КОВИД: Улаанбаатар хотын 100 мянган хүн амд ногдох халдварын түвшин 4512 байна 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 30

Ковидын тархалтын нөхцөл байдлыг харуулсан статистик мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өгч байна.

Нийт батлагдсан тохиолдлыг сүүлийн гурван сарын байдлаар харахад 41.4 хувь нь тавдугаар сараас өмнө, 25.2 хувь нь тавдугаар сард, 33.5 хувь нь зургаадугаар сарын 1-20-ны хооронд илэрчээ.

Харин 0-17 насны хүүхдийн өвчлөл тавдугаар сард хамгийн өндөр 26.4 хувь, насанд хүрэгчдийн өвчлөлийн дүнд эзлэх хувь тавдугаар сараас өмнө 78.9 хувь хүрч хамгийн их байжээ.

Улсын хэмжээнд 100 мянган хүн амд ногдох өвчлөлийн түвшин тавдугаар сараас өмнө 1095 байсан бол тавдугаар сард 666 болж, 1.6 дахин буурсан байна. Харин зургаадугаар сарын 1-20-ны өдрийн хооронд өвчлөлийн түвшин өмнөх сараас 220-оор нэмэгджээ.

0-17 насны хүүхдийн өвчлөлийн түвшин зургаадугаар сарын 1-20-ны өдрийн хооронд 602 болж, өмнөх сараас 117-гоор нэмэгдсэн байна. 18-аас дээш насны хүн амын өвчлөлийн түвшин зургаадугаар сарын 1-20-ны өдрийн хооронд 1048 болж, өмнөх сараас 278-aaр нэмэгджээ.

Улсын дунджаар 2021 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар 100 мянган хүн амд ногдох ковидын халдварын түвшин 2897 байна. Улаанбаатар хотын 100 мянган хүн амд ногдох халдварын түвшин 4512 байгаа нь улсын дунджаас 1.6 дахин их байна. Харин энэ үзүүлэлтийг аймгаар үзвэл, Төв аймагт хамгийн өндөр 2746 бол хамгийн бага нь Баян-Өлгий аймагт 339 байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top