-XXI зуунд олон улсын харилцаанд олон туйлт тогтолцоо улам бүр бэхжинэ-
Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэгийн ажлын өдөр шахуу өнгөрдөг. Элчин сайд энэ сарын эхээр тус улсад суралцаж байгаа монгол оюутнуудын дунд “Өрсөлдөх чадварын зуны сургалт” хийсэн.
Одоо Хавана хотод 2021 оны есдүгээр сард зохион байгуулах "WOMEN IN DIPLOMACY" олон улсын семинарын бэлтгэл ажилд ороод байна. Тэрбээр Куба улс дахь Азийн дипломатч эмэгтэйчүүдийн тэргүүний хувьд энэхүү семинарыг санаачилсан юм. Монгол Улсаас БНКУ-д суугаа Элчин сайд Ш.Батцэцэгийг “Өглөөний зочин”-оор урилаа.
- Манай сонины урилгыг хүлээж авсанд баярлалаа. Удахгүй болох Дипломатч эмэгтэйчүүдийн семинарын бэлтгэл ажил хэр явж байна даа?
- Олон улсын тавцанд эмэгтэйчүүдийн оролцоо маш эрчимтэй нэмэгдэж, дэлхий нийтээрээ эмэгтэйчүүдийн хүч, оролцоог үнэлдэг болоод байна. Гадаад харилцаа, улс төр, эдийн засаг, боловсрол, нийгмийн асуудалд эмэгтэйчүүдийн “хатан ухаан”-ы менежментийг түлхүү ашиглаж амжилтад хүрч буй олон улс орны жишээг өнөөдөр бид харж болох цаг иржээ. “Women in Diplomacy” семинарын зорилго ч гадаад харилцааны салбарт нийтлэг ажиглагдаж буй эмэгтэйчүүдийн оролцоо, хувь нэмэрийг хэрхэн эерэг өөрчлөлтөд чиглүүлж болох талаар хэлэлцэнэ. Нийтдээ Хаванад суугаа 120 гаруй ДТГ, Олон улсын байгууллагад урилга хүрсэн. Үүнээс 60 гаруй орны дипломат эмэгтэйчүүд энэхүү семинарт оролцох хүсэлтээ ирүүлсэн ба тоо баримт, жишээ, амжилт, сорилтууд дээр түшиглэсэн 12 илтгэгчийн сонирхолтой илтгэлийг тойрч ярилцах юм. Семинарын бэлтгэл амжилттай явагдаж байгаа. Цар тахлын нөхцөл байдлаас улбаалж бид энэхүү семинарыг ямар хэлбэрээр, ямар цаг хугацаанд явуулах тухай яриа хэлцэл ид явагдаж байна.
- Энэ оны долоодугаар сард Хавана хотод олон мянган хүн оролцсон жагсаал болсон. Энэ жагсаалыг хөндлөнгөөс ажигласан хүний хувьд юу хэлэх вэ?
- Энэ жагсаал бол зөвхөн Хавана хотод зохион байгуулагдаагүй. Кубын бусад 14 муж аймаг, хотод бараг бүгдэд нь том, жижиг хэлбэрээр зохион байгуулагдсан. Өнөөдөр Кубын эдийн засаг хямралын хүнд хэцүү цагийг туулж байна. Иргэд аж амьдралаа дээшлүүлэх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэхийг шаардаж байгаа. Дэлхийн аль ч улс оронд ийм жагсаал цуглаан олонтоо болдог. Түүний л нэг гэж харж байгаа. Энэ талаар мэдээллийн эх сурвалжууд янз бүрээр тайлбарлаж байгаа учир энэ асуултад ингээд цэг тавья.
- Куба улс дахь Ковид-19-ийн тархалт ямар байна? Эрх баригчдын зүгээс Ковидтой тэмцэх ямар бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж байна?
- Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын гамшиг суугаа болон эх оронд минь, ард иргэдийн амьдралд олон хүнд сорилт авч ирж байгаа ч эрүүл байхын төлөөх хүмүүний амьдралын тэмцэл үргэлжилсээр, бас нөхцөл байдал сайжирч тайван амгалан цаг ирнэ гэдэгт итгэж байгаа.
