“Ариг” банкны хувьцаа эзэмшигчид ойлголцоогүй учраас Бүрэн эрхт төлөөлөгч томилжээ

2020 оны 01 сарын 27

Монголбанкнаас “Ариг” банканд нөхцөлт удирдлага хэрэгжүүлэхээр гуравдугаар сар хүртэл Бүрэн эрхт төлөөлөгч томилсон асуудлаар өнөөдөр /2020.01.27/  мэдээлэл хийлээ.

“Ариг” банк Монголбанкны ерөнхийлөгчийн өгсөн даалгаврыг биелүүлээгүй, банкны зохистой засаглал алдагдсан нь  цаашид банкны үйл ажиллагаа  хэвийн явагдахад эрсдэл учруулж болзошгүй учраас хадгаламж эзэмшигчдийн  хөрөнгийг  хамгаалах үүднээс Бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон гэлээ.

 

Тус банканд Монголбанкнаас өгсөн даалгаврыг сануулбал:

 

“Ариг” банкны хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүсэж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй,  Төлөөлөн удирдах зөвлөл нь хурлаа хийж чадахгүй, банкны зохистой засаглалын зарчим алдагдсан. Тиймээс тус банканд учирч буй дээрх эрсдэлийг Банкны хяналт шалгалтын хорооны хурлаар хэлэлцэн Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөмж хүргүүлсэн байдаг. Тус зөвлөмжийн дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар "Ариг" банканд Банкны тухай  хуульд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд банкны хувь нийлүүлэгчдийн хурлаар  маргаантай асуудлаа яаралтай шийдвэрлэх хугацаатай үүрэг даалгавар өгсөн байдаг.

Хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргаан даамжрах, Монголбанкнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд Банкны тухай хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авах болно гэдгээ 2019 оны наймдугаар сарын 1-нд мэдэгдэж байсан.

 

Тэгвэл “Ариг” банкны хувьцаа эзэмшигчид өнгөрсөн хугацаанд ойлголцоогүй бөгөөд ТУЗ-ийн хурлаа хуралдуулж чадахгүй байгаа аж.

 

“Ариг” банкны хувьцааны:

 

  • 60.46 хувийг “Дэм санхүүгийн нэгдэл”
  •  39.54 хувийг  "Улаанбаатар импэкс " эзэмшдэг.

 

Тэгвэл Ариг банкны толгой компани болох  "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК-ийг Б.Эрдэнэбат эзэмшдэг. Харин "Улаанбаатар импэкс" ХХК-ийг Ш.Баярсайхан эзэмшдэг. "Улаанбаатар Импэкс" ХХК нь "Номин Холдинг" ХХК-ийн охин компани юм.

"Ариг" банкнаас ирүүлсэн мэдээллээр 2019 оны эцсийн байдлаар тус банк Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгө, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг хангаж байна. Бүрэн эрхт төлөөлөгч нь "Ариг" банкны үйл ажиллагааг хүлээж авсан бөгөөд нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэлээ. 

Нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлж, Бүрэн эрхт төлөөлөгч томилж буй нь банк дампуурахаас өөр ойлголт. Хуулийн хүрээнд нэг жил хүртэлх хугацаагаар томилогддог Бүрэн эрхт төлөөлөгч нь тухайн банкны Удирдлагын буюу шийдвэр гаргалтыг хэрэгжүүлснээр  зохист засаглалыг хэвийн хэмжээнд аваачиж, улмаар банкны үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулна гэж байна. Түүнчлэн Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон хугацаанд банкны удирдлагыг хүлээн авч зохистой засаглалыг сэргээснээр Бүрэн эрхт төлөөлөгчийн үйл ажиллагаа дуусгавар болно.  

Тиймээс харилцагч,  хадгаламж эзэмшигчдийг тайван байхыг хүсье гэв.

 

Банкны тухай хуулийн 52 дугаар зүйлд Бүрэн эрхт төлөөлөгчийн эрх, үүргийг дараах байдлаар тусгажээ.

 

52 дугаар зүйл.Банкны нөхцөлт удирдлагын үед авах арга хэмжээ, бүрэн эрхт төлөөлөгчийн эрх, үүрэг

  • 52.1.Монголбанк банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэхдээ дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
  • 52.1.1.тухайн банкны удирдлагын эрх, үүргийг бүрэн эрхт төлөөлөгчид түр шилжүүлэх;
  • 52.1.2.банкны үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг хянаж баталгаажуулах, сайжруулах арга хэмжээ авах.
  • 52.2.Бүрэн эрхт төлөөлөгч дараахь эрх, үүрэгтэй:
  • 52.2.1.тухайн банкны эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар бие даан шийдвэр гаргах;
  • 52.2.2.шаардлагатай гэж үзвэл банкны нөхцөлт удирдлага тогтоосон хугацаанд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөтэй холбогдох үүргийг бүрмөсөн, эсхүл хэсэгчлэн биелүүлэхийг түдгэлзүүлэх;
  • 52.2.3.тухайн банкнаас урьд нь харилцагчтай хийсэн зээл, хадгаламжийн болон бусад гэрээний нөхцөл нь банкны тухайн үеийн ерөнхий нөхцөлөөс өөрөөр тогтоогдож, банкны эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж үзвэл уг гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах, дуусгавар болгох;
  • 52.2.4.банкны нэрийн өмнөөс гэрээ байгуулах;
  • 52.2.5.банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах;
  • 52.2.6.банкнаас ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, түүнд өөрчлөлт оруулах, шаардлагатай ажилтныг түр хугацаагаар авч ажиллуулах;
  • 52.2.7.банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангах зорилгоор түүний бүтэц, хэмжээг өөрчлөх.
  • 52.3.Бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрийг тухайн банк, түүний салбар нэгж биелүүлэх үүрэгтэй.
  • 52.4.Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн банкны гүйцэтгэх удирдлага ажлын тайлан, орлогын мэдүүлгээ зохих журмын дагуу бүрэн эрхт төлөөлөгчид гаргаж өгнө.
  • 52.5.Бүрэн эрхт төлөөлөгчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн банкны нэрийн өмнөөс болон тухайн банкны зардлаар хийсэн ажил, гүйлгээг хүчингүйд тооцно.
  • 52.6.Банкны хэвийн үйл ажиллагаа хангагдсан нөхцөлд Монголбанк нөхцөлт удирдлагыг цуцалж, тухайн банкинд тогтоосон хязгаарлалтыг бүрмөсөн, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно.
  • 52.7.Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх үед тухайн банкны дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт хүчинтэй хэвээр үлдэнэ.
  • 52.8.Бүрэн эрхт төлөөлөгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг хариуцах бөгөөд банкны үйл ажиллагааны ердийн эрсдэлд хамруулж болох хохирол учирсан нь бүрэн эрхт төлөөлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.
  • 52.9.Бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрийг тухайн банк, түүний салбар нэгж биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг шийдвэрийг дагаж мөрдсөнөөс үүсэх хариуцлагыг Монголбанк хүлээнэ гэж заажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top