Манай улс арьс, ширэн түүхий эдийн арвин нөөцтэй хэдий ч цөөхөн хувийг үйлдвэрт боловсруулж үлдсэн нь үнэгүйдэж байна. Учир нь бэлтгэгдэж буй арьс ширний дийлэнх нь амьдын болон нядалгааны үеийн гэмтэлтэй байгаагаас үйлдвэрлэлийн чанар, стандартын шаардлагыг хангадаггүй. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүний үнэ цэнийг багасгаад зогсохгүй нөгөө талаас боловсруулалтын зардлыг нэмэгдүүлж улмаар үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг бууруулдаг. Арьс ширэн түүхий эдийн гэмтлийг боловсруулалтад орохоос өмнө ялгах боломжгүй байдаг бөгөөд боловсруулалт хийгдэж химийн материал, хөдөлмөр зарцуулсны дараагийн шатанд гэмтэл ялгарч харагддаг. Тиймээс нэг парт арьс, шир боловсруулахад 10-20 орчим хувь нь гэмтэлгүй чанарын шаардлага хангаж үлдсэн арьс, шир гэмтэл ихтэй байдгаас экспортын үнэ цэнийг бууруулж байна.
Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн салбарт төрөөс баримталж буй бодлого, чиглэлүүд
- Малаас гарч буй түүхий эдийн ашиг шимийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, малыг эрүүлжүүлэх чиглэлээр Мал эмнэлгийн ерөнхий газар, лаборатори, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллага, тасаг, нэгжүүдийг байгуулж малыг эрүүлжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг улс орон даяар технологийн хугацаанд тогтмол хийж байна. Ингэснээр иргэд эрүүл аюулгүй хүнс хэрэглэх, малаас гарч буй түүхий эдийн ашиг шим нэмэгдэх, чанар сайжирснаар малын гаралтай түүхий эдийг экспортлох нөхцөл бүрдэж эхлээд байна.
- Нядалгааны дараах гэмтлийг бууруулах чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөр, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, мах төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоод, түүхий эд бэлтгэлийн төлөөлөгчид болон бусад байгууллагуудтай хамтран сургалтуудыг 21 аймагт зохион байгуулж байна.
- Үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Мал, малын гаралтай түүхий эдийг боловсруулах байгальд ээлтэй цогцолбор байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.” гэж тусгасан. Монгол Улсын Засгийн газраас арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг паркийн хэлбэр, кластерын замаар хөгжүүлэхээр Дархан-Уул аймагт “Дархан арьс ширний цогцолбор”, Ховд аймагт “Шинэ Ховд Үйлдвэрлэл технологийн парк”-ийг байгуулахаар бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Дархан арьс ширний цогцолбор нь ус, эрчим хүч, түүхий эдийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологи бүхий “Экопарк” болох юм. Европын холбооны стандартууд, орчин үеийн шилдэг технологиудын шаардлагад нийцсэн экспортын чиг хандлагатай, жилд 10 сая ширхэг арьс шир, ноос боловсруулах хүчин чадал бүхий байгууламжууд баригдаж, шууд 2300, шууд бусаар 7500 орчим байнгын ажлын байр шинээр бий болно. Ингэснээр арьс ширэн түүхий эдийг олон улсын зах зээлд экспортлох нөхцөл бүрдэн 298,789 малчин, 181 мянган малчин өрхийн орлого тогтворжиж, малын гаралтай түүхий эдийн үнэ тогтвортой байх нөхцөл бүрдэнэ.
- Эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, инновацийг хөгжүүлэх чиглэлээр Хөнгөн үйлдвэрийн судалгаа туршилт үйлдвэрлэлийн Армоно корпорацийг 2019 онд ХХААХҮЯ-ны харьяанд авчирч ХХААХҮ-ийн Судалгаа хөгжлийн төв нэртэйгээр үйл ажиллагааг өргөтгөж салбарын эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр хүний нөөц, лабораторийн чадавхийг бэхжүүлэх чиглэлд төвлөрөн ажиллаж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯам
Сэтгэгдэл ( 3 )
Шинжилж судал бас дахин шинжилж судалж байж л хөгждөг жам хойно арьсны цоорхой зэргийг нөхөж болмоорсон.
Одоогийн залхуу малчид хонь малаа керолинд оруулахаа больсон болхоор мал нь хачигт баригдаад арьс шир нь шүүрэн шанага шиг цоорхой болчдог. Ийм арьсыг хэн авхав
Мэдлэг чадвар, мэргэжил боловсрол, оюун ухаан, ололт амжилт, сэтгэл, сэтгэхүй дорой монголчуудын балаг их юм даа.