О.Сэлэнгэ: Залуучуудыг засаг дарга нар дэмжиж ажиллах үүрэгтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 23

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэтэй ярилцлаа. Түүнтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд ажил олгогч байгууллагууд болон их, дээд сургуулиуд ямар үүрэгтэй болох талаар ярилцсан юм.


-Олон улсын залуучуудын өдрийг хэзээнээс тэмдэглэх болсон бэ. Манай улсын хувьд мөн хэзээнээс тэмдэглэж, Залуучуудын хөгжлийн газар нээгдсэн талаар яриагаа эхэлье.

-Юуны өмнө “Өглөөний сонин”-г сонирхон уншиж буй уншигч танд залуучуудын өдрийн мэнд хүргэе. Наймдугаар сарын 12-ны өдөр бол “Олон улсын залуучуудын өдөр” байдаг. 1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2000 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн юм. Монгол Улсын хувьд тэмдэглэлт өдрийн тухай хуульд зааснаар одоогоос найман жилийн өмнө наймдугаар сарын 25-нд залуучуудын өдрийг тэмдэглэхээр тусгасан байдаг.

Энэ өдөр бүх нийтийн амралт, баяр гэж андуурч болохгүй. Залуучуудын төлөө бид юу хийв, залуучууд өөрсдийнхөө төлөө юу хийв, өөрийгөө хөгжүүлэхэд хэрхэн анхаарлаа хандуулж байна, ирээдүйн зорилго тань юу байна гэдгийг эргэцүүлэх өдөр юм. Мөн залуу хүний хөгжлийг хангах үүднээс төрийн болон төрийн бус байгууллагууд, төр засгаас ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа талаар олон нийтэд мэдээлэл өгөх, тэдэнд зориулсан үйлчилгээг үзүүлэхээр зорьж ажиллаж байна.

-Залуучуудын хөгжлийн газраас наймдугаар сарын 25-ны өдрийг угтан ямар үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна вэ?

-Залуу хүн гэдэгт 15-34 насныхан багтдаг. Нийтдээ 1.116.859 залуучууд байдаг. Хөгжлийн сарынхаа хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн чиглэлийн дагуу залуучуудын оролцоо, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг онцолж байна. Энэ ажлын хүрээнд 19 ажил хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, залуучууд өөртөө тохирсон, зохистой хөдөлмөр эрхлэх асуудал маш чухал байгаа. Энэ үүднээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил олгогч байгууллагуудад арга зүйн туслалцаа үзүүлэх, мэргэжлээ зөв сонгох зэрэг асуудалд цогц байдлаар хандаж байна.

Нийт хүн амын хөдөлмөр эрхлэлтийн 44.9 хувийг залуучууд эзэлдэг. Хөдөлмөр эрхлэлтийн түвшингээр 39.8 хувьтай буюу 10 залуу хүн тутмын дөрөв нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн үг юм. Ажилгүйдлийн түвшингээр авч үзэх юм бол ажилгүй 10 хүн тутмын нэг нь залуу хүн байна гэсэн судалгаа байдаг.

-Залуучуудад чиглэсэн 19 ажлыг хийхээр төлөвлөсөн гэлээ. Үүнээс жишээ дурдвал?

