Папуа Шинэ Гвиней улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын эзэмшлийн “Раму” никель-кобальтын үйлдвэрийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Уул уурхайн зохицуулах хорооны шийдвэрээр тус улсын холбогдох хууль дүрмийг зөрчдөг, аюулгүй ажиллагааны дүрэмгүй, стандарт, дүрэм биелүүлдэггүй болох нь шалгалтаар тогтоогдож улмаар үйл ажиллагааг нь зогсоосон байна.
“Раму” үйлдвэртэй холбоотой асуудал өнгөрсөн наймдугаар сараас дэгдэж улмаар есдүгээр сард Засгийн газрын шийдвэрээр Уул уурхайн зохицуулах хороо шалгалт оруулжээ. Тус үйлдвэр энэ оны эхний есөн сарын байдлаар 16.4 мянган тонн никелийн гидроксид, 1.4 мянган тонн кобальт үйлдвэрлэсэн гэсэн статистик гарчээ.
"Энэ бол дипломат харилцаа гэхээс илүү хууль дүрмээ мөрдөх ёстой асуудал. Манай улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж л байгаа бол холбогдох хууль, дүрмийг сахиж ажиллах ёстой. Шалгуур шаардлага хангасан нөхцөлд үйл ажиллагааг нь бүх талаар дэмжинэ” гэж Папуа Шинэ Гвиней улсын Уул уурхайн сайд Жонсон Туке ярьжээ.
Засгийн газрын ажлын хэсгийг тус улсын Уул уурхайн сайд Жонсон Туке, Байгаль орчны сайд Жеффри Кама нар толгойлон ажилласан ажээ. Лондоны металийн бирж дээр никелийн үнэ өсөж байгаа энэ үед компанийн үйл ажиллагааг зогсоосон нь хэвийн үйл ажиллагаанд нөлөөлнө гэж компанийн зүгээс үзэж буйгаа албан мэдэгдэлдээ дурджээ. Харин үүнтэй холбоотойгоор албан ёсны ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Манайхан үүнээс жишээ авч хэрэгжүүлээсэй,