Хөдөлмөрийн мөлжлөгийг тэвчих ёсгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 05

Монголын нийгэмд нэг муухай жишиг байна. Нягтлаад үзвэл энэ байдлыг хөдөлмөрийн мөлжлөг ч гэж ойлгож болохоор.

Асуудлуудыг ар, араас нь тоочиж үзье. Та бүхэн анх ажилд орохдоо туршилтын гэх хугацааг туулсан л байгаа байх. Энэ хугацаанд зарим аж ахуй нэгжүүд цалингүй ч явуулах тохиолдол бий. Цалинтай байлаа ч багахан хэмжээтэй. Үндсэн цалиндаа хүрэх гэж чамгүй хугацаанд зүтгэнэ. За энэ ч бас гайгүй. Хамгийн аймшигтай нь шинэхэн ажилтанд “юм” сургах нэрээр хамаг ажлаа овооолдог, аар саар зүйлд зардаг жишиг байдаг гэдэгтэй санал нийлэх л байх.

Нөгөө талаар хөдөлмөрийн гэрээний дагуу тогтсон хугацаандаа цалингаа тавьдаггүй аж ахуй нэгжүүд Монголоор нэг байна. Хөдөлмөрийн тухай хуулиар цалингаа хоног алдаж олгосон өдөр бүр дээр алданги тооцож, олгох тухай тов тодорхой заасан байдаг. Гэвч хууль дүрмийг дагадаг газар тун цөөхөн. Цалин, хөлсний үнэлэмж бага, болж л өгвөл хүний хөдөлмөрийг шулж амьдардаг компаниудын засаглал ч дорой, ирээдүй нь ч бүрхэг байдаг. Угаасаа хүний хөдөлмөрийг үнэлэх мэдлэггүй, мэдрэмжгүй удирдлагатай газар уруудан доройтох нь ч тодорхой. Болж л өгвөл бусдаар үнэгүй юм хийлгэчих гэсэн санаатай, өөрийн компанидаа байгаа ажилчдыг хувийн өмч шигээ санадаг, ажил олгогчийнхоо эрх үүргийг ялгадаггүй ялзарсан газар ажилд орсноос ороогүй нь хавьгүй дээр. Ажилчдынхаа цалингаас нийгмийн даатгал нэрээр суутгал бодож авчихаад өчнөөн олон сар, жилээр төлөөгүй явж байдаг аж ахуй нэгжийн энэ үйлдэл хулгай хийснээс ялгаагүй юм.

Хамгийн харамсалтай нь энэ бүхний эцэст цаг нар, хөлс хүчээ зориулж хөдөлмөрлөсөн ажилтан хохирч үлдэж байна. Иймээс цалингаа цагт нь өгдөггүй, нийгмийн даатгалынх нь шимтгэлийг суутгаж авсан хэрнээ татварт төлөөгүй аж ахуй нэгжүүдийг давраамааргүй байна. Хууль хяналтын байгууллагад хандаж, хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулах хэрэгтэй. Алийн болгон хөдлөмөрийн мөлжлөгийг хүлцэн тэвчиж, сэтгэл санаа, санхүүгээрээ хохирох ёстой гэж. Тийм биз дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БААТАРХҮҮ(173.208.133.106) 2023 оны 02 сарын 05

Монголын эдийн засаг их жижигхэн учираас ажилын байр хомс байдаг. Ажилын байруудыг харж байхад их өндөр шаардлага тавьчихсан мөртлөө цалин нь хариугүй бага байх юм. Тэгээд хийхгүй гэхээр өөр хаанаас, хэнээс мөнгө олж ахуйн хэрэглээгээ залгуулах вэ гэдэг асуудал байгаа юм. Ялангуяа Монголд өвлийн улиралд ажилд ороход тун хэцүү хомс. Тэрийг нь ажил олгогч нар далимдуулж бага цалин өгч хамаг юмаа хийлгэж хөдөлмөрийг нь мөлжиж байна. Хөдөлмөрийн гэрээ хийхэд дараа нь цалингийн маргаан үүсэхэд шүүхэд өгөөд мөнгөө олоод авчихна. Гэхдээ улсаас суутгадаг тэр НДШ, ХАОАТ нь арай л их байх юм.

0  |  0
би(64.119.21.206) 2023 оны 02 сарын 05

Хүнд олон жил маш бага цалин өгч элдэв гоё үгээр хууран ажиллуулж амьдрал ахуйг нь цаг хугацааны уртад замруулж байгаа аж ахуйн нэгжийн эзэн захирал нэртэй луйварчдыг маш хатуу шийтгэж хуулийн хатуу хариуцлага тооцдог баймаар байна. Ажилтан албан хаагчдадаа боломжийн цалин өгдө,г компанийхаа ашгаас жил болгон тодорхой хувь өгдөг хүмүүстээ маш ээлтэй ханддаг аж ахуйн нэгжийн захиралуудыг алдаршуулдаг дэмждэг байвал зүгээр байна. Хүн муутай шуналтай хүний хөдөлмөрийг үнэлдэггүй нэг ёсондоо хулгайч зантай захирал нэртэй адгийн шааруудыг шийтгээч.

1  |  0
Zochin(202.126.89.122) 2023 оны 02 сарын 05

Mash unen !! Iim luivarchid bii

1  |  0
Top