвоо

Сэтгэлийн минь цог унтраагүй сэрүүн ахуй үедээ
Сэргэлэн болжмор шиг эмсэж, дур зоргоороо явлаа
Тэмцэлдэж явсан хүмүүсийн тэн хагас нь алга даа
Тэрсэлдэж үлдсэний гавьяа, ертөнцөд шунахаас хагацлаа
Уйтгар гунигтай хорвоод уруудаж доройтож явсан ч
Угийн хатуу тавилан минь өгсөж өөдөлж үзлээ
Дэлхийн бөмбөрцгийг өшиглөж агсам тавимаар санагдана
Дээр нь байгаа амьтдын нэг нь би өөрөө юм шүү дээ

 

 

                       *                 *                       *

 

Бөөрөнхий энэ орчлонгийн бөөрөн дээр нь амьдарна
Бөөн цагаан үүл шиг нүүж л яваад дуусна
Манантай энэ орчлонгийн магнай дээр нь амьдарна
Мартахын аргагүй түүнийгээ хайрлаж яваад л дуусна

 

 

Очирбатын Дашбалбар

1955 онд Сүхбаатар аймгийн Наран суманд төржээ. 1984 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. Түүний уран бүтээлийг үнэлж 1988 онд МЗЭ-ийн шагнал, 1996 онд төрийн шагнал хүртсэн. “Оддын аялгуу”, “Жаахан шарга”, “Гэрэлт хайр”, “Гол ус намуухан урсана”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бие биеэ хайрла, хүмүүс ээ” зэрэг 10 гаруй ном хэвлүүлжээ. Түүний “Талын хөх чоно”, “Дарьганга аялгуу”, “Тэнгэр шиг бай”, “Янжинлхамыг баясгах дуулал” зэрэг шүлгүүд нь олны дунд тархаж, талархал хүртсэн шилдэг бүтээлүүд юм. Монголын авьяаслаг, гал цогтой, үнэнч шударга үгтэй энэ найрагчийн долоо хоног эхэллээ. Наран ургах дорнын цэнхэр хязгаараас төрсөн эрхэм шүлэгчийн найргийн дээжээс хүртэнэ үү!

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top