Куба улсад коронавирусын тохиолдол анх илэрснээс хойш өнөөдрийг хүртэл 100 мянга гаруй иргэн халдвар авч, сүүлийн 2 сарын хугацаанд өдөрт дунджаар 8000- 10000 тохиолдол бүртгэгдэж байгаа. Халдвар авсан нийт иргэдийн 95% нь бүрэн эдгэрсэн бөгөөд нас баралтын тоог дэлхийн жишигт харьцуулахад харьцангуй доогуур байгаа. Тус улсын анагаах ухаан, биотехнологийн салбарын хөгжил, эрүүл мэндийн системтэйгээ шууд холбоотой. Өнөөдрийн байдлаар Кубын Генетикийн инженерчлэл, биотехнологийн төв /Center for Genetic Engineering and Biotechnology/-д Ковид-19 цар тахлын эсрэг нийт 5 вакциныг хөгжүүлж, иргэдээ өөрсдийн үйлдвэрлэсэн вакцинаар вакцинжуулж байна.
Кубад үйлдвэрлэж буй 5 вакцин нь бүгд уургийн гаралтай вакцинууд. “Subunit vaccine”-д хамаарах эдгээр вакцин нь хамгийн хямд өртгөөр үйлдвэрлэгддэг, хадгалахад гүн хөлдөөгч төхөөрөмж шаардахгүй бөгөөд энэ чиглэлээр Куба улс дэлхийд ноу-хау-аараа өндөр мэргэшсэн байдаг.
Одоогийн байдлаар “Соберана”, “Абдала” вакцинууд клиникийн туршилтаас вакцинжуулалтын зах зээл рүүгээ ороод байгаа. 2021 оны гуравдугаар сарын 25-ны байдлаар эдгээр вакцинууд дэлхийд клиникийн туршилт хийж байгаа 23 вакцины тоонд багтаж байгаа төдийгүй Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад хөгжүүлж буй Ковид-19-ийн эсрэг анхны вакцинууд юм. Вакцины үр дүнг кубачууд 92-93.2% гэж тооцсон байна билээ.
Кубын Генетикийн инженерчлэл, биотехнологийн төвд үйлдвэрлэж буй “Мамбиза” вакцин нь хамрын цацлага хэлбэрээр хийгдэх тул бага насны хүүхдэд илүү тохиромжтой. Клиникийн анхны туршилт 2020 оны 12 дугаар сард эхэлсэн ба 12-18 насны хүүхдүүд хамрагдах юм. Туршилт үргэлжилж байгаа.
- Та саяхан Дипломат төлөөлөгчийн газруудын албан хэрэгцээнд зориулсан "Монгол өв соёлын өргөө байгуулах" гарын авлага бичжээ. Энэ талаар ярилцлагаа үргэлжлүүлье...
- 2020, 2021 оныг дамжсан дэлхий нийтийг хамарсан цар тахлын хорио цээрийн хугацааг тодорхой хэмжээнд өөр үр ашигтай зүйлд зарах хэрэгтэй санагдсан. Миний хувьд гурван ном бичиж дуусгах боломж олдсон.
Энд томилогдож ирснээсээ хойш хамгийн түрүүнд барьж авсан ажил маань “Найрамдлын нэгэн жаран” ном байлаа. Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан бичсэн энэ номондоо хоёр улсын харилцааны түүх болон орчин цагийн хамтын ажиллагааны талаарх түүхэн баримтуудыг оруулсан. Цаашид Монгол, Кубын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах чухал эх сурвалж болно хэмээн найдаж байна.
Үүний дараа “Монголын соёлын төв байгуулах гарын авлага” бичиж дуусгалаа. Гарын авлага маань дэлхий даяар тархан суурьшсан элэг нэгт 10 сая орчим монголчууд, урт богино хугацаагаар гадаадад ажиллаж, амьдарч байгаа 200 мянга орчим монголчуудын үндэсний бахархал, соёл уламжлал, хэл бичгийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, Монголоо гэх монгол хүний сэтгэл зүтгэлийн гал голомтыг тасралтгүй авч явах, монгол үндэстний үнэлэмжийг өндөрт өргөх үйл ажиллагааг дэмжих зорилготой.
Нөгөө талаас Монгол Улс дэлхийн хөгжил дэвшил, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд гадаад харилцаандаа “Зөөлөн хүч”-ний бодлогыг явуулж байна. Энэ бодлогыг гардан хэрэгжүүлэгч гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрууд, Элчин сайдууд, дипломат ажилтнуудад гарын авлага/зөвлөмж болгож энэхүү номыг гаргасан.