-Эдгээр 19 ажлаас онцлоод хэлбэл, баг, хороо, сум, аймаг, дүүргийн Засаг дарга болон тухайн нэгж дээр ажиллаж буй төрийн байгууллагуудад залуучуудтай холбоотой бодлого, хөтөлбөр байгаа эсэх залуучууд руу чиглэсэн ямар үйл ажиллагаа хийдэг талаар судалж үзлээ. Ингээд, 2022 онд хорооны засаг дарга нар залуучуудтай холбоотой хөтөлбөр, төлөвлөгөө гаргасан уу, ер нь хорооныхоо иргэддээ зориулж ямар үйл ажиллагаа хийж байна вэ гэхэд маш хангалтгүй үр дүн гарсан. Тэр бүү хэл хорооны Засаг дарга нар залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа хийх талаар өөрсдөө ч мэдээлэлгүй байна. Засаг дарга нар Залуучуудын хөгжлийг дэмжих хуульд, залуучуудыг соён гэгээрүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх мөн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хүртэл үүрэг хүлээсэн байдаг. Эдгээр Засаг дарга нарыг залууст ээлтэй шийдвэр гаргаач хэмээн уриалж байгаа. Энэ бол заавал санхүүжилттэй холбоотой асуудал биш. Зарим Засаг дарга нар төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудад “Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгоод өгөөч ээ” гэж уриалж байх жишээтэй. Энэ нь төрсөн өдөр тэмдэглэх гээд байгаадаа ч биш гэр бүлтэйгээ цагийг аз жаргалтай өнгөрүүлэх боломжийг л олгож буй юм. Энэ чинь л залууст ээлтэй шийдвэр юм.

Орчин үеийн төрийн албан хаагч гэдэг бол ажлын байрандаа байнга бичиг цаастай зууралдаад байх бус хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээгээ амьдралд хэрэгжихэд хэр бодитой вэ гэдгийг очиж харж, анализ хийснээр үр дүнд хүргэдэг байх ёстой. Залуучууд мөн өөрсдийн амьдардаг ойр орчмын замын эмтрэл, тэмдэг тэмдэглэгээг засаж, сайжруулахад цаг зав гаргаад нэгдэн нийлээд хувь нэмрээ оруулдаг байх нь чухал. Зөвхөн сайн яригч, дуу хоолойгоо хүргэдэг байхаас гадна өөрийнхөө амьдарч буй газартаа бодитой хувь нэмрээ оруулж чадсан билүү гэж өөрөөсөө нэг асуугаарай. Зарим улсад нэг сард ганцхан цагийг зарцуулаад улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулдаг. Тэд тэглээ гээд цахим орчинд сэвэх, хэн нэгэнд таалагдах эсвэл ашиг сонирхол хардаггүй. Ингэж хүн бүр сайн дураараа хувь нэмрээ оруулж чадаж эхэлсэн цагт улс орон хөгжих болохоос биш хэчнээн сум бүрд 100 давхар барилга барьсан ч улс орон хөгжихгүй. Залуучуудын сайн дурын ажлыг баталгаажуулах журмын хүрээнд МУБИС Сайн дурын ажил гэдэг хоёр цагийн кредит хичээлийг судалдаг. Энэ байдлаар бүх их дээд сургуулийн оюутан улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулдаг баймаар байна.

-Энэ жил ямар уриаг дэвшүүлж, залуучуудад чиглэсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна вэ?

