Нэг ширхэг хэвийн боов уут боорцгийн үнэтэй дүйцэж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

Монгол түмний уламжлалт хоёр баярын нэг нь Цагаан сар юм. Монголчууд хаврын эхэн сард болдог энэ баярыг “Хүнд хэцүү хаврын хатуу хар сард болдог тул тэрхүү хахир сарыг цайлган аргадаж, сүү цагаан идээг гол болгосноор Цагаан сар гэж нэрийдэх болжээ.

Энэ жил төгс буянтын зурхайгаар XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин усан туулай жилийн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 21-ний өдөр тохиож буй.

Ирэх жилийн өнгө, эд баялаг, сайн сайхан явахыг бэлгэдэж, хавсай буюу ул боовоор тавгийн идээгээ засаж, ууц шүүсээ чанаж, гэр орныхоо тоос шороог цэвэрлэн, шинэ хувцас дээлээр гоёх зэргээр уламжлан ирсэн ёстой улс. Бид өмнө нь “ууц”-ны махны үнэ ханшны сурвалжилгыг Хүчит шонхор захаас бэлтгэн хүргэсэн билээ. Харин энэ удаад хэвийн боовны үнийн сурвалжилгыг “Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанаас бэлтгэлээ.


 

ХЭВИЙН БООВ 3800-7000 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХООРОНД БАЙНА

 

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа “Шинэ 100 айл” төвд 11 дэх өдрөө үргэлжилж байна. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа гэдгээрээ онцлог юм.

Тус үзэсгэлэн худалдааг 11 цагийн үед зорьж очиход хүн сийрэг байлаа. Монголдоо үйлдвэрлэсэн арьс, мод, чулуун эдлэл, дээл, хувцас, хүнсний ногоо, гурил гурилан бүтээгдэхүүн, цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, байгалийн ургамал гээд тоочоод барахгүй бүтээгдэхүүн төрөл бүрээрээ өрөөстэй харагдана. Хэвийн боовны хувьд ч мөн адил гүрмэл, сүлжмэл, зүсмэл, мушгиа гэх мэт олон төрөл байх бөгөөд орц найрлагаараа ялгарч, үнийн хувьд харилцан адилгүй байв.

Хэвийн боов худалдаалж буй бүх лангуугаар ороход хамгийн доод үнэ 3800 төгрөг гэж байсан юм. Харин дундаж үнэ 4500-6000 төгрөгийн хооронд байгаа бол дээд тал нь 7000 төгрөгөөр худалдаалж байлаа.

 

 

“Суман гүн” хүнсний үйлдвэрийн худалдааны зөвлөх “Манай “Өлзий” хэвийн боов нь шар тос, цагаан өрмөөр багсарч үйлдвэрлэгддэг. Уламжлалт хэвийн боовны хувьд 4000 төгрөг, зүсэлттэй нь 4500 төгрөг, эртний монгол гүрмэл 6000 төгрөг, гавжийн дугуй 8000 төгрөгний үнэтэй худалдаалагдаж байна. Үйлдвэрийнхээ үнээр иргэдийн гарт очиж байгаа юм. Алтан самар 4000 төгрөг, том суурь еэвэн 15 мянган төгрөг, жижиг нь 10 мянган төгрөг, хүндэтгэлийн суурь еэвэн 20 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Өнөөдөр хүн бага байгаа ч амралтын өдрүүдээр худалдан авагч сайтай байсан. Хоёрдугаар сар гарахаар хүн бүр цагаан сарынхаа бэлтгэлийг базаагаад, хөдөлгөөн нэмэгдэх байх” гэсэн юм.

“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд 1000 аж ахуйн нэгж, байгууллагын 15-20 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ оролцож байгаагийн хувьд иргэд тавгийн идээгээ хүссэнээрээ бэлтгэхэд сонголт арвин байна. Худалдагчид хэвийн боов сонирхсон хүн бүрд амталгаагаар дайлж, бүтээгдэхүүнээ тайлбарлаж харагдана.

“Эхний булаг” ХХК-ийн таван тойрог бүхий дугуй хэлбэртэй, сүлжмэл мушгиа боов таван үетэй нь 110 мянган төгрөгийн үнэтэй гэсэн юм. Тавгийн идээний оройд тавих самар 4-10 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн саран еэвэн 3500 төгрөг, тахилын боов 2500-3500 төгрөгийн үнэтэй байгаа юм.

 

 

ЦАГААН ИДЭЭГЭЭР ТАВГИЙН ИДЭЭ ЗАСАХ ҮНЭ 120 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛНЭ

 

Мөн тус үзэсгэлэн худалдаанд Архангай, Булган, Хэнтий, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор гэх мэт аймгуудаас цагаан идээ худалдаалахаар зорин иржээ. Тэд бүгд шинжилгээний бичигтэй бөгөөд ямар ч хольцгүй ааруулыг эндээс авах боломжтой гэнэ.