Одоо Бүгд Найрамдах Индонез Улс, Бүгд Найрамдах Куба Улсад ажилласан томилолтын хугацааны дурсамж номууд дээрээ зав зайгаараа ажиллаж байна.
-Гарын авлагыг бичих явцад анзаарагдсан зүйл юу байв?
- Дэлхийн бусад улс орны зүгээс Монголын түүх, соёлыг сонирхох нь улам нэмэгдэж, бид өөрийн давтагдашгүй мөн чанараар гайхагдах болж байна. Гадаад улс орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд “Монголчууд монголоороо аж төрж, бусдаас ялгаран орших чухал хүчин зүйл нь үндэсний соёл” гэж үзэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, монгол үндэстний үнэлэмжийг дээшлүүлэхэд бодлогын талаас дэмжих шаардлагатай байгаа юм.
Тийм учраас гарын авлагадаа Бүгд Найрамдах Индонез Улсад “Монгол соёлын төв” байгуулахад хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан, ийм төв байгуулах бэлтгэл ажлаас эхлээд нээлт хийх хүртэлх үеийг хамарсан үйл ажиллагааны төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэх арга замуудыг хэн ч, хаана ч хуулбарлаад авах боломжтойгоор бичсэн байгаа. “Монголын соёлын төв” байгуулна гэдэг маань “хоосон хөрсөнд цэцэг ургуулах”-тай утга нэг үйлдэл шаардана. Иймийн тулд төлөвлөх ёстой, “Төлөвлөгөөгүй хүнд хэн ч үл туслах” тул бүгдийг хэрхэн төлөвлөх,“бай”-гаа хааш онилж, нөөц, хөрөнгө, хүн хүчээ ухаалаг тооцож, амжилтад хүрэх талаар бичсэн зөвлөмж юм.
- Жаран жилийн түүхтэй Монгол- Кубын харилцааны ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
- БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд П.Шагдарсүрэн, БНКУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд Р.Льомпард нар 1960 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, манай хоёр улсын хооронд албан ёсны харилцаа эхэлсэн түүхтэй.
Бүгд Найрамдах Куба Улс нь Латин Америкийн бүс нутгийн орнууд дотроос Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны орон бөгөөд тус тивтэй харилцах цонх болж ирсэн билээ.
Кубын ард түмний баатарлаг тэмцлийн түүх монголын ард түмэнд ойр дотно бөгөөд хоёр орны уламжлалт найрсаг харилцааг орчин үеийн түвшинд хөгжүүлж, хоёр талдаа харилцан ашигтай, эдийн засгийн үр өгөөжтэй чиглэлээр, тухайлбал соёл, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, био технологийн салбарт бодитой хамтран ажиллах цаг ирээд байна.
Энэ ч утгаар өнгөрсөн жил гаруйн хугацаанд эдгээр салбарт Монгол, Кубын хамтын ажиллагааг бодитой урагшлуулах хэд хэдэн чухал ажлыг эхлүүллээ. Цар тахлын нөхцөл байдал бидний ажлын хурд, үр дүнд тодорхой хэмжээнд саад учруулж байгаа хэдий ч байнгын хөөцөлдөлгөө, тогтмол харилцаа холбоотой ажилласны үр дүнд хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурах, гэрээ хэлцэл хийгдэх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх, уулзалт, яриа тогтмолжих, эрчимжих зэрэг нааштай хандлагууд гарч эхлээд байна.
Тухайлбал, Монгол, Кубын Гадаад харилцааны яамд хоорондын IV зөвлөлдөх уулзалтыг энэ ондоо багтаан хийхээр тохиролцсон. Хоёр орны эмэгтэй парламентчдын хамтын ажиллагааг “Улс төр ба засаглалд эмэгтэйчүүдийн түншлэл” сэдвийн хүрээнд эхлүүлэх яриа хэлцэл хийгдээд байна.
“Эрүүл мэндийн салбар дахь Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Куба Улсын Нийтийн Эрүүл мэндийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-т талууд гарын үсэг зурлаа.
“Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим болон Кубын Худалдааны танхим хоорондын Хамтын ажиллагааны гэрээ”-нд талууд гарын үсэг зурж, хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө батлав. “Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль болон Кубын Олон улсын харилцааны дээд боловсролын институт хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг” саяхан байгуулагдав.
БНКУ-аас 2-3 оюутанг Монголд сургах асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд хандан гаргасан хүсэлт минь шийдвэрлэгдэж, жил бүр 3 оюутан Монголын Засгийн Газрын тэтгэлгээр суралцах боллоо.
Дашрамд хэлэхэд 1964 оноос өнөөдрийг хүртэл Монголын 160 орчим оюутан БНКУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад эмч, эмнэлгийн ажилтан, инженер, спортын дасгалжуулагч мэргэжлээр суралцаад байна.
МУИС болон Хаванагийн Их сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ШУТИС, СЭЗИС-ийг Хаванагийн Их сургуультай хамтын ажиллагаа эхлүүлэх ажил эрчимтэй явагдаж байна.
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Куба Улсын Аялал жуулчлалын яамд хооронд байгуулах хамтын ажиллагааны санамж бичгийн төсөл дээр талууд ажиллаж эхлээд байна. Монголын Соёл, аялал жуулчлалын мэдээллийн төв өргөөг Куба улсад байгуулах бидний санаачилга БОАЖЯ-наас дэмжлэг авсан.
Монгол, Кубын Үндэсний радио, телевизийн байгууллагууд хооронд хамтран ажиллах талаар харилцан санал солилцох, айлчлал хийх хүрээнд ажил эхлээд байна.
Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, салбар яамд хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажил урагштай явж байна. Энэ оны аравдугаар сард Кубын Хоршоологчдын холбооны хүсэлтээр “Хуримтлалын сан байгуулах” монголын талын сургалт Хавана хотод, “Монгол хувцасны нууц товчоо” лекц Хаванагийн их сургууль дээр, “Монголын өв соёлын дархлаа-Монгол хувцас”-ны үзүүлбэр Хавана хотноо зохион байгуулагдахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
- Та саяхан Хавана хотын дэд дарга Карлос Гонгоратай уулзсан тухайгаа мэдээлсэн байсан. Энэ уулзалтын талаар тодруулахгүй юу?
- Энэ уулзалтаар Улаанбаатар, Хавана хотуудын харилцааг өргөжүүлэх, энэ хүрээнд соёлын арга хэмжээ харилцан зохион байгуулах чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцсон.
Нэгэн жарны түүхэн харилцаатай хоёр орны ард түмэн, нийслэлчүүдэд хоёр орны соёл, аялал жуулчлалын арга хэмжээгээр дамжуулан сурталчлан таниулах, ойртуулах ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.
Тухайлбал, Монголын гэр- соёлын төвийг Хавана хотноо байгуулах, хоёр орны нэр хүндтэй уран зураачдын үзэсгэлэнг харилцан зохион байгуулах зэрэг ажлыг ойрын үед ажил хэрэг болгохоор тогтсон.
- Та БНКУ-д суугаа Элчин сайдын хувьд Латин Америк, Карибын тэнгисийн орнуудыг хавсран хамаардаг. Эдгээр орнуудтай байгуулсан дипломат харилцаа өнөөдөр ямар түвшинд байна?
- Миний бие Куба улсад Монгол Улсаа төлөөлөхөөс гадна Уругвай, Аргентин, Чили, Перу, Колумби, Бразил улсыг хавсран суудаг. Латин Америкийн эдгээр томоохон улсуудтай манай улс дипломат харилцаагаа 50 орчим жилийн өмнөөс эхлүүлсэн түүхтэй. Нөгөөтээгүүр таны асуусан Карибын тэнгисийн 13 орны асуудлыг давхар хариуцан ажиллаж байна. Мэдээж Латин Америкийн дээрх орнууд болоод Карибын тэнгисийн орнуудын асуудал нь цөөхөн орон тоотой манай ЭСЯ-ны хувьд ахдах хэдий ч бид бүхий л байдлаар холбоо харилцаагаа тэлэх чиглэлээр зогсолтгүй ажиллаж байна. Үр дүн ч эхнээсээ гарч байна.
Монгол-Аргентин, Монгол-Чили, Монгол-Колумбийн Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг энэ ондоо багтаан зохион байгуулахаар тохиролцоод бэлтгэлийг хангаж байна. Өмнөх уулзалтаар яригдсан асуудлаа дүгнэж, шинээр хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлж эхэллээ.