-Энэ жилийн үйл ажиллагаагаа зөвхөн наймдугаар сар гэлтгүй ес, аравдугаар саруудад үргэлжлүүлээд явна. “Залуус таны төлөө” гэдэг уриан дор Залуучуудын хөгжлийн төв ажиллахаар зорьж байна. Бид бүхэн олон залуучуудад уулзалт, сургалт, хэлэлцүүлэг, тэдний оролцоог хангасан ажил хийж байгаа боловч 20 залууг хорт зуршлаас нь салгах боломжийг эрэлхийлж, илүү үр дүнд хүргэхээр ажилладаг. Залуучуудын хөгжлийн сарын хүрээнд бидний төлөвлөж буй бас нэгэн чухал ажил бол бүх баг, сум, аймаг, хороонд “Цахим залуучуудын хөгжлийн төв” байгуулах гэж байна. Гар утсаараа QR кодыг уншуулаад ороход сэтгэл зүйн, хууль зүйн зөвлөгөө, архи, тамхинаас гаргах сургалт, мэргэжил сонголт зэргийг үнэ төлбөргүй авч болно. Цаашдаа бид сайн үйлчилгээ, гэр бүлийн харилцааны асуудлыг нэвтрүүлэх гэж байна. Мөн залуучуудын хөгжлийн зөвлөлд хамрагдаж, оролцож болно. Бүх асуудлыг төр шийдэж чадахгүй, залуучууд хамтарч шийдэх боломжтой. Залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг 110 албан хаагч байдаг. Үүний дийлэнх нь аймаг, нийслэл дээр л байна. Монгол Улсын хэмжээнд “Залуучуудын хөгжлийн төв” 35 байдгаас сум орон нутагт таван газарт байдаг. Энэ нь төслийн хүрээнд зөвхөн Өмнөговь аймгийн сумдад л байгаа юм. Сумын малчдын дунд залуучуудын чуулган, гэрлэж амжаагүй буюу ганц бие залуучуудын чуулган зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. Мөн эцэг эх, өсвөр насны хүүхдүүдэд зориулсан сургалт зохион байгуулах нь маш чухал байна. Малчин, тариаланч гээд салбар бүрээс залуучууд яагаад уулзаж болохгүй гэж. Мөн асрамжаас гарсан, хорих ял эдлээд ирсэн залуучууд ч гэсэн уулзах эрхтэй. Үүнийг цаашдаа Говь-Алтай аймаг ч гэлтгүй нутаг сэлгэж зохион байгуулж, түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

-“Next Gen 2022” төслийн талаар тодруулбал?

-“Next Gen 2022” төслийн гол зорилго бол залуучууд нийгмийг сэргээх, залуучуудын оролцоотойгоор хийж болох дараагийн алхам юу байна гэдгийг эрэлхийлэх юм. Залуучууд үзэл бодлоо илэрхийлэх нь чухал боловч өөрөө оролцох нь илүү чухал байгаад байгаа юм. Тийм учраас бид бүхэн тус төслийг 21 аймаг, есөн дүүрэгт 1500 залуучуудыг хамруулахаар төлөвлөж байна. Залуус маань нийгэмд ээлтэй, нийгмийн сайн сайхны төлөө төслүүдийг санаачлан оролцох юм. Жишээлбэл, аргалыг ашиглаад цаас үйлдвэрлэсэн байна. Энэ бол нийгэмд хувь нэмрээ оруулж буй гайхалтай санаачилга юм. Төслийн талаар арга зүйн сургалтыг энэ сарын 26, 27-нд зохион байгуулна.

-Монгол Улсын нийт хүн амын 31 хувийг 15-34 хүртэлх насныхан эзэлдэг, залуучууд ихтэй орон шүү дээ. Иймд төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээ ихэсдэг байх. 2022-2023 онд залуучуудыг дэмжих чиглэлд хэрхэн ажиллах вэ?

-Жилээс жилд залуучуудын эзлэх хувь багасаж байна. 2023 онд бүх залуучуудын хөгжлийн салбар, зөвлөлөөс ирсэн саналын дагуу төлөвлөгөөгөө гаргахыг зорьж байна. Бид төлөвлөгөөгөө гурван үндсэн түвшинд илүү анхаарлаа хандуулж байгаа. Нэгдүгээрт, зорилтот бүлгийн залуучууд буюу хорихоос суллагдсан, асрамж халамжийн төв, өсвөр насныхан байна. Хорихоос суллагдсан залуучуудыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллаж байна. Хоёрдугаарт, архи тамхинд орсон  залуучуудыг хорт зуршлаас татгалзах чиглэлээр Наркологийн эмнэлэгтэй хамтран “Би хорт зуршилгүй залуу” гэдэг цахим хуудас хөтөлж, үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна. Шаардлагатай бол хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрдүүлсэн байгаа. Гуравдугаарт, гадаадад байгаа залуучуудынхаа дуу хоолойг сонсохын тулд цахим чуулганыг зохион байгуулна. Эрх нь зөрчигдөж байна уу, гэр бүлийн харилцаанд асуудал тулгарч байна, хүүхэд нь боловсрол эзэмшихэд хүндрэл байна уу гэдгийг тодруулахаар ажиллаж байна. Бид бүхэн 2022 онд залуучуудын салбар зөвлөл буюу баг, сум, хороодын Засаг дарга нарыг залуус руу чиглэсэн төлөвлөгөө гаргах үүргийг нь онцолж, эрчимжүүлэхээр ажиллаж байна. Цаашдаа ч энэ ажлыг анхаарч, залуучуудад ээлтэй хороо, багийг алдаршуулъя, мөн тэр жишгийг түгээн дэлгэрүүлэхээр ажиллана.

-Лоринэт сан энэ онд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлын судалгаа”-г хийсэн байна. Тус судалгаанд 15-29 насны 37 мянган залуучууд идэвхтэй ажлын байр хайж байгаа гэсэн судалгаа гарсан байна. Эдгээр залуучуудад ажлын байр олоход нь Залуучуудын хөгжлийн газар хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Ажил хайж буй, ирээдүйнхээ ажлыг төлөвлөж байгаа залуучуудад бид бүхэн гурван чиглэлээр дэмжлэг үзүүлж байна. Нэгдүгээрт, их дээд сургууль бүрд оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байх ёстой. Энийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар арга зүйгээ хангаад, манай байгууллага хамтарч ажиллахаар журмын төсөлд батлагдсан байдаг. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг оюутан байх хугацаанд нь хэрэгжүүлэх хэрэгтэй байна. I, II курст байхад нь мэргэжлийнх нь дагуу салбарт сайн дураар ажилуулаад, тэр ажилласан хугацааг нь тооцуулахаар зорилт тавьж ажиллаж байна. Үүнийг бид биш их дээд сургуулиуд нь хийх үүрэгтэй. Магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийн хамгийн том зүйл бол гоё ромбо, диплом, дүн биш. Хамгийн гол нь төгсөгчдийнхөө  хэдэн хувийг хөдөлмөрийн байранд зуучилж, ажилтай болгоход нь тусалж байна гэдэг асуудал юм. Хоёрдугаарт, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу бид ажилд холбон зуучилдаг. Жишээ нь, хориход хүмүүжиж буй залуучуудыг тэндээс гарахаас нь  өмнө байгууллагуудад хүсэлт тавьж холбон зуучлах ажлыг хийж байна. Гуравдугаарт, мэдээлэл өгөхөөр зорьж байна. Сум, хороо, аймаг бүрээс ажлын байр байгаа эсэх судалгаа авч, ямар ажлын байр байгаа талаарх мэдээллийг залуучууддаа хүргэхийг зорьж ажиллаж байна.

-Хүүхэд төрүүлэх, өсгөх болон бусад ар гэрийн үүрэг хариуцлагаас үүдэн хөдөлмөрийн зах зээл рүү нэвтэрч чадахгүй байгаа залуу эмэгтэйчүүдэд орлого олох боломж, арга зам, туслалцаа хэрхэн үзүүлдэг вэ?

-Энэ үүргийг баг, сум, хороо, аймаг, дүүргийн Засаг дарга нар хуулиараа хүлээсэн байдаг. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн нэг хороонд хэрхэн хэрэгжүүлсэн талаар ярья. Амьжиргааны түвшин доогуур 10 залуу гэр бүл дээр бид бүхэн очсон. Тэр айлууд яагаад амьжиргааны түвшин доогуур байсан гэхээр аав нар нь л ажил хийдэг байсан. Ээжүүд нь гэртээ хүүхдүүдээ хардаг. Иймд бид хорооных нь Засаг даргатай ярилцаад тэдгээр хүүхдээ хараад сууж буй ээж нарыг цуглуулаад, хамгийн туршлагатай ээжээр хүүхдүүдээ харуулахаар тохиролцсон. Ингээд хүүхдээ харуулах 10 айл нэгдэж, хүүхдүүдийг харах айлыг тохижуулж, аюулгүй болгоод, нийт 17 хүүхэд хамрагдсан юм. Үүнийг нь хүүхэд харах үйлчилгээтэй холбож өгөөд төрөөс мөнгө олгодог болсон. Мөн хүүхдээ харуулж буй айлууд төлбөр өгөхөөр тухайн хүүхэд харж буй айл 2.5 сая төгрөгийн орлоготой болж буй юм. Энэ жишгийг баг, сум, хорооны Засаг дарга нар хэрэгжүүлээсэй гэж уриалмаар байна.

-Монгол Улсад боловсролын байгууллагаас шинээр төгсөн гарсан залуучуудын талаас илүү хувь нь ажлын байран дээр гараад ажил олгогчдын шаардлагад нийцдэггүй нөхцөлтэй байна. Ажил олгогчдын зүгээс ямар шаардлага тавьдаг талаар залуучуудын ойлголт дутмаг байдаг. Энэ талаар мэдээлэл, ойлголтыг хэрхэн түгээн дэлгэрүүлэх вэ?

-Ажил олгож буй төрийн, хувийн, бизнесийн байгууллагууд шинээр орж буй ажилтнаа чадавхжуулах, дадлагажуулагч хөтөлбөртэй баймаар байна. Олон улсад бол ажил мэргэжлийн зөвлөх гэдэг хүн ажиллаж, тухайн хүнд арга зүй өгдөг. Энэ өгсөн арга зүйгээр тухайн байгууллагын үйл ажиллагаа ч тэлнэ, тухайн хүн ч ажлаа хялбар хийдэг болно. Харин манай байгууллагууд дадлагажуулж байна гээд огт өөр зүйл хийлгээд байдгаас болж тухайн ажилтан ажил хийх сонирхолгүй болох, дарамтад өртөх, ялгаварлан гадуурхагдах асуудал үүсдэг. Шинэ ажилтнаа хөгжүүлэх төлөвлөгөө байхгүй бол тэр байгууллага хөгжихгүй шүү дээ. Их, дээд боловсролын салбар ба ажил олгогч байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагаа мөн сайжрах хэрэгтэй байна.

-Одоо хэрэгжиж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн төлөвлөлт болон хэрэгжилтийн явцад анхаарах ямар асуудлууд байна вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн төлөвлөлт болон хэрэгжилт урт хугацаанд тогтвортой, үргэлжлэх асуудал чухал байна. Дараа нь залууст ээлтэй шийдвэрүүд чухал байна. Шинээр ажилд орж буй ажилтнуудыг чадавхжуулах асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Дадлагын оюутан хөтөлбөрийг II курсээс нь эхлээд гурван жил хийлгэдэг болмоор байна. Оюутан их, дээд сургуулиа төгсөөд ажилд ордог байхад нь тусалдаг сургуулиуд магадлан итгэмжлэлээ хамгийн сайн гүйцэтгэсэн гэх стандарттай болмоор байна. Дараагийн нэг асуудал бол их, дээд сургууль төгсөгч нар ямар нэгэн хэлээр чөлөөтэй ярьдаг байх. Ингэж байж шинэ төгсөгч өөрөө ажлын байр бий болгох боломжтой.

-Залуус гарааны бизнес эрхлэх гэхээр барьцаа хөрөнгө, бизнесээ эхлүүлсэн байхыг мөн шаарддаг. Төсөлд оролцоод дэмжлэг авах гэхээр энэ талаар ойлголт мэдээлэлгүй залуучууд хаанаас туслалцаа авч болох вэ?

-Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас жил бүр 21 аймаг есөн дүүрэгт “start up” төслийг цахимаар болон бусад хэлбэрээр нээлттэй хүлээж авдаг. Түүнийг нь гурван шатанд шалгаруулаад тухайн төсөлд дэмжлэг олгодог. Энэ талаарх мэдээллийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүдээс авах боломжтой. Хэрвээ эндээс мэдээлэл авах боломжгүй бол манай Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулаад мэдээлэл авч болно.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top