Бүр байтлаа иргэдээ илт ялгаварлан гадуурхсан хуулиар санал худалдаж авдаг болох нь ээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

 Сонгууль ойртох тусам шог үзэгдлүүд гарах боллоо. МАН улсын хэмжээнд 10 айл бүрийн дунд нэг ухуулагч томилон сард 30 мянгаар цалинжуулдаг болсон ч гэх шиг. Тэгж байтал алслагдсан орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад цалингийн нэмэлт урамшуулалтай болгох тухай яригдаж эхлэв. Ер нь сонгууль бүрийн өмнө зөвхөн төрийн албан хаагчдын цалинг юун түрүүнд нэмж алиалдаг. Төрийн албан хаагч  улс төрчдийн ганц гар хөл болж байсан үе бий л дээ. Тэднийг одоо намаас нь түдгэлзүүлээд байгаа. Гэхдээ тэд нар нь нам дагаж сэм гүйлддэг, намын үзэл сурталын далд фронтын дайчид болж хувирсан. Нууцгүй үнэн гэвэл яг ийм л байгаа. Дээд шүүхийн шүүгч нь хүртэл 2008 оны 7 сарын 1-ний үймээн самуунд оролцогчдыг хууль бусаар яллах гэж байхдаа “Манай намын байрыг шатаасан нөхрийг шийтгэлгүй яахав” гээд хэнэгч үгүй зогсож  байсныг уншигчид санаж байгаа байх. Өнөөдөр төрд алба хашиж буй хүмүүс цөмөөрөө намынхаа хараат байдалд ажилладаг. Энэ нь зарим шударга ажилтнуудад тун хэцүү байдаг болов уу. Ер нь төрийн хууль хяналтаас намынх нь элдэв хор найруулга тэднийг илүү их үймүүлж орхидог  болохоор яаж амар жимэр ажиллах билээ. Энэ тухай түр азнаад тэднийг хэрхэн хуулиар ивээн тэтгэх болсон сүүлийн үеийн үйл явдлын талаар онцлон ярилцмаар байна. 

УИХ-ын 30 гишүүн алслагдсан болон говийн бүсэд ажилладаг төрийн албан хаагчдыг дэмжих  хуулийн төсөл санаачилжээ. Бүр гучуулаа нийлээд шүү. Тэд алслагдсан бүс нутаг, говийн нийт иргэдээ биш, зөвхөн цөөн хэдэн төрийн албан хаагчийг  дэмжих нь ээ. Амьдарч буй орон нутгаар нь болон ажил хөдөлмөрөөр нь ялгварлан гадуурхах хэлбэр гэж үүнийг л хэлэх байх. Ийнхүү дэмжихдээ Төрийн албаны тухай, Боловсролын тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж төрийнхөнд хөнгөлөлт үзүүлэх юм байна. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Онцгой албан татварын тухай хуулийг  өөрчилж тэднийг харж үзэх юм гэнэ. Тэгээд юун түрүүн алслагдсан нутаг, говийн бүсэд хамаарах сумуудыг тогтоосон УИХ-ын тогтоол гаргахаар болов. Эдгээр сумдад ажиллаж байгаа төрийн албан хаагчид  цалингаа 20 хувь нэмүүлнэ.  Эмч, багш нарт нь таван жил тутам зургаан сарын цалинтай тэнцэх нэмэгдэл цалин өгнө. Мөн тэдгээр бүсийн хилийн боомтуудаар шар, цагаан будаа, элсэн чихэр, шахмал ногоон цай зэргийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас таван жил чөлөөлөхөөр төсөлдөө тусгасан байна. Бензин, дизель түлшийг бас ийм байдлаар хөнгөлж өгчээ. Ингэж зулгуйдах хэнд ашигтай нь тодорхой. МАН, АН-ын гишүүн УИХ-ын гишүүд маань орон нутагт очоод ганц ярьдаг юм нь энэ болно. Төвөөс алслагдсан та нарыгааа бид чинь ингэж харж үзлээ гээд л тэднийг хошгируулж өгнө. Нөгөөдүүл нь ч тэнгэрийн хишиг хэмээн алгаа тосч авна.

Манай улс өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөнтэй. Сүүлийн хориод жилд хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдэл одоо үргэлжилж байгаа. Хөдөө тал эзэнгүйрч, хот суурин газар нь ачааллаа даахаа больсон. Энэ бүхэн өнөөгийн  үнэн дүр төрх.  Гэхдээ ийм сөрөг үзэгдлийг аль эрт журамлах боломж байж л байсан. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримлал гэх бичиг баримт хүртэл боловсруулж гаргасан санагдана.  Гэтэл заавал сонгуулийн өмнөх жил ийнхүү хүн амынхаа нэг жижигхэн хэсгийг төрийн албан хаагч гэдэг нэрээр ялгаж аваад тэдэнд хайр зарлаж буй нь тун ойлгомжгүй байна. Ойлгомжгүй ч юу байхав дээ. Шог үзэгдэл боллоо. Тэгж яривал бусад улс оронд алслагдсан бүсэд сууж байгаа иргэдээ арай өөрөөр харж үздэг. Тухайлбал Оросын алслагдсан нутаг Камчаткыг манайхан мэднэ дээ. Тэнд иргэд нь нийтээрээ 200 хувийн нэмэгдэл цалин хөлс авч байгаа. Канадад бол бүх татвараас чөлөөлөгддөг. Зөвхөн төрийн албан хаагч гэж ялгаварлаагүй.  Гэтэл манай эрхмүүд яаж байна. Төрийн албан хаагч өврөөс нь гарсан, бусад нь араас гарсан үр төл болж таарав уу. Үүнийг аж төрлөөр нь ялгаварлан гадуурхалт гэдэг юм билээ. Олон улсын хүний рэхийн түгээмэл тунхаглалын үзэл санаа ч ийм юм шүү дээ. Энэ тунхагт манай улс нэгдэж ороод олон жил болж байна. Тунхагийг монголын төр хууль ёсоор дагах учиртай. Харамсалтай нь УИХ-ын 30 гишүүн үүнийг мартсан бололтой. Мартах ч гэж дээ. Санаатайгаар үл биелүүлэх алхам хийж чадах л мунагууд юм шиг байна. Сонгуулийн санал худалдан авахын тулд иймэрхүү хуулийн луйвар хийх нь тэдэнд юу ч биш л дээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top