Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс улирал тутам уламжлал болгон зохион байгуулдаг “Дэмжих бүлгийн уулзалт” нэгдүгээр сарын 27-ны өдөр боллоо.
2017 оноос эхлэн тус төвд эмчлүүлж, мөч тайрагдах мэс засалд орсон үйлчлүүлэгчдэд зориулан сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх энэхүү уулзалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд жилээс жилд хамрах хүрээ нь өргөжин тэлж буй юм.
ГССҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн сэтгэлзүйч А.Пүрэвцэрэн мөч тайрагдах мэс засалд орсон үйлчлүүлэгчдийн гэмтлийн дараах стресс, сэтгэл зүйн талаарх судалгаа, шинжилгээнийхээ ажлын хүрээнд энэ төрлийн хүмүүстэй ажиллах, мэргэших, сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх зорилгоор энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.
2023 оны эхний улирлын "Дэмжих бүлгийн уулзалт"-аар ГССҮТ-д эмчлүүлж, мэс засалд орсон үйлчлүүлэгчдэд эрүүл мэнд болон нийгмийн харилцааны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, өдөр тутмын зан үйл, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талын зөвлөгөө, мэдээлэл бүхий сэтгэл заслын тусламж үйлчилгээг үзүүлж, санал сэтгэгдлээ чөлөөтэй солилцлоо.
Эмчүүлэгчдийнхээ бие махбодь болон сэтгэл зүйн эрүүл мэндэд санаа тавьж ажилладаг “Дэмжих бүлгийн уулзалт”-нд Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн их эмч Б.Мандухай, Сэргээн засах эмчилгээний тасгийн их эмч Г.Юмчмаа, хөдөлгөөн засалч Б.Шинэбилэг, хөдөлмөр засалч Т.Алтанзаяа нар хамтран оролцсон юм.
Сэтгэгдэл ( 0 )