Элчин сайдын хувьд Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Гадаад хэргийн сайд Франсиско Бустиёо Бонассо, Аргентины Гадаад хэргийн дэд сайд Пабло Теттаманти нарт Итгэмжлэх жуух бичгийн хувиа гардуулсан.
2021 онд Монгол, Аргентин, Монгол, Чилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа тул эдгээр түүхт тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөнүүд гарч, хэрэгжүүлэх ажил явагдаж байна. ЭСЯ-наас өөрийн нөөц боломжийн хүрээнд цахим сонин гаргаж, харилцаа хамтын ажиллаганыхаа талаар мэдээлэл олон нийтэд хүргэж байна.
Аргентины Хөлбөмбөгийн холбоотой Монголын Хөлбөмбөгийн холбоо, Монголын “Mars-V” төсөл болоод Чили улсын Атакама цөл дэх NASA, Европын сансрын байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Марс” төслийн багуудын хооронд холбоо тогтооход дэмжлэг үзүүлж ажиллаж эхэлсэн.
Монгол, Чилийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд хооронд хамтын ажиллагаа эхлүүлэх, цахим уулзалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллалаа.
“Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Колумби Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах төслүүд эцэслэх шатандаа явж байна.
Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулах, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх төслүүд эцэслэгдэх түвшиндээ ороод явж байна.
Парагвай улстай бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр, Перу улстай энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрүүд байгуулагдаж, хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна. Одоо Колумби болон Коста-Рика улстай бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрүүд байгуулахаар ажиллаж байна.
Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газар, Бүгд Найрамдах Колумби Улсын Эрсдэл, гамшгийн удирдлагын газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийн төсөл дээр талууд ажиллаж байна.
Чилийн Үндэсний их сургуулийн Уул уурхайн инженерийн сургууль, Аргентины Дипломатын Академи, Латин Америкийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг монголын холбогдох байгууллагуудтай холбож өгөх ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна.
- Та өмнө нь Бүгд Найрамдах Индонез Улсад сууж байсан Элчин сайдын хувьд Зүүн Өмнөд Азийн бүс дэх Монгол Улсын байр суурь, гүйцэтгэх үүргийг хэрхэн харж байна вэ?
- Дэлхийн эдийн засгийн нэгдмэл системийг бүрдүүлж байгаа глобал үйл явцад улс орон бүр харилцан адилгүй оролцож, газар зүйн байршилдаа түшиглэн, хамтын сонирхлоо нэгтгэж, харилцан нягт уялдан холбогдсон бүс нутгийн хандлагууд тив бүрд хурдацтай нэмэгдэж, тухайн орны хөгжлийн ирээдүйг улам бүр тодорхойлох болсон зуун нэгэнт эхэлсэн. XXI зуунд олон улсын харилцаанд олон туйлт тогтолцоо улам бүр бэхжих хандлагатай байгаа.
“Зүүн Азийн Хамтын Нийгэмлэг (АСЕАН)” 2005 оны арванхоёрдугаар сард Малайзын Куала- Лумпурт болсон АСЕАН+З-ын дээд хэмжээний уулзалтаар албан ёсоор байгуулагдсан. АСЕАН-д элсэхэд тус нийгэмлэгийн найрамдал хамтын ажиллагааны гэрээнд нэгдэн орсон байх, бүс нутгийн орнуудтай худалдаа, эдийн засгийн өргөн харилцаатай байх шаардлагуудыг тавьдаг. Миний бие Индонез улсад Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа АСЕАН-ы суурин төлөөлөгч, Элчин сайд статустайгаар тус бүс нутгийн интеграцийн үйл ажиллагаанд улсаа төлөөлөн оролцож байсан.
Монгол Улс АСЕАН-тай хамтарч ажиллах ихээхэн сонирхолтой байгаа хэдий ч манай улсын улс төр, худалдаа эдийн засгийн үйл явцад дорвитой өөрчлөлт гарахгүй байгаа явдал нь АСЕАН-тай аль ч талаар хамтрах асуудалд хүндрэл учруулж байгаа юм.
