ОЛОН ӨНГӨ: Буян үйлдэхийг оролддог өрөвдөлтэй зангаасаа татгалз

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 15

 

Аливаа юм тун нь хэтрэхээр л хэрэг бишиддэг гэдэг юутай үнэн. Тунгийн тухай ойлголт юм бүхэнд хамаатай шүү. Гэхдээ энэ удаад “Мөнгө хураалт” гэх сэдэвт хамааруулж үзье. Албан байгууллага, анги хамт олон, хамаатан садан, анд найзуудын хүрээнд төрөл бүрийн мөнгө хураалт явагддаг. Төрсөн өдөр, тэмдэглэлт баяр, өвчин зовлон, үхэл хагацал гээд юу эс тохиолдох билээ.

Тэр бүрд хандив хэлбэрээр, албан шаардлагаар тав, арван төгрөг цуглуулдаг. Мэдээж ийм зүйл байх. Гэхдээ “Юманд учир суманд гичир” гэдэг дээ. Зарим зүйл дээр хэтэрхий туйлшрах.  Тэр туйлшрал нь хэтдээ хэн нэгэнд санхүүгийн дарамт болох нь ч элбэг байна.

Та бод доо, буяны ажлын мөнгийг бага сургуулийн анги хамт олон дунд хураах тохиолдол хүртэл гарах боллоо.Тэрний өвөө, эмээ, ах дүү нь өөд болсон гэнэ, мөнгө хураая гэх жишиг нэгэнт тогтжээ. Нэг анги 30 хүүхэдтэй гэж тооцвол жилдээ хэдэн хүний ар гэрт үхэл хагацал тохиолдохыг хэлж мэдэхгүй. Тэр бүр тийм мэдээг сонсох нь хүнд хэр хэцүү байх билээ. Ингээд бодохоор асуудал тав, арван төгрөгтөө бус сэтгэлийн амар амгалантай амьдрахад хүртэл нөлөөлж байгаа юм.

Алив аз жаргал, үхэл хагацал хэнийг ч тойрохгүй. Таныг ч, намайг ч тэр. Тиймээс өөрийн зовлон жаргалаа бусдад бүү  тулга.

Зарим хүмүүс хэтэрхий сайн хүн болох гэж, эсвэл хэтэрхий сайхан сэтгэлтэйдээ тэр үү. Хаа байсан бага ангийнхнаас хүртэл хандив цуглуулж, бусдад буян хийх гэж оролдох нь үнэхээр өрөвдөлтэй. Хүсэж байгаа бол, хүний төлөө сэтгэл гаргамаар байгаа бол, өгмөөр байгаа бол өөрөө л түүнийгээ үйлд. Хатуу боловч үнэн үг шүү. Хэн нэгнээс, хэсэг бүлэг хүнээс хандив мөнгө тэдийг өг хэмээн шаардаж, хүнд тус дэм хүргэнэ гэж угаасаа юу байх билээ.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top