ОЛОН ӨНГӨ: Зөвлөмжийг зүгээр л дага

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Жаргал, зовлонгоо нууж явах тухай нэгэн бичвэрийг олж уншлаа. Зөвлөмж гэхүү, зүгээр нэгэн бодрол гэхүү ямартай ч үүнийг бусадтайгаа хуваалцах хэрэгтэй санагдлаа. Тус бичвэрт “Хүн бүр өөр, өөрийн ачаагаа үүрдэг хорвоод би л их зовж байна гэж бүү эндүүр. Хэлэхгүй л болохоос биш бүгд л их бага өөр өөрийн зовлонтой. Таныг зовж явааг хараад тавлах хүн ч бий. Өрөвдөх хүн ч бий. Харц доогуур хүндхэн явах өдөр хүний амьдралд байдаг ч хүнд үеэ даваад мишээх өдөр бас бий. Тэвчээр хатуужил ухаан зааж даруу бөгөөд хөдөлмөрч яваа хүн амьдралын хүндийг туулж чадна.

Танд туслахгүй байсан ч бусдад бүү гомд. Жаргалаа ч бас далд байлга. Атаа жөтөө, янз бүрийн хэл аманд өртөөд жаргах ёстой цагаа эрх дураараа эдэлж чадахгүй болчих үе байх. Таны жаргалтай байгаа нь буруу юм шиг мэдрэмж өгдөг жаргалтай байхад чинь дургүй явдаг муу хүний хорон үгийн занаанд орох вий сэрэмжил. Тэгээд ч жаргал бол хүний нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болдог зүйл болохоор та хүртэх эрхтэйгээ л хүртсэн.

Таны ямар их зовж байж бүтээсэн амьдралыг мэдэхгүй хүн хараад "энэ яасан гэж ингэж жаргаж байгаа юм" гээд жаргал зүгээр л олдсон юм шиг хувааж эдлэх гэдэг. Хуруугаа ч хөдөлгөөгүй хүн жаргалаас чинь булаалдах нь үнэндээ шударга биш. Эсвэл "Чи жаргалаа тэр ядарсан хүнд өгөөч" гэж жаргаж яваа нь таны буруу юм шиг дарамтлах хүн байх. Гэтэл түүний ядарч яваад та буруугүй” хэмээжээ. Энгийн мэт боловч энэ бүхэн үнэхээр үнэн ажээ.

Хичээж босгосон амьдралыг чинь хэн нэгэн хөндлөнгөөс шүүх гэдэг байдал монголчуудын дунд маш их байдаг. Тэр тусмаа ах дүү, ураг садны дунд ийм яриа их гардаг. Монголын нийгэм, өнөө цагийн дорой байдлын л илрэл боловуу. Тиймээс та хэнээс ч хамааралгүй зовж, мөн хэнээс хамааралгүй жаргах ёстой. Тэр бүхэнд хөндлөнгөөс хүн оруулах хэрэггүй. Зовлон, жаргалаа дангаар нь даагаад явах шиг сайхан зүйл үгүй шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.80.211.207) 2023 оны 02 сарын 08

яг2

0  |  0
Top