Улсын асрамжинд байгаа ахмад настнуудад үзлэг, асаргаа сувилгаа хийлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 06

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнгөрөгч амралтын өдрүүдэд Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-д ажиллалаа.

ГССҮТ-ийн Сувилахуйн мэргэжлийн албанаас долоо дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааны хүрээнд тус төвийн 174 ахмад настанд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийж, сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлсэн юм.

Тухайлбал тус төвд асруулж буй хэвтрийн болон байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настнуудыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, бүтэн биеийн болон хэсэгчилсэн угаалга, холголт цооролтоос сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Түүнчлэн улсын асрамжинд буй ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна сэтгэлийн дэм өгөх зорилгоор ГССҮТ-ийн бүх тасаг, албадаас хандив цуглуулан дархлаа сэргээх аминдэм, хэрэгцээт эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зүйлсийг гарын бэлэг болгон хүргэсэн юм.

Ахмад настнуудынхаа эрүүл мэндэд анхаарч, нэгэн өдрийг хамтдаа хайр хүндлэл, баяр талархал дунд өнгөрүүлсэн уг арга хэмжээнд ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирлаар ахлуулсан 45 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон оролцлоо.

Эх сурвалж: ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top