АСЕАН-д элсэх нь Монгол Улсын гадаад бодлогын гол зорилтын нэг яах аргагүй мөн. Элсэн орох шалгуурын хүрээнд манай улс АСЕАН-ы найрамдал хамтын ажиллагааны гэрээнд 2005 оны долоодугаар сард нэгдэн орсон. Одоо цаашид бүс нутгийн орнуудтай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд голлон анхаарах хэрэгтэй байгаа юм. Ер нь Зүүн хойд Азийн бүс нутаг нь Монгол Улсын Зүүн Азийн бүс нутгийн интеграцчилалд хамрагдах гол гарц болж байгаа юм.
Тодорхой хэлбэл, эрчим хүчний салбарт Эрхүүгээс Монголоор дамжуулан Хятадад эрчим хүч нийлүүлэх шугам барих төсөл яригдаж, Ази Номхон далайн эрчим хүчний судалгааны төв (АРЕRС)-д 2001 оноос хийгдсэн ажлыг улам бүр эрчимжүүлэх, оролцоогоо нэмэх шаардлагатай. Манай улс Оюу толгой, Таван толгойн нүүрсний орд дээрээ түшиглэн Хятадыг эрчим хүчээр хангахад анхаарах нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой, дагасан нааштай үр дагавруудыг тооцож болохоор байгаа.
Дараагийн нэг том асуудал бол манай улс Түмэн голын коридор (Сибирийн төмөр зам-Дорнод Монгол- Чангчун- Түмэн гол), Монгол-Тяньжины коридор (Сибирийн төмөр зам-Улаанбаатар-Бээжин-Тяньжин) гэсэн хоёр коридороор дамжин бүс нутгийг хамарсан нэгдсэн сүлжээнд хамрагдах нь худалдаа, аялал жуулчлалыг өргөжүүлэхэд чухал алхам болно.
- Ярилцлагын төгсгөлд уншигчдад маань хандан юу хэлэх вэ?
- Томилолтын хугацааны төгсгөлд та бүхэнтэй ярилцах боломж ирвэл илүү олон ажлын үр дүнг танилцуулж болох байх гэж бодож байна.
Монгол Улсаа төлөөлж Латин Америкийн бүс нутагт ажиллаж буй Элчин сайдын яамтайгаа энэ бүс нутагт хэрэгжиж буй, цаашид хэрэгжүүлэх, хамтран ажиллах бүхий л дипломат үйл ажиллагаанд оролцогч талуудаа идэвхтэй, хурдтай, үр дүнтэй хамтрахыг уриалъя.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
BOLIOCH GERTEE ABGAIGAA ZAGNAJ BAIGAAM SHIG BURUU GEJ UZEJ BAIGAA BOL TUUNIIGEE HELEECH HUN DOROMJILDOG ADGIIN AMITAN CHAM SHIG SHAAR TURIIN GADAAD BODLOGO YAJ AMJILTAD HUREHIIG MEDEH CH GUI UCHRAAS HONSHOOROO HOISHOO BAI\n\n\n
АСЕАН-д элсэнэ гэнэ үү? сэтгэц нь эрүүл үү энэ авгайгийн? АСЕАН бол Зүүн Өмнөд Азийн орнуудын байгууллага ш дээ. Монголыг авахгүй гээд дээр үед хэлчихсэн ш дээ. одоо юугаа солиороод бгаа T1 вэ
Вакцинаа сайн судламаар юм байна. хамраар цацдаг вакцин оруулбал зүгээр биш үү.\n
Энэ хүний нүд нь сонин болчихож, хэт халууны хам шинж туссан юм шиг харагдаж байна. Уугуул оршин суугчид нь зарим үед 30 орчим градусын халуунд даардаг гэж байгаа. Албан тушаалын хэнээрхэл хүнийг ингэж баллах юм даа тиймээ?
Чадваргүй, шахаагаар явсан гэдэгээ ойлгоод чимээгүйхэн хугацаагаа дуусгахаа бодоосой. Гадаад бодлого ярих хэмжээний боловсрол, мэдлэг өөрт чинь байхгүй. Тэнэг хүний дуугүй нь сүртэй гэдэг дээ.
nomoo mongoldoo l bichij bolh baisn bish u,yugaa hiij yavsan yum bol.naad ylsad chin mongoltoi holbootoi uur hiih ajil baidggui gazar y
Элбэгдорж нь зааж өгсөн юм байхдаа