Энэ талаар Архангай аймгийн Хангай сумын малчин Г.Оюунчимэг “Сүүлийн 3-4 жил нутагтаа очиж сүү цагаан идээгээ боловсруулж, худалдаалж байна. Анх хүүхдүүдээ цэвэр агаарт гаргах зорилгоор сургуулийн амралт эхлэхээр нутагтаа очдог байсан. Тэнд хоёр сарын хугацааг зүгээр өнгөрүүлэхээр гээд сүү, цагаан идээ боловсруулдаг болсон. Бүх бүтээгдэхүүнээ сарлагийн сүүгээр хийсэн. Цагаан идээгээ хөргүүрт хийж, шинээр нь хадгалж, Улаанбаатар хотын иргэддээ нийлүүлдэг. Тээвэрлэлтийн зардал өссөн тул бүтээгдэхүүнийхээ үнийг 20-25 хувиар нэмсэн. Мөн малчдаас сарлагийн сүү худалдан авч, 3-4 хүн цалинжуулж ажиллуулдаг. Энэ жилийн хувьд бүтээгдэхүүнээ аль болох олон төрлөөр гаргахыг хичээсэн” гэсэн юм.

Хорхойн ааруул 18-23 мянган төгрөг, чипсэн, товчин ааруул 25 мянган төгрөг, хурууд 22 мянган төгрөг, жижиг дугуй еэвэн ааруул 28 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин өрөм 23-25 мянган төгрөг, хувийн өрөм 6000 төгрөг, олгойтой цагаан тос 15 мянган төгрөг, шар тос 30 мянган төгрөг, шимийн архи 7000 төгрөг, ингэний хоормог 15 мянган төгрөг, айраг 6500 төгрөгөөр худалдаалж байна.

 

 

Цагаан идээгээр зассан тавгийн идээ мөн хийц, хэлбэрээсээ хамаарч харилцан адилгүй байна. Хэнтий аймгийн Биндэр сумын “Сүүн Биндэр” үйлдвэр дөрвөн төрлөөр цагаан идээгээр зассан тавгийн идээ худалдаалж байна. “Буянтай идээ” 595 мянган төгрөг бөгөөд үүнд, саран хурууд 30 ширхэг, идээний орой гурван хос, жижиг ааруул хоёр килограмм багтах аж. “Жаргалтай идээ” 475 мянган төгрөг бөгөөд үүнд, саран хурууд 25 ширхэг, идээний орой гурван хос, жижиг ааруул нэг килограмм багтжээ. Дараагийн тавгийн идээ болох “Шинийн идээ” нь 325 мянган төгрөг бөгөөд хэвийн хурууд 60 ширхэг, идээний орой гурван хос, жижиг ааруул нэг килограмм багтана. Харин “Залуус идээ” нь 245 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд саран хурууд 12 ширхэг, идээний орой хоёр хос, жижиг ааруул нэг килограмм багтаж буй.

Иргэд цагаан идээний тасагт ирж хүссэн хэмжээ, хийцдээ тааруулж тавгийн идээ засах боломжтой аж. Цагаан идээгээр тавгийн идээ засахад 120 мянган төгрөгөөс эхэлнэ гэдгийг худалдагч хэлж байлаа.

Хэвийн боовны дундаж үнэ 2017-2019 онд томоохон худалдааны төвд 2300 төгрөг, 2020-2021 онд 3500 төгрөг байсан бол энэ онд 5000 төгрөг буюу өмнөх оныхтой харьцуулахад 30 хувиар өсжээ. Үнэ өссөн шалтгаан нь улаанбуудайны үр, бордоо, түлшний үнэ нэмэгдсэнтэй шууд холбоотой юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.96.243.211) 2023 оны 02 сарын 01

thag ue ee oilgoj naad thagaan sar bolvol tna zaaval ter toson guril ireh shaardlaga bna yadaj eruul mended muu ⁉️ thagaan sar heregtei yu eruul mend heregtei yu uurdiigu hundruulj yadag bna ⁉️ tegej tenegtej baisnaas bied eruul ger buleerei hamt hoololchood ur huuhed ee daguulj salhind garsan ulzii de ard tumen uursdiigu hairalj hund taalagdah gej amdarhaa boloosoi \n

2  |  0
иргэн(66.181.160.90) 2023 оны 02 сарын 01

энэ үнэтэй түлсэн гурилаар яадаг бнаа, дараа нь хүүхдүүд ер тоож идэхгүй хаях болдогшдээ

2  |  0
Top