Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохионо. Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх наймдугаар сарын 1-нд ашиглалтад орох “Уурхайчдын нэрэмжит талбай”-н шав тавих ёслолыг өчигдөр /2021.09.21/ зохион байгууллаа. Шав тавих ёслолд УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, хууль эрх зүй хариуцсан дэд захирал Б.Батсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон байна.
Үе үеийн уурхайчдын яруу алдрыг мөнхлөх, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг сурталчлан таниулах, зорилгоор дээрх төслийг эхлүүлжээ. Мөн УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолоор “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан байна. Тиймээс БЗД-ийн 26-р хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хэсэгт 1.28 га газарт “Уурхайчдын нэрэмжит талбай”-г байгуулахаар ажиллаж байна.
Тус талбайн зураг төсөлд уурхайчдын ажил мэргэжлийн онцлогийг харуулсан хөшөө, уул уурхайн салбарын билэг тэмдгийг агуулсан 100 жилийн ойн дурсгалын хэсэг, ил далд уурхайн зохиомж бүхий тохижилтын хэсэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж зэргийг тусгаж өгчээ. Төслийн санаачлагч, бодлогын дэмжлэг үзүүлэгчээр УУХҮЯ, бодлогын дэмжлэг үзүүлэгчээр НЗДТГ, төсөл санаачлагч, зохион байгуулагчаар “Монголын Уул Уурхайн Сургалт судалгааны үндэсний төв” НҮТББ, зураг төслийг “Хархорум Дизайн” ХХК, төслийг санхүүжүүлэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК болон бусад уул уурхайн компаниуд хамтран ажиллаж байна.
“Уурхайчдын нэрэмжит талбай” ил болон далд уурхайн хэсгээс бүрдсэн задгай театр, Уул уурхайн машин механизмын үзүүлэнгийн хэсэг, Хүүхдийн тоглоомын талбай болон чийрэгжүүлэх хэсэг, дугуйн зам, явган хүний зам, ногоон байгууламж гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )