АТГ-аас шалгаж буй албан тушаалтнуудын хэрэг

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

Нүүрсний хулгайтай холбоотой хавтаст хэргүүд хуулийн байгууллагад овоорч байгааг албаныхан онцолж байна. Улс даяар дуулиан тариад байгаа энэ хэргийн хажуугаар Төрийн ордонд болсон Хөгжлийн банкны нээлттэй сонсгол ч нэлээд шуугиан тариад амжив. Ер нь он гарснаас хойш олон төрлийн баривчилгаа, тэр дундаа “Цагаан захтан”-уудын хэрэг шил дараалан хөврөх болов. Түүний хажуугаар Тагнуулын ерөнхий газраас ч дуулиант баривчилгаа явуулах нь тэр. 

Тиймээс ойрын өдрүүдэд олны анхаарлыг татсан хэргүүдийг тоймлон хүргэж байна.


АН-ын даргын бүртгэлийн асуудлыг Улсын дээд шүүх дэнслэнэ

Улсын дээд шүүхэд Ардчилсан намын даргын бүртгэлтэй холбоотой асуудлаар өчигдөр дараах албан бичгүүд иржээ. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувдаас ирүүлсэн албан бичиг нь “...“Эвлэрлийн” гэх тодотголтой хууль бус үйл ажиллагаанд Үндэсний бодлогын хорооны саналын эрхтэй гишүүдийн 50-аас дээш хувь нь оролцоогүй, Их хурлын төлөөлөгч сонгох үйл ажиллагааг Дотоод сонгуулийн хороо (Д.Алтанхуяг даргатай) зохион байгуулаагүй тул 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн Их хурал хүчин төгөлдөр бус” гэсэн агуулгатай байна. Иргэн Л.Гүндалайгаас “...С.Эрдэнийн 2023 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан цахим сонгууль нь хууль бус тул Д.Ганбатын өргөдлийг хуулийн байгууллага шалгаж үнэнийг тогтоотол хүлээн авахгүй байх” агуулгатай албан бичгийг ирүүлжээ. Ийнхүү АН-ын тамганы хэрүүл энэ онд ч үргэлжлэх нь тодорхой байна.

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг нэгдүгээр сарын 6-ны өдөр саатуулж, 48 цаг хорьсон талаар бид мэдээлсэн. Түүнийг энэ сарын 9-нөөс нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн.

С.Батдөл нь 2021 онд тус албанд томилогдсон, богино хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтан бөгөөд албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхий тээврийн компаниудад давуу байдал олгож, их хэмжээний шан харамж авч, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан байна. Мөн өөрийн болон эхнэрийн нэр дээр нэлээд үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд, мөн их хэмжээний бэлэн мөнгө, валют хуримтлуулжээ.

Уг хэргийн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан Б гэдэг хүний гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г баривчилсан. Үүнээс гадна дөрөв гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг олж авсан хэргийг шалгаж байна. Түүний тухайд УБТЗ-д олон жил ажилласан. Одоо ч мөн Тээвэр зохицуулалтын газарт ажилладаг гэх урьдчилсан мэдээлэл байна" гэсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр С.Батдөлийн хэрэгт Л.Халтар болон эхнэр Ц.Ганзул нар оролцсон байж болзошгүй. Гомдлын мөрөөр хэрэг бүртгэл нээж, Ц.Ганзул болон дэд сайд Л.Халтар нарыг шалгаж эхэлсэн гэнэ лээ” хэмээн мэдээлсэн байна.  Ямартай ч С.Батдөлийн цагдан хоригдох хугацаа дуусахад арван хоног үлдээд байна. Түүнд холбогдох хэрэг хэрхэн үргэлжлэхийг цаг тухай бүрд нь мэдээллэх болно.

Яруу найрагч Ц.Хулан хоригдож байна

Яруу найрагч, зохиолч Ц.Хуланг тагнуулын байгууллагаас 461 дүгээр хорих ангид 48 цаг саатуулсан. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг энэ сарын 19-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, түр хойшлуулсан. Татгалзлыг Ерөнхий шүүгч хүлээж аваагүй шүүх хурал болж, түүнийг нэг сар хорихоор болсон юм.

Энэхүү баривчилгааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэхдээ "Энэ асуудлаар ТЕГ-ын дарга П.Одонбаатартай утсаар холбогдсон. Яруу найрагч Ц.Хуланг баривчилсан асуудлыг тодруулахад манай харъяаллын хэрэг дээр шалгах шаардлага үүссэн тул баривчилсан. Эрүүгийн хуульд заасан Төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн" гэв. Ц.Хуланг 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилж байв.

Эрүүгийн хэргийн 19.4 дүгээр зүйлийн Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах заалтад "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна. Олон нийтийн сүлжээнд Ц.Хулангийн талаар цөөнгүй мэдээлэл тархаж байгаа бөгөөд түүнийг МЗЭ-ийн зүгээс өмгөөлж, мэдээлэл хийгээд байгаа юм.

Боомтын гурван ажилтныг баривчилсан нь

Хуулийн байгууллагаас Гашуунсухайт боомт дахь төлөөлөгч Ш.Эрдэнэжаргал, Б.Наранхүү М.Дөлгөөн нарын гурван хүнийг 48 цагаар цагдан хорих байранд саатуулсан байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар БНХАУ энэ оны нэгдүгээр сарын 8-нд хилээ нээсэн. Үүнтэй холбоотойгоор бөмбөлөг тээвэр үүсгэх шаардлагагүй байхад бөмбөлөг үүсгэж, нүүрс тээврийн компаниудад хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан гэж мэдээлж байгаа юм.

Бөмбөлөг тээвэр үүсгэх шийдвэрийг Хилийн боомтын сэргэлтийн үндэсний хорооноос гаргадаг байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Гашуунсухайт боомт дахь төлөөлөгч Ш.Эрдэнэжаргал, Б.Наранхүү нар нь энэ шийдвэрийг нь гүйцэтгэх түвшний мэргэжилтнүүд, шийдвэр гаргах түвшний албан тушаалтан биш гэдгийг хэлж байна. Ямартай ч нүүрсний хулгайн хэрэг яригдсанаас хойш боомт болон гаалийн асуудал хурцаар яригдах болоод байгаа юм.

Р.Сэддоржид хилийн хориг тавив

Авлигатай тэмцэх газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Эдгээр албан тушаалтны нэг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржид холбогдох хэргийг шийдвэрлэтэл түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлахаар болсон. Мөн нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хоригложээ.

Яллагдагч Р.Сэддоржийн хувьд “УИХ-ын гишүүн, “Ажнай корпорацын ерөнхийлөгч асан Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэтэй уулзахыг хязгаарласан” хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдол гаргасан ч шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Мөн Нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, “Тавантолгой” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Шүрэнхишиг нарт холбогдох хэргийг шийдвэрлэтэл тэднийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.

Харин яллагдагч Р.Сэддорж, Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн байцаалын ажиллагаа үргэлжилж байна.

Х.Нурлат эрүүл мэндийн шалтгаанаар суллагджээ

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг өнгөрөгч оны арванхоёрдугаар сард цагдан хорьсон. Тэгвэл түүнийг нэг сарын дараа эрүүл мэндийн шалтгаанаар сулласан гэдгийг шүүхээс мэдээлсэн.

Х.Нурлатыг “Тавантолгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайнложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллагдагчаар татсан. Тодруулбал, "Эрдэнэс таван толгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч С нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, хорих шийдвэрийг гаргасан байдаг.

Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн удирдлагад ажиллаж байсан Х.Нурлат гэх хүний хамаарал бүхий компани Казахстан улсын Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллыг барьж байгуулсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явж байна" гэсэн мэдээллийг өгч байв.

И.Даваадоржийн талаарх дуулиан

Цагаан захтануудын хэрэг цааш хөвөрсөөр Авлигатай тэмцэх газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы туслахаар ажиллаж байсан И.Даваадоржийг нэгдүгээр сарын 10-нд саатуулсан. Түүнийг нүүрсний хэрэгтэй холбогдуулан саатуулсан гэдгийг албаныхан мэдээлж байв.

Ишравжаагийн Даваадорж нь 2020 оны орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байсан бөгөөд одоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр И.Даваадорж нь Ар гүнт, Арцатын аманд хаус хорооллын хоёр том төсөл эхлүүлээд байгаа гэх мэдээлэл ч хэвлэлээр гараад эхэлсэн юм.

Тариа андуурч хийсний улмаас хүн амиа алдсан гэх хэргийн шүүх хурал болов

Сүхбаатар аймагт нохойд хазуулсан есөн иргэнд вакцин андуурч хийсэн хариуцлагагүй үйлдэл гарсан билээ. Ингэхдээ галзуугийн вакцины оронд сүрьеэгийн тарилга хийж,  тунгийн хэтрүүлсэн хэмжээ хүн бүрт харилцан адилгүй үйлчилсэн байдаг. Хохирогч иргэдийг Улаанбаатар хот ХӨСҮТ рүү шилжүүлэн эмчилж буй. Шаардлагатай тохиолдолд гадаадын улс орнуудад эмчлүүлэх хүртэл арга хэмжээ авна гэж Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн.

Харин энэ асуудлын хүрээнд Сүхбаатар аймгийн ЭМГ-ын дарга, нэгдсэн эмнэлгийн дарга, эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байна. Тэгвэл Сүхбаатар дүүргийн шүүх дээр өчигдөр мөн л эрүүл мэндийн салбарын ажилтантай холбогдох шүүх хурал боллоо. Тодруулбал, Өргөө амаржих газарт тариа андуурч хийсний улмаас хүн нас барсан гэх гомдлын шүүх хурал болсон байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.126.90.105) 2023 оны 02 сарын 02

Эрүүгийн хуулийн 19,4 заалтаар С.Баяр, Баярцогт, 2009 онд ажиллаж байсан ЗГ ын гишүүд, УИХ ын гишүүдэд улс эх орныхоо эрх ашгийн эсрэг гадаадын компанитай үгсэн хуйвалдаж оюутолгойн гэрээ гэгч ээр үндэсний баялгаа найр тавин өгч авилгал авсан байж болзошгүй тул тэдний хэргийг сэргээн хорьж шалгах ажиллагааг эхлүүлэх болсон юм байна. Хулангаас ч аюултай үйллэл хийсэн шүү.

0  |  0
DR. ADITYA(197.211.63.68) 2023 оны 02 сарын 02

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.63.68) 2023 оны 02 сарын 02